-Аймгийн ИТХ-ын 41 суудлын төлөө 103 нэр дэвшигч өрсөлдөж байна-
Ө.СОНОР

Завхан аймаг нийслэлээс 1000 километр алслагдсан. Гэвч тэнд орон нутгийн сонгууль угтсан, нийслэлээс удирдлагтай улс төр ид өрнөж байна. Завханы орон нутгийн сонгуулиар 24 суманд 1074 хүн нэр дэвшиж байгаа бол аймгийн төвийн ИТХ-д 41 суудлын төлөө 103 нэр дэвшигч өрсөлдөж байгаа ажээ. Таван нам, нэг бие даагч гэсэн нийт 103 хүн аймгийн ИТХ-д өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлсэн байна. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар энд АН-ынхан ялалт байгуулж ИТХ-ыг тэргүүлж буй юм. Гэхдээ Завхан өмнө нь олон жил “улаан” аймаг байсан. Одооноос хүчтэй “цэнхэртэж” буй ажээ.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН-аас Завхан аймгийн төвийн ИТХ-д 40, АН-аас 41 хүн нэр дэвшүүлжээ. Харин МАХН-аас долоон нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон байна. АН-ын жагсаалтыг тус аймгийн намын хорооны дарга, “Магнай трейд” компанийн гүйцэтгэх захирал Б.Шинэбаатар тэргүүлж буй бол, МАН-ынхныг аймгийн МАН-ын дарга Ж.Жамъянтив эхлүүлж буй ажээ. Харин МАХН-аас намын жагсаалтаар гурав, тойрогт дөрвөн хүнийг дэвшүүлсэн аж. Жагсаалтын эхэнд аймгийн Мянгатын дэд дарга С.Дэмчигсүрэн бичигдэж, Нөмрөг, Цагаанхайрхан, Улиастай, Яруу сумдаас нэг, нэг хүн ИТХ-д тойрогт нэр дэвшжээ.
Тус аймгийн ИТХ-д нэр дэвшигчид өнөөдөр Тойргийн хорооноосоо үнэмлэхээ авч сурталчилгаагаа эхлэхээр болсон байна. Аймагт одоо өрнөж буй яриагаар бол АН-ынхны PR нэлээд хүчээ авчээ. Я.Санжмятав аймгийг хэдэн жил даргалахдаа ардчиллынхныг дэмжүүлэхийн тулд багагүй зүйл амжуулсан тухай сөрөг намынхан нь ярьдаг юм билээ. Тэрээр УИХ-д нэр дэвшихээр ажлаа өөрийн орлогч С.Дэмчигсүрэнд шилжүүлсэн тул өнөөг хүртэл Я.Санжмятавын оролцоо Завханд илэрхий байдаг гэнэ. Тиймээс ч АН-ынхнаас бусад намын гишүүдийг юм л бол нэрийг нь татна, шүүх цагдаад хандана гэж айлгадаг тухай хов дуулдаж буй юм. Харин аймгийн намын дарга Б.Шинэбаатарт “Сонгууль болохоор л гарч ирдэг хүн” хэмээх тодорхойлолтыг намынхан нь өгдөг юм билээ.
Тойргийн хорооны гишүүд намын харьяалалгүй боловч АН-аас төрийн албанд томилогдсон хүмүүс олонхи болж байгаа учраас хүч тэнцвэргүй байна гэх гомдлыг МАН-ын гишүүд гаргажээ. Мөн гадны төсөл хөтөлбөрүүдээр дамжсан амьжиргааны төвшин доогуур иргэдэд олгох түлшний мод, хүнсний бүтээгдэхүүнүүдийг PR-даа ашигласан гэж хардаж байгаа аж. Харин Тойргийн хорооныхон нь малчид өвөлжөө, бууцаа бараадаж эхэлсэн тул ирц хүрэхгүй байх магадлал өндөр боллоо хэмээн санаа зовж суугаа гэнэ.