М.ЦЭЦЭГ
УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмирт улс, Нидерланд, Люксембург, Кувейт улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлав.

“Айвенхоу Майнз” компани “Саудгоби сэндс” компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг 898 сая ам.доллараар Хятадын “Чалко” компанид борлуулсан гүйлгээ, үүнтэй адилтгах бусад ажил гүйлгээнээс үүсэх хувьцаа борлуулсны олзод Монгол Улс татварын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсан ч давхар татварын гэрээ хэлцлийн улмаас татвар авч чадахгүйд хүрч байгаа юм байна. Түүнчлэн Оюутолгой компани Нидерландад бүртгэлтэйгээс болоод манай улс татвараа авч чадахгүйд хүрчээ. Давхар татварын сул талуудыг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Нидерланд, Люксембург зэрэг улсуудад толгой компаниа бүртгүүлэх замаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, татвараас зайлсхийх нь түгээмэл болсон гэнэ. Иймд дээрх гэрээнүүдийг цуцалж байгаа аж.
Гишүүн Б.Бат-Эрдэнэ эдгээр гэрээ өөрчлөгдсөнөөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй хэрхэн холбогдохыг лавлалаа. Хариуд нь Сангийн сайд Ч.Улаан “Давхар татварын гэрээ цуцлагдахад Оюутолгойн хөрөнгө оруулагчид хамрагдана. Ийм хөнгөлөлт, чөлөөлөлт алга болсноор манайд зохих хэмжээний хөрөнгө мөнгө орж ирнэ. Оюутолгойн асуудлаар гэрээ хэлэлцээр хийх ажлын хэсгүүд байгуулагдаж, хэд хэдэн чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа” гэв.
Л.Энх-Амгалан гишүүн гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл алдагдаж, Монголоос гадаадын хөрөнгийн бирж дээр гарсан компаниудын үнэ цэнэ буурч байгаа үед өмнө хүрсэн амжилтаасаа ухарч, ийм хууль баталснаар эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулав.
Манай улс давхар татвараас чөлөөөх гэрээг 30 гаруй улстай байгуулжээ. Анх энэ гэрээг байгуулж байсан нөхцөл байдал өөрчлөгдөн, уул уурхайтай холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт орох өгөөж алдагдаж байгаа тул эдгээр гэрээг хүчингүй болгоод шинэчлэх зорилготой юм байна.
Энэ өдрийн хуралдааны хоёр дахь асуудал нь “Чингис хаан” одон бий болгох тухай тогтоолын төсөл байв. “Чингис хаан” одонг Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр хүртээж байх, Монголын бахархлын өдөр болгон тэмдэглэх, бүх нийтээр амардаг байх тухай хэлэлцэж байгаа билээ. Чингис хааны мэндэлсэн өдрийг арваннэгдүгээр сарын 14 хэмээн тогтоосон нь түүхэн үнэнд нийцэх эсэх тухай яриа байсан бөгөөд олон гишүүн үүнд эргэлзэж байгаагаа илэрхийллээ.
Тухайн асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тайлбарлахдаа “800 жилийн өмнөх төрсөн өдрийг тогтооход үнэхээр хэцүү ч Чингис хаан судлалаар өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг өдрийг 1162 оны арваннэгдүгээр сарын 14 байна гэдэгт эрдэмтэн судлаачид санал зөрөхгүй байгаа” гэв. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгэр батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв.