Ч.ЗОТОЛ

 Бурхан багш тэнгэрээс заларсан Лхалаа Вавын дүйчэн өдрийг угтан хурал номын ажлаар төрсөн  ну­таг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумыг зо­ри­лоо. Энэ өдрийн  зурлага, хурал номын утгыг цорж лам Г.Диваасамбуугаас тодруулахад товчхондоо эхийн ачийг санаж буян үйлдэх өдөр хэмээн онцлов. 

Намрын адаг сарын шинийн 22 буюу аргын тооллын  арваннэгдүгээр сарын 6-нд Бурхан багш тэнгэрээс заларсан Лхалаа Вавын дүйчэн өдөр тохиодог. Энэ өдөр хүн бол­гон эхийн ачийг санан хариулах буян үйлдэх ёс­той. Учир нь  Бурхан багш ээжийгээ нас нөхчихөд  манай гаригаас гурван үе дээш орших Төгсбаяс­галант Гандангийн буюу 33 тэнгэрийн оронд заларч 49 хоног хойтын буяныг үйлдэж “Хайлан”  хэмээх хурал, бясалгалыг гүйцээн эх нутагтаа бууж ирсэн. Тэгснээрээ оюуны гай­хам­шиг дор биеэрээ  орон зайг туулж болдогийг илт харуулсан хэмээн бурхны номд өгүүлсэн байдаг. Бурхан багш ийнхүү өөрийн биеэр  үзэж, туулс­ны эцэст амьтан болгоныг энэрч эх болсон зургаан зүйлд хуваан сургааль ном­лолоо айлдсан гэнэ. Тиимээс хүн болгон энэ­рэн нигүүсч, бусдыг хайр­ла­даг болох хэрэгтэй.  Бид­­ний зорьж, мөн олон лам, ардуудтай нийлж унш­лага буян хийж байгаа явдал нь бусад хүн, амь­танд тустай өгөөжтэй үйл юм. Бусад бүх хийд орон ч энэ зан үйлийг сайн гүй­цэт­гэх учиртай хэмээн сургажээ. 

Түүх сөхвөл, Сүхбаа­тар аймгийн Эрдэнэца­гаан сумын нутаг дахь Егүзэр хутагтын хийд,  Хуучид хамбын хүрээнд  намын адаг сарын ши­нийн 22 буюу аргын тоол­лын арваннэгдүгээр са­рын 6-нд  Санжид монлом Ерөөлийн хаан номыг  до­лоон  өдөр,  шөнө уншиж хурдаг байжээ. Энэхүү  уламлжлалыг Гандантэг­чин­лэн хийдийн цорж лам Г.Диваасамбуу, хүү Д.Тай­­ван­сайханы хамт  сэр­­гээгээд хэдэн жил болж байна. Тус  ном нь  360 маг­таал багтсан Гаан­жуурын таван бүлгийн нэгний ху­раангуй учраас асар их адис­тэд жанлавтай хэ­мээн бурхны номд үздэг юм байна.