Ч.ҮЛ-ОЛДОХ
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед танай намаас дэд сайд, сайд болсон хүмүүсийг даргынхаа төлөө зүтгэдэг, ашиг сонирхлын зөрчилтэй гэх зэргээр ярьж, бичих боллоо. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг МАХН-ын дарга Н.Энхбаярыг эрүүл мэндийн шалтгаанаар суллуулж болзошгүй хэмээн хардаж, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяныг намын дарга болон түүний хамаатан саданг өмөөрч интерпол руу захидал бичсэн гэж буруутгаж байгаад та ямар байр суурьтай байна?
-Эрүүл мэндийн сайдын хувьд иргэн бүхний амь нас түүнд хамаатай. Өөрөөр хэлбэл, миний ч, та бүхний ч амь нас салбарын сайдад хамаатай. Н.Энхбаяр дарга шүүхээс яллах тогтоол гардаж авсан ч гэсэн Монгол Улсын иргэн. Тэгэхээр тэр хүний эрүүл мэндийн асуудалд Н.Удвал сайд анхаарал тавих эсэх тухайд эргэлзэх шаардлага байхгүй. Нөгөөтэйгүүр, эрүүл мэндийн шалтгаанаар суллаж болох эсэхийг Н.Удвал сайд шийдчих асуудал биш.
Энэ тухай бид хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон өөрөөс нь мэдээлэл авч байсан. Тодорхой комисс гарч, асуудал тавьсны үндсэнд холбогдох байгууллага эцсийн шийдвэрийг гаргах учиртай. Мөн тухайн асуудлаар хувь хүний санал, зөвшөөрлийг харгалзаж үзэх ёстой. Бидэнд байгаа мэдээллээр буюу өмгөөлөгчөөр нь дамжуулан авч буй мэдээллээр Н.Энхбаяр дарга эрүүл мэндийн шалтгаанаар суллагдах ямар ч сонирхолгүй байгаа. Тэр хүн ямар зарчим, байр суурьтай байгаа вэ гэхээр, би хэрэг хийгээгүй учраас энэ хэргийг хэзээ хэрэгсэхгүй болгож, хэзээ энэ асуудал цагаадна тэр хүртэл би ямарваа нэгэн суллагдах барих тухай асуудал байхгүй гэсэн. Тэгэхээр эрүүл мэндийн шалтгаанаар суллагдах тухай ойлголт байхгүй. Н.Удвал сайдыг ч хардах шаардлагагүй.
-Тэгвэл Хууль зүйн дэд Э.Эрдэнэжамъяны тухайд юу хэлэх вэ?
-Э.Эрдэнэжамъян МАХН-ын гишүүн, намын удирдах дээд байгууллага болох Гүйцэтгэх товчооны гишүүн, хуульч хүн. Тийм учраас дэд сайд болохын өмнө намын даргынхаа тухай гишүүний болоод улстөрчийнхөө хувьд байр сууриа удаа дараа, маш тодорхой илэрхийлж байсан. Энэ бол улс төрийн хэлмэгдүүлэлт мөн. Цаашид энэ хэлмэгдүүлэлтийг зогсоох ёстой гэж олон удаа мэдэгдсэн. Хуульчийнхаа хувьд Монгол Улс шударга байх ёстой, хууль, хяналтын байгууллагууд иргэндээ шударга хандах ёстой гэж ярьж байсан хүн маань дэд сайд болсныхоо дараа өмнө ярьж байсан байр сууриасаа хувирчихаж болохгүй гэдгээ илэрхийлсэн гэж би ойлгосон. Түүнээс би өмнө нь Н.Энхбаяр даргыг дэмждэг байсан, одоо ч дэмжинэ гэсэн логикоор биш. Тэр хуульч хүн. Монгол Улсад хууль хэрэгжээсэй, хууль хяналтын байгууллагын шийдвэр хэн нэгнийг хэлмэгдүүлдэггүй байгаасай гэж ярьж байсан. Дэд сайд болсноороо энэ талд илүү анхаарч, шударга ёс тогтоохын төлөө үүрэг авсан болохоос Н.Энхбаяр даргыг суллуулахын төлөө үүрэг авсан хүн биш юм. Энэ талаас нь олон нийт хүлээж авч ойлгож байгаа болов уу гэж найдаж байна.
