Б.ОНОН
У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзав. Шатахууны үнээ нэмэх тухай “НИК”-ийн мэдэгдлийг эс тооцвол, У.Хүрэлсүхийн хийх гэж буй энэ үйлдэл өнгөрсөн долоо хоногийн сенсааци байлаа.
Баасан гаригийн үдээс хойш УИХ-ын дарга З.Энхболдод энэ хүсэлтээ албан ёсоор өргөн мэдүүлсэн байна. Өнөөдөр УИХ дахь намын гишүүд нь энэ талаар хэлэлцэх аж. Албан ёсны иймэрхүү процедурын арга хэмжээ байгаа боловч У.Хүрэлсүх эрхэм гишүүний сэнтийгээ өгөх нь тодорхой, түүний оронд намын нарийн бичгийн дарга, жагсаалтын 10 дугаарт нэр нь бичигдсэн Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн болж дэвших нь ойлгомжтой болов.
У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүний тангараг өргөж байх үед “...Хариуцлага хүлээх ёстой хүн ингээд дэвшиж байгаа нь зохисгүй үйлдэл...” гэсэн үзэл намынх нь дунд, доод шатнынхан хийгээд удирдлагад байсан зарим хүнээс ч гарч байв.
Олон нийт ч ингэж үзэж байлаа. Өөрөөр хэлбэл, МАН-ыг ялагдалд хүргэсэн түүнийг УИХ-д байх ёсгүй хүн гэцгээж байсан.
Харин У.Хүрэлсүхийн гэнэтийн энэ шийдвэрийн ард чухам юу нуугдаж байна вэ? Улс төрийн хүрээнийхэн, бас олон нийт таамаглаж ядаж байна.
УИХ-ын даргад гаргасан хүсэлтдээ “... Ар гэрийн гачигдлын шалтгаанаар...” гэж шалтагласан гэнэ. УИХ-ын тухай хуультай энэ нь нийцэж буй. Гэвч энэ зөвхөн цаасан дээрх шалтгаан. Харин бодит шалтгаан нь үүнээс өөр гэдгийг олон эх сурвалж хэлж байна.
Өнөөдөр МАН даарин дээр давс асгасан шиг болоод байгаа. С.Батболд, У.Хүрэлсүх нар намын аппаратаас гарснаас хойшхи шинэ бүрэлдэхүүн нь сул, улс төрийн ийм нөхцөлд зохицоод, эсвэл сөрөөд ажиллах чадамжгүй харагдаж байгаа нь нууц биш.
Ялагдсан намын PR, улс төрийг нь хийгээд, удирдаад гаргаад ирэх лидер өнгөрсөн зунаас хойш олдсонгүй. 90 жилийн түүхтэй хэмээн ханхайдаг ч ядрах цагтаа тулаад босчих таяггүй нь өнгөрсөн саруудад харагдав.
Яг өнөөдрийнхөөр энэ намын лидер гэж хэлэгддэг Санжийн Баяр Америк руу зугтаад алга болсон. Хааяа Монголд ирсэн нь дуулддаг ч намын ажилдаа оролцсон нь үгүй. Тэр хүсвэл, “Надад намын даргын ажлыг өг, бас ...” гээд суучих л эр. Монголд ирж болохгүй, амьдарч болохгүй, цаашилбал улс төрд оролцож болохгүй шалтгаан Санжийн Баярт байна. Тиймээс МАН цаашид энэ эрхэмгүйгээр босвол босч, сөхөрвөл сөхрөх болно гэсэн үг.
Нэгэн цагт намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхболд гэх эрхэм энэ намд бий. М.Энхболд С.Баярт хамаг байдгаа алдсанаас хойш нам гүмхэн амьдрах болсон. Нам нь засгийн эрх барин сагаж байх үед ч, сонгуульд нам тавиулан алийгаа алдаж байхад ч М.Энхболд ямар нэг байдлаар тэргүүн эгнээнд байхыг урьтал болгосонгүй. Сонсох нээ, том бага янз бүрийн л шалтгаан байдаг бололтой юм.
МАН-ын энэ цагийн лидерүүдийн нэр ингэсхийгээд л дуусч байна. Харин лидер болохыг мөрөөдсөн залуус цөөнгүй бий. Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр гээд боломж гарвал даргын суудал руу үсэрчих санаатай нөхөд Орон нутгийн сонгуулийн дүнг ажиглан суугаа гэх. Нам нь энэ янзаараа байвал дээрх нөхдийн мөрөөдөл биелэхгүй гэх газаргүй.
Юутай ч МАН өнөөдөр иймэрхүү л байдалтай болж. Энэ үед нь У.Хүрэлсүх гишүүнээс татгалзаад нам дээрээ очих гэж байгаа ажээ. 1990-ээд оны дунд үед нам нь цөөнх болж, сөрөг хүчний байр сууриас улс төр хийсээр ялалтад хүрэх үед У.Хүрэлсүх залуучуудын байгууллагыг толгойлж байв. Энэ утгаараа ялалтад хүрэхэд яаж улстөр хийдгийг гадарлах хүн гэх.
