- Монголд 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүртгэгджээ –
Д.БОЛОРМАА

“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс дэлхийн орнуудаас 100 дугаар байранд жагсаж байна. Сэтгүүлчдэд эрүүгийн хариуцлага тооцдог, эх сурвалжаа хэлэхийг шаардах, дарамтлах зэргээс үүдэж ийн сүүл мушгиж буй хэрэг. Сэтгүүлч гэдэг онцгой мэргэжил. Бусдад үнэн бодит мэдээлэл түгээх, ард түмэн төр хоорондын гүүр буюу дамжуулагчийн үүрэг гүйцэтгэх онцгой үүрэгтэй залуус. Гэвч энэ үүргээ биелүүлснийхээ төлөө буруутан болох тохиолдол гарах болсон энэ цаг үед Эрүүгийн хууль дахь гүтгэх, доромжлох заалтыг авч хаясан нэгэн шинэ хуулийн төсөл яригдаж буй. Энэ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас сэтгүүлчдийн дунд зохион байгууллаа. Галын фронтод ажиллах сэтгүүлчид хуулийн төсөлд юуг нэмэхийг хүсэв, ямар санал дүгнэлттэй байгааг асууж тодруулсан нь энэ. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Г.Уянга болон Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нарын төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр өрнөсөн яриа нь үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэхгүй болсонд талархалтай хандаж буйгаа илэрхийлсэн ч хуулийн төсөл зарим талаар учир дутагдалтай байгааг хуралд оролцогчид онцолж байв. Тухайлбал, хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн хараат бие даасан, хараат бус байдлыг хуульчилж өгсөн ч бодит байдалд хэрэгжих боломжгүйг хэлж байсан. Өөрөөр хэлбэл, эрэн сурвалжилсан нийтлэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, хувь эзэмшигчдийн ашиг сонирхолтой зөрчилдсөн л бол нийтлэхгүй нь ойлгомжтой гэдгийг тэд онцолсон. Хэрэв редакцийн хараат бус байна гэж үзэж байгаа юм бол сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдахгүй байхыг давхар сануулах ёстой гэнэ. Мөн сэтгүүлчийн цалин хангалтгүйгээс болж захиалгат нийтлэл бичих, аль нэг нам, улс төрчийн “хүүхэлдэй” болж байгааг хатуу шүүмжилсэн. Үүнээс гарах оновчтой арга нь Үйлдвэрчний эвлэл байгуулах тухай санал байлаа. Гэвч хуулийн төсөлдөө үйлдвэрчний эвлэл байгуулах тухай тусгаагүй нь хуралд оролцогчдын шүүмжлэлийг дагуулж байсан. Хэвлэлийн зөвлөл буюу ёс зүй, хариуцлагатай холбоотой асуудлыг шийдэх консул, мэргэжлийн холбоод, сэтгүүлчдийн нийгмийн баталгааг хангах үйлдвэрчний эвлэлийг хуульд тусгайлан тусгахыг хүсэгчид олон байлаа. Одоогийн байдлаар манай улсад 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг юм байна. Хурлыг нээж А.Бакей гишүүн “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол хүн бүрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчилсан нийгмийн үнэт зүйл. Ерөнхийлөгчийн өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл УИХ-д хэлэлцүүлэх шатанд явж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний салбарт сэтгүүлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох сэтгүүлчдэд дарамт шахалт үзүүлэх, сүрдүүлэх нөгөө талаар хэвлэл мэдээллмйн байгууллага нь улс төрийн хүчнээс хараат байгааг нуух арга алга. Тодруулбал, тодорхой нам, улс төрчийн захиалгаар нийтлэл, нэвтрүүлэг хийж хараат бус байдлаа алдаж байна. Түүнчлэн үндэсний аюулгүй байдал, хувь хүний нууцад халдсан мэдээ, нийтлэл бичихэд хязгаар хэрэгтэй” гэсэн юм. Түүний дараа редакцийн хараат бус байдлын талаар Хэвлэлийн хүрээлэнгийн багш Ц.Чимиддондог, сэтгүүлчийн хараат бус байдлын талаар “Ардын эрх” сонины тоймч Д.Оюунцэцэг, сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлага, ёс зүйн талаар Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар илтгэл тавьсан.
МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН 99 ХУВЬ НЬ НАМЫН ХАРЬЯАНД БИЙ
Ц.Чимиддондог “Хэвлэлийн хүрээлэнгээс нэгэн судалгаа хийсэн юм. Энэ нь редакцийн хараат бус байдалд хэн нөлөөлж байна вэ гэж. Судалгаагаар төлбөртэй нийтлэл өгдөг байгууллага редакцийг хараат бус байдалд оруулдаг. Дээрээс нь эзэд өөрсдийн эрх ашгийг өмнөө тавьдаг, хэвлэл мэдээллийн хэрэгслийн 99 хувь нь улс төрчдийн эзэмшилд байдаг тухай судалгаанд оролцогчид хэлсэн байдаг. Энэ нь редакцийн хараат бус байдал бүрэн утгаараа алдагдсан гэдгийг харуулах байх” хэмээн онцлов.
ХУРАЛД СУУСНЫХАА ТӨЛӨӨ ГЭРЧ БОЛОХ ЁСТОЙ ГЭЖ ҮҮ?
Д.Оюунцэцэг “Сэтгүүлчид санхүү, эздийн зүгээс хараат байгаа нь нууц биш. Эздийн зүгээс хараат байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрт харилцан адилгүй. Сэтгүүлчийн хараат бус байдал өнөөдөр алдагдсан. Бичсэн мэдээ, нийтлэл бүрийнхээ төлөө цензурт өртөх тохиолдол бий. Тухайлбал, хоёр жилийн өмнө АТГ-ын дарга Ч.Сангарагчаа хэвлэлийн бага хурал хийсэн байдаг. Гэтэл АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс хэвлэлийн бага хуралд оролцсон бүх сэтгүүлчийг зуны туршид мэдүүлэг өгөхийг шаардсан. Хэвлэлийн бага хуралд суусны төлөө шүү дээ. Тэр нь ямар утгатай гэхээр Ч.Сангарагчаа дарга мэдээлэл өгөхдөө хэд хэдэн улс төрчийг нэр дурьдсантай холбоотой. Гэхдээ сэтгүүлчид Ч.Сангарагчаа даргыг хэн нэгэн улс төрчийг нэрлэ гэж шаардаагүй. Зөвхөн түүний хэлсэн нэрийг нийтэлсний төлөө тэмдэглэлийн дэвтрээ хураалгах, мэдүүлэг өгөх шалтгаан болж байгаа юм. Дээрээс нь Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцруулах тухай хурал болсон талаар мэдээ бичсэнийхээ төлөө дарамтад орох жишээтэй. “Орон нутгийн сонгууль болж байхад яагаад энэ мэдээг бичсэн юм, түүнийгээ цахим хаягаасаа ав” гэхчилэн дарамт үзүүлсэн нь нууц биш. Энэ утгаараа сэтгүүлчийн хараат бус байдалд улс төрчид, бизнесийн салбарынхан халдаж байна” гэв.
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Б.Галаарид “Сэтгүүлчийн мэргэжлийн хариуцлагыг дээшлүүлэхийн тулд мэргэжлийн холбоод байгуулах шаардлага байна. Үүнд төр оролцох ёсгүй. Дээрээс нь улс төрийн нам хүчин, улс төрчдөөс санхүүгийн хараат байдалд орохгүйн тулд Үйлдвэрчний эвлэл ус, агаар шиг хэрэгтэй байна” хэмээн онцоллоо.
“ГҮТГЭХ ГЭСЭН ЗААЛТАА ТАЙЛБАРЛААЧ”
“Нийслэл таймс” сонины сэтгүүлч Х.Баттөгс “Хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын эсрэг мэдээ бичвэл хариуцлага тооцох тухай оруулсан байна. Тэгвэл үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах хэдэн мянган боловсон хүчин байхад сэтгүүлч олсон мэдээллээ нийтэлснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж. Харин сэтгүүлч биш мэдээллээ алдсан тусгай албаныхандаа хариуцлага тооцох ёстой юм биш үү. Тэмээн дээр ямааны гарц гэдэг шиг сэтгүүлчийг л дахин дарамтлах нэг хэлбэр байна. Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд гүтгэх гэсэн заалтыг Улсын дээд шүүх яагаад тайлбарладаггүй юм бэ. Нэр төр гэж юуг хэлээд байгаа юм. Нэр төр гутаагдсан гэж үзвэл хохирогч гэх тэр нөхөр өмнө нь ямар алдар хүндтэй байсныг ямар байдлаар тогтоогоод байгаа юм. Энэ мэтчилэн ойлгомжгүй олон зүйл байна. Гэхдээ сэтгүүлчийг шийтгэдэг хуулийн төсөл санаачилсанд талархалтай хандаж байна” гэв.
СЭТГҮҮЛЧИЙН ЦАЛИНГ ХУУЛИАР ТОГТООХ ЁСТОЙ
н.Оюунцэцэг “Би хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажиллаж байсан. Ингэхдээ энгийн сэтгүүлчээс эрхлэгч болтлоо дэвшин ажиллалаа. Одоо бол өөр салбарт ажиллаж байна. Миний санаа зовоодог гол зүйл бол сэтгүүлчийн цалин юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн өдөр, шөнөгүй ажиллах ч цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй. Ердөө хоол, унааны зардалд таардаг. Миний сэтгүүлч байсан үе бол эдийн засгийн доройтолтой байсан цаг хугацаа байлаа. Энэ утгаараа сэтгүүлчийн цалинг зайлшгүй нэмэх хэрэгтэй байна. Үйлдвэрчний эвлэл байгуулаад цалин нэмэгдэнэ гэж бодохгүй байна. Харин үүний оронд хуулиндаа сэтгүүлчийн цалингийн доод хэмжээг тогтоож өгөх ёстой” гэсэн юм.