М.ГАН

 УИХ-аар Нидерланд, Люксембург, Кувейт, Эмирт улстай байгуулсан давхар татварын гэрээг цуцалсан. Энэ талаар эдийн засагч Б.Батжаргалтай ярилцлаа.

-Та Сангийн яамны Төсвийн бодлогын газрын даргаар ажиллаж  байхдаа гэрээг цуцлах асуудлыг хариуцаж байсан. УИХ-аар эдгээр дөрвөн гэрээг цуцалсантай холбогдуулан  санал бодлоо хуваалцахгүй юу?

-Монгол Улс хөгжлийн шинэ шатанд гарахын өмнө зайлшгүй засч залруулах ёстой томоохон арга хэмжээний эхний хэсэг нь ажил хэрэг болж байгаад сэтгэл хангалуун байна. Хэрэв эдгээр  гэрээг цуцлаагүй бол Монгол Улс жил бүр 1 -2 их наяд төгрөгийн татвараа цуглуулж авч чадахгүйд хүрэх байсан бөгөөд ирэх жилүүдэд энэ хэмжээ хэдэн арав дахин өсөхөөр байсан. Тусгаар улсын хувьд авах ёстой татвараа өмнө байгуулсан гэрээний улмаас цуглуулж авч чадахгүй байгаа нь орлого алдахаас гадна олон улсад Монголын нэр хүнд, үнэлэмж буурах зэрэг олон урхагтай асуудал дагуулсаар ирсэн юм.

-Яагаад ийм алдагдал­тай гэрээг манай Засгийн газраас байгуулсан юм бэ.Эдгээрийг байгуулж байх үед ОУВС зэрэг байгууллагаас зөвлөгөө авч байсан уу?

-Монгол Улсаас Ку­вейт улстай 1998 онд, Люксембургийн вант улс­тай 2001 онд, Нидер­ландын Вант улстай 2002 онд,  Арабын Нэгдсэн Эмирт улстай 2003 онд давхар татварын гэрээ байгуулсан. Эдгээр нь одоогоос 10 гаруй  жилийн өмнө буюу Монгол Улс гадаад харилцаагаа сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгаа хөгжүүлэхийг чухалчилж байсан үед хийсэн. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр айлын талаас давхар татварын гэрээ зурах санал тавьдаг байсан бөгөөд бид гэрээ хэлцэл байгуулах туршлага муутай, үр дагаврын талаар сайтар ойлголтгүй байсантай холбоотой болов уу. Миний санахад 1998-2003 онд Монгол Улс эдийн засаг нийгмийн шинжтэй олон шинэчлэ­лүүдийг авч хэрэгжүүлж түүнд ОУВС-гийн зүгээс бодлогын зөвлөмж, дэмжлэгийг үзүүлж ирсэн боловч тухайлан манай улсаас гадаад улстай бай­гуулсан болон байгуулах давхар татварын асуудлаар зөвлөгөө, зөвлөмж авч байгаагүй. Тухайн жилүүдэд Монгол Улсыг гадаад, дотоод орчин огт өөр байсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт өнөөтэй адил ихээр орж ирдэггүй байсан учраас эдгээр гэрээний учир холбогдол, үр дагавар нь төдийлөн сайн мэдрэгддэггүй байсан болов уу.

-Монгол Улсаас хамгийн сүүлд хэзээ, ямар улстай давхар татварын гэрээ байгуулсан бэ. Одоо манай улстай давхар татварын гэрээ байгуулья гэж хүсэлт тавьсан орон байдаг уу?

-Хамгийн сүүлд Австри болон Сингапур улстай 2005 онд байгуулсан байдаг.Энэ үеэс хойш Монгол Улс гадаад улстай давхар татварын гэрээ шинээр зураагүй бөгөөд миний мэдэхээр 10 гаруй улс түүн дотор Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд давхар татварын гэрээ байгуулах хүсэлтээ дипломат шугамаар манай талд тавьсан. Эдгээрийн дотроос зөвхөн Япон улстай байгуулах давхар татварын гэрээний хэлэлцээний өмнөх шатны уулзалтыг нийт гурван удаа хийсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй юм. Үнэнийг хэлэхэд манай улсад давхар татварын чиглэ­лээр мэргэшсэн боловсон хүчин гэвэл тоотой 2- 3 хүн л байгаа нь хэтэрхий цөөхөн юм. Бусад улс оронд олон улсын татва­рын асуудал хариуцсан тусгай мэргэшсэн алба ажиллаж улс орныхоо татварын бааз суурийг хамгаалах, татвараа бүрэн цуглуулах ажлыг хийдэг байхад манай улсад энэ асуудал хавсарга төдий үнэлэгд­сээр өдий хүрсэн нь үнэн юм.

Гадаадын хөрөнгө оруулалт асар хурдтай нэмэгдэж байгаа энэ орчинд Монгол Улс олон улсын татварын чиглэлээр тусгай алба байгуулах, түүний боловсон хүчний асуудал дээр онцгой анхаарал хандуулахгүй бол гадны хөрөнгө оруу­лагчидтай хэдий сайн гэ­рээ байгуулаад ч нэмэр­гүй байх магадлалтай юм. Гадаад талтай байгуулах аливаа санхүү хөрөнгө оруулалтын гэрээг олон улсын хэм хэмжээнд ойл­гож, хэрэгжүүлэх, хянах мэргэжлийн өндөр чад­вартай боловсон хүчин бүхий алба байгуулах бодит шаардлага байгаа гэж үздэг.

-Гадаадын хөрөнгө оруулагчдаас авах ёстой татвараа бүрэн цуглуулж авч чадахгүйд хүрэх вий гэдэг болгоомжлол танд байна гэж ойлголоо?

-Ер нь аль ч нийгмийн байгууллын үед төрийн хүч чадал нь татвараа цуглуулах чадамжаар хэмжигдсээр ирсэн. Хэрэв тухайн төр татвараа бүрэн цуглуулж чадвараа аажмаар алдаж эхэлвэл тухайн төрт улсын аюулгүй байдал нь аажимдаа хэврэгших болно. Аль ч төрийн оршин тогтнохын үндэс нь татвар байдаг бөгөөд тогтоосон татвараа бүрэн цуглуулах нь түүний баталгаа нь болдог. Ийм ч учраас Монгол Улсаас гадаадын 30 гаруй улстай байгуулсан давхар татварын гэрээг судлан үзэж цогцоор нь шинэчлэх ажлыг 2009 оны сүүлээс эхлүүлсэн юм. Сая цуцалсан дөрвөн гэрээний дараа Монгол Улсаас гадаад улстай байгуулах давхар татварын гэрээний загварыг боловсруулан батлуулах, дээрх дөрвөн орон хэрэв гэрээг дахин шинээр байгуулах хүсэлт гаргавал хэлэлцээг эхлүүлэх, Сингапур болон Швейцарь улстай бай­гуул­сан гэрээ, тэдгээрийн хавсралт протоколд өөрчлөлт оруулах замаар Монгол Улс зарим татвараа авах боломжийг бүрдүүлэх зэргээр нэлээд олон ажил хийх ёстой болно. Эдгээр ажлыг хийх хүн хүч, нөөц бололцоо дутмаг байгааг анхаарна байхаа гэж найдаж байна.

-Дээрх дөрвөн  улстай байгуулсан гэрээг цуцал­сан хууль хэзээнээс хэ­рэгжиж эхлэх вэ гэсэн асуултыг хөрөнгө оруулаг­чид ихээхэн сонирхож асууж байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Энэ бол зүй ёсны асуулт юм. Монгол Улсын Их Хурлаас баталсан хууль бол батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхлэх боловч тэдгээр улстай байгуулсан давхар татварын гэрээндээ уг гэрээг цуцлахтай холбоо­той харилцааг бас давхар зохицуулах заалтууд орсонтой холбоотойгоор хөрөнгө оруулагчид тодруулж асууж байгаа болов уу. Жишээ болгоод Нидерланд улсыг авч үзье. Монгол Улсаас Нидерлан­дын вант улстай байгуулсан гэрээний 30 дугаар зүйлд “Хүчин төгөлдөр болсноос хойш таван  жилийн дараагаас эхлэн хуанлийн жил дуусахаас зургаан сарын өмнө цуцлах тухайгаа дипломат шугамаар мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдсэний дараагийн хуанлийн жилийн эхнээс ийнхүү цуцалсан нь мөрдөгдөж эхэлнэ” гэж заасан байгаа юм. Үүнтэй холбоотойгоор манай талаас энэ оны зургадугаар сарын 4-ний албан бичгээр дээрх дөрвөн улсын холбогдох байгууллагуудад дипломат шугамаар гэрээг цуцлах талаар мэдэгдсэн болно. Иймд Нидерландын Вант улстай байгуулсан давхар татварын гэрээний үйлчлэл 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, энэ өдрөөс эхлэн Нидерландын Вант улсын хөрөнгө оруулалттай Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн Монголд олсон бизнесийн ногдол ашгийн орлого болон аливаа хүүгийн төлбөрийг гадаадад шилжүүлэхэд манай улс 20 хувийн татвар ногдуулж эхэлнэ.

-Нидерландын Вант улсаас Монгол улсад хөрөнгө оруулсан томоохон ямар аж ахуйн нэгжүүд байдаг юм бэ?

-Аливаа компани, бизнесийн байгууллагын гол зорилго нь өөрсдийн хүртэх ашиг, орлогоо нэмэгдүүлэх явдал учраас хууль тогтоомжийн хү­рээнд боломжит хамгийн бага татвар төлөхийг ямагт зорьдог. Тийм ч учраас, томоохон үндэстэн дам­насан компаниуд татва­рын мэргэшсэн зөвлөх, татварын хуульч нарыг өндөр цалин амлан ажил­луулж, дотоодын хууль тогтоомж болон тухайн улсаас бусад улстай байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээрийг на­рийвч­лан судалж, тэдгээрийн хүрээнд яаж хамгийн бага татвар төлж болох гарц, хувилбарыг хайж, олж, ашиглаж байдаг.Манай улсад үйл ажиллагаа явуулж буй зарим гадны хөрөнгө оруулалттай компаниуд ялангуяа уул уурхайн сал­барт ажилладаг компаниу­дын толгой компани Нидерланд, Люксембург зэрэг улсуудад бүртгэлтэй байдаг. Энэ нь бизнесийн олон учир шалтгаантай байж болох хэдий ч эдгээр улсуудтай байгуулсан давхар татварын гэрээний зарим заалтыг ашиглах зорилгоор дээр хэлсэнч­лэн “Голланд сэндвич” компани байгуулж, татва­раас зайлсхийж байна гэж үзэж болох юм. Гадаадын хөрөнгө оруулалтын газ­раас авсан судал­гаагаар Монгол Улсад Нидер­лан­дын вант улсаас хөрөнгө оруулалттай компанийн тоо 168 байгаа бөгөөд эд­гээрээс манай Татварын ерөнхий газрын мэ­дээллийн баазад дөнгөж 37 компанийн бүртгэл байна.  Ази, Европын олон компа­нийн олонхи нь Нидер­ландад компани байгуул­санаар манай улсаас Ни­дер­ланд улстай байгуул­сан давхар татварын гэрээг ашиглан Монгол улсад төлөх татвараас зайлсхийж байсан болохыг харж болно.