У.Хүрэлсүх өөрийгөө намын удирдлагаар очвол МАН-ын доройтолд цэг тавина гэж бодсон бололтой. Эх сурвалжийн хэлж буйгаар тэр Орон нутгийн сонгуулийн дундуур МАН-ын даргын албыг авах гэнэ. Ө.Энхтүвшинг мөргөнө гэсэн үг. Г.Занданшатарыгаа хэвээр үлдээж, намын аппаратдаа нэлээд өөрчлөлтийг хийх аж.
Харин тэр намын удирдлагыг авахдаа юу гэж мэдэгдэл хийх нь сонин. Сонгуулийн өмнөх шиг “Хариуцлага хүлээнэ...” гээд цовоо гэгч нь дуугарч чадахгүй л болов уу.
Гэхдээ УИХ-ын гишүүний сэнтийгээс бууснаа хөзрийн тамга болгож ашиглах нь тодорхой. Тэрээр, хариуцлагаа хүлээгээд гишүүнээс татгалзчихаад ирлээ. Хүлээн авна уу гэх байх. Тэгэхээр намынхан нь өрөвдөнө. “Хөөрхий минь, тэр том албанаас буугаад өөрийгөө золиослон барин гүйгээд ирлээ. Ерөөсөө У.Хүрэлсүх л энэ намын төлөө хамгаа зориулах юм гэцгээнэ” гэсэн У.Хүрэлсүхийн өрөвдүүлэх PR яваад байгаа юм. Улс төр, ёс суртахуун гэдэг хоёр ойлголт тээр хол байх ёстой гэдэг нь Дундад зууны үед анх танигдсан философийн практик нь энэ.
Орон нутгийн сонгууль болдгоороо л болно. У.Хүрэлсүх нам дээрээ очлоо гээд сонгогчид эргэчих нь юу л бол. Угаасаа У.Хүрэлсүхийн зорилго Орон нутгийн сонгууль биш.
Тэр 2013 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг харж эрхэм гишүүний үүрэг, эрхээс татгалзсан гэх. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд л УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзсан ажээ. Нам нь нэр дэвшигчээ тонгорчихдог 2009 оныг тэр хамгийн сайн мэднэ. Тэр утгаараа намын удирдлагыг өөрийнхөөрөө бүрдүүлэхээр очиж байна гэж харж болох аж.
У.Хүрэлсүх хэрэв Ерөнхийлөгчид нэр дэвшвэл нэг л хүнд маш халгаатай. Тэр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Үнэхээрийн У.Хүрэлсүх МАН-аас нэр дэвшвэл Ц.Элбэгдоржийн хувьд тийм ч зөөлөн хоол биш гэсэн үг. Нэг нь тамга барьж байгаагаас бус адилхан ардаа намтай, дэмжигчидтэй хоёр эрхэм өрсөлдөнө гэсэн үг. Шүүхийг гардан удирддаг, гадаад томилолт нь хэрээс хэтэрлээ гэх олны шүүмжлэлд өртөөд байгаа нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Ц.Элбэгдоржийн онооноос зулгаагаад байгаа. Харин МАН-ыг унагасан ч УИХ-ын гишүүнээс эр хүн шиг татгалзчихлаа. У.Хүрэлсүхэд зориг байх юм гэсэн олон нийтийн өрөвдөл У.Хүрэлсүхэд халаасны оноо өгөх нь дамжиггүй. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх үед ойролцоо хоёр болж харагдаад эхэлнэ. Хоёулаа адилхан амны фигуртай, “цохилт”-той ярина. Гэнэтийн сюрприз сэтгэцгээнэ. Энэ мэтээр бие биеийнхээ “онцгой” чанаруудыг бүдгэрүүлнэ.
Ийм учраас одоогийн Ерөнхийлөгчийн болгоомжлох ёстой хүн нь У.Хүрэлсүх мөнөөс мөн болж таарч байгаа юм.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид ч бас арга бий. Тэр өрсөлдөгчөө зайлуулдаг сонгодог аргатай. Гуравдахь Ерөнхийлөгчийг өнөөг хүртэл араандаа тас зуусаар байгаа нь өрсөлдөгчөө хэмээн үзсээр байгаагийн илрэл. Хүчтэй байвал зуугаад л байх шинжтэй.
У.Хүрэлсүхийг ийм хувь заяа хүлээж байгааг үгүйсгэх аргагүй. Ядаж байхад У.Хүрэлсүхийн холбогддог элдвийн юм бий. Хэдэн жилийн өмнө шүүхээр шийдэгдсэн “Хадгаламж” банкны хэрэг, араас нь “Шинэ шивээ”, өнгөрсөн сонгуулиар “МАК”-аас 600 саяыг авсан ч гэх шиг. Аль нэг дээр нь бариад, ахиулаад бүгдийг нь мань хүн дээр “данслаад” шүүхээр шийтгэчих магадлалтай.
Юутай ч У.Хүрэлсүх гараанаас гарлаа. Түүний бариа Ерөнхийлөгчийн сэнтий. Тэр хүртэл саад ихтэй. Тэр бариандаа орохгүй ч байж мэднэ. Гэлээ ч, амжилт хүсье.