Баянгол дүүргийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан өнгөрсөн бямба гаригт боллоо. Хуралдаанаар 2011 оны төсвийн гүйцэтгэл, 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа. Мөн Орон нутгийн сонгуулийн зардлыг хэлэлцэн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчид шийдвэрлэжээ.

Мөн дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцруулах асуудлыг хэлэлцэх хүсэлтийг ИТХ дахь  АН-ын хэсэг төлөөлөгч гаргасан ч МАН-ын бүлэг “Монгол Улсын Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хууль”-ийн 32.8 дахь заалтыг үндэслэн энэ асуудлыг дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Энэ нь “Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй” гэсэн заалт гэж дүүр­гийн Иргэдийн төлөө­лөгчдийн хурлын Аж­лын албанаас мэдээл­лээ.