-МАХН орон нутгийн сонгуульд ямар бодлого, чиглэл баримталж оролцох вэ?
-МАХН орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцоно. Зарим тойрогт МҮАН-тай “Шударга ёс” эвслээрээ хамтарч оролцож байна. Зарим тойрогт ИЗНН-тай “Иргэний шударга ёс” эвслийг байгуулан оролцож байгаа. Олон тойрогт МАХН дангаараа бүртгүүлж, нэр дэвшигчдээ тодруулж орон нутгийн сонгуульд оролцох үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж байна. Нийт тойрогт 2700 хүн нэр дэвших эрхээ эдэлж байна. Мөн нэлээдгүй хүндрэл тохиолдож байгаа. Манай намыг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй байх үйл ажиллагаанууд идэвхтэй явагдсан. Тойргийн хороо, ерөнхий хороо гээд сонгуулийн байгууллагуудад хуулиараа төрийн захиргааны албан хаагчид ажиллаж байгаа. Гэхдээ тэд МАН-ын юм уу, АН-ын төлөөллийг хэрэгжүүлдэг субьектүүд болж хувираад байна. Яагаад гэвэл, МАН болон АН-ын аль нэгийнх нь гишүүн байгаад төрийн албан хаагч болж хуулиараа намаас түдгэлзсэн ч цаанаа бусад намын үйл ажиллагааг боомилох байдал байдаг. Үүнээс болж бидэнд нэлээд хүндрэл учирсан. Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай зэрэг аймагт бид гомдлоо гаргаж хэлэлцүүлсэн, шүүхийн шийдвэр манай талд гарсан байгаа. Учир нь хуулиас гадуур шийдвэр гарвал, дараагийн шатны хуулийн байгууллагууд шийдвэрлэдэг. Энэ хүрээнд асуудал шийдэгдсэн. Сүхбаатар, Налайх дүүрэгт манай нэр дэвшигчдийг бүртгэлгүй, жагсаалтаас хассан. Яагаад хассан бэ гэвэл, гаргасан үндэслэл нь МАН-ын гомдол юм байна. СЕХ асуудлыг авч үзэхдээ зөвхөн нэг талын гомдлыг үндэслэж шийдвэр гаргасан нь хууль зөрчлөө гэж бид үзэж байгаа.
-МАН-ынхан та бүхэнд гомдоллож дуусаагүй л байгаа юм уу. Энэ удаа ямар шалтгаанаар гомдол мэдүүлж байгаа юм бэ?
-МАН-ынхан СЕХ-нд хандаж “Манай намын гишүүн хэвээрээ байгаа. Гэтэл МАХН буюу өөр намаас дэвшсэн учраас энэ хүмүүсийг нэрсийн жагсаалтаас хасч өгнө үү” гэж гомдол гаргасан байгаа юм. Гэтэл тэд аль эрт МАН-аас гарчихсан хүмүүс бий. Гарсан гэдгээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулаад олон нийтэд илэрхийлчихсэн. Намынх нь харъяаллаас гарсан тохиолдолд яах вэ гэдгээ МАН өөрийн дүрэмдээ тусгачихсан. Өөрөөр хэлбэл, МАН-ын гишүүн намаас гарах болон татгалзах тухайгаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр буюу өөрийн биеэр мэдэгдсэн, ийм агуулга бүхий ярилцлага өгсөн бол тухайн хүний гишүүнчлэлийн асуудлыг намын дүрмийн зургадугаар зүйлд заасныг баримтлан гишүүнчлэлээс хасах гэсэн заалттай. Ийм байсаар атал гомдол гаргадаг нь МАН-ын өөрийнх нь ёс зүйгүй асуудал. Нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй манай гишүүдийг хасах шийдвэр гаргасан нь СЕХ илт хуулиа зөрчсөн үйлдэл. Энэ асуудлаар бид шүүхэд хандсан байгаа.
-“Шударга ёс” эвсэлд нэгдсэн хоёр нам орон нутгийн сонгуулийн зарим тойрогт тусдаа нэр дэвшүүлж байгааг хооронд нь ан цав үүссэнийх, удахгүй задрах гэж байгаа гэсэн хэл ам дагаж байгаа нь хэр бодитой вэ?
-Орон нутгийн сонгууль УИХ-ынхаас зарчмын хувьд өөр юм. УИХ-ын сонгуульд бид МҮАН-тай “Шударга ёс” эсвлийг байгуулж орсон. Ард түмний сонголтоор 11 суудал бүхий парламентад бүлэгтэй эвсэл болж чадсан. Орон нутгийн сонгууль өөр. Юугаараа өөр вэ гэхээр, тухайн орон нутаг өөрөө бие даасан шийдвэр гаргахыг хэлж байгаа юм. Тухайлбал, тухайн орон нутгийг удирдах дээд шатны байгууллагыг сонгох гэж байгаа шүү дээ. Тиймээс орон нутгийн намын байгууллагууд өөрсдөө бие даасан шийдвэр гаргах боломжийг нь улс төрийн намууд орон нутаг дахь тухайн байгууллагууддаа өгч байгаа юм. Манай намаас ямар асуудал тавьж байгаа вэ гэвэл, мэдээж МҮАН-тай эвсч сонгуульд оролцох нь нээлттэй. Хэд хэдэн аймагт МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хамтарсан байдлаар сонгууьд орж байна. Зарим аймагт миний түрүүнд хэлснээр ИЗНН-тай “Иргэний шударга ёс” эвслийг байгуулан сонгуульд хамтарч байгаа. Дийлэнх тойрогт МАХН дангаараа оролцоно. Нам болгон өөр, өөрийн онцлогтой. Манай нам төлөөллийн нам. Аль болох аймаг, сум, дүүрэгт намынхаа төлөөллийг бэхжүүлэх зарчмаар ажилладаг. Зарим намын хувьд кадрын нам гэж ярьдаг шүү дээ, гишүүнчлэлийн талд хатуу анхаарал тавьдаггүй. Тийм байхыг дэмждэггүй, зөвхөн тодорхой бодлогын төвшинд үйл ажиллагаа явуулдаг. Ийм намууд бий. Тухайлбал, МҮАН, ИЗНН-ын хувьд тухайн тойрогт өөрийн намын төлөөлөл ямар байгааг харж дэвшүүлж байна. Эвсэх эсэх, нэр дэвшүүлэх эсэх нь ч түүнээс хамаарч байгаа юм. Тэгэхээр эвсэлд багтсан хоёр намын байр сууриас хамаарсан зүйл биш. “Шударга ёс” эвсэлд багтсан хоёр намын үйл ажиллагаа жигд хэвийн явагдаж байгаа.
-Н.Удвал, Э.Эрдэнэжамъян нарт холбогдуулан хэл ам гаргаж байгаа нь орон нутгийн сонгуулиар танай намыг чөдөрлөх гэсэн өрсөлдөгч намуудын тактик юм биш үү. Олон нийт энэ өнцгөөс хардаж байгаа?
-Үүсээд буй асуудлын цаана зорилготой, зорилгогүй олон учир шалтгаан байгаа нь ойлгомжтой. Тэр болгоныг нэгбүрчилж барин тавин ярих нь ач холбогдолгүй. Бид учир явдлыг бүгдийг анхаарч байгаа. Ер нь бол бүгдийг базаад хэлэхэд, Монгол оронд шударга ёс хэр алдагдсаныг тодорхойлох хэмжүүр энэ үйл явдлын цаанаас гарч ирээд байгаа юм. Шударга ёс алдагдаж, улс төрийн намууд, хууль шүүхийн бүх байгууллага, төрийн байгууллагууд хэтэрхий улстөржсөн. Улс төрийнх нь нөхцөл байдал буруу зүг рүү яваад байна. Үүнийг зогсооё, шударга ёсыг тогтооё, аливаад шударга хандая, улс төрийн намууд, улстөрчид, төрийн байгууллагууд нь хуулиа дээдэлдэг, сахидаг, шударга зарчмаар ажиллая гэдэг асуудлыг манай нам нийгэмд маш хүчтэй тавьж байгаа учраас бид ийм эрсдэлтэй алхмуудтай учраад байгаа юм. Тухайлбал, та бүхэн санаж байгаа бол долдугаар сарын 1-ний асуудлыг Н.Энхбаяр дарга анх хөндөж гаргаж тавьсан. Оюутолгой, Тавантолгойн асуудлыг гаргаж тавьсан. Ашигт малтмалын асуудал нь улс төрийн намын явцуу сонирхол, эрх ашгийн үүднээс шийдэгдэх гээд байгаа учраас ард түмэнд тэгш хуваарилах ёстой гэсэн асуудлыг хөндсөн. Энэ бүхний эцэст Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлэх үйл явц эхэлсэн шүү дээ. Үүнийг бүгд мэднэ. Ямар байдлаар эхэлж, яаж үргэлжилснийг бүгдийг мэдэж байгаа. Тэр бүү хэл, одоо ямар байдлаар төгсөх гэж байна вэ гэдгийг бид бүгдээрээ харж байна. Бусад хүмүүс, тухайлбал таны асуусан Н.Удвал сайд, дэд сайд Э.Эрдэнэжамъян нарын хувьд ч шударга ёсны төлөө байр сууриа илэрхийлсний төлөө, улстөрийн сонголт хийснийхээ төлөө, нийгэмд дуу хоолойгоо гаргасныхаа төлөө, өөрийн байр суурийг олон нийтэд маш тодорхойгоор гаргаж тавьсныхаа төлөө янз бүрээр хэлүүлж, хардуулж, сэрдүүлж, шалгуулж, хүнд хэцүү нөхцөл байдалд хүрч байна. Гэвч зорилго тавиад, манай намын хүчийг сулруулж, бөхөөх гээд байгаа хүмүүсийн санаа хэрэгжихгүй л дээ. Тэдний бодсон, санаснаар болохгүй. Энэ байдал ч гэсэн саяхан бидний оролцсон “Ард түмний шударга их хуралдай” дээр тодорхой харагдсан. Ард түмэн үнэхээр их бухимдалтай байна. Шударга ёсыг эрэлхийлж байна. Н.Энхбаяр дарга болон манай намынхны эсрэг дайрч давшилж байгааг маш сайн анхаарч, тэр талаар мэдээллийг олон талаас эргэцүүлж, дүгнэлттэй байгаа нь анзаарагдаж байна. Эцэст нь хэлэхэд, хүнд хэцүү олон зүйл тохиолдож буй хэдий ч шударга ёсны төлөө тэмцэл манай намынхныг улам хурцалж байна. Энгийн гишүүнээс эхлээд улс төрийн хүрээнд гарч ирсэн лидерүүдийн хүрээнд манай нам хурцлагдаж байгаа. Тэгснээрээ ард түмэнтэйгээ илүү ойртож, улс орныхоо төлөө ажиллах чин эрмэлзлэлийг улам тодруулж өгч байна.
-Зарим нам жирийн гишүүдээ сонсохоо байчихсан цагт иргэдийг сонсч, тэдэнд үгээ хэлэх боломж олгож “Ард түмний их хуралдай”-тай МАХН хамт байж ирсэн. Саяхан болсон “Ард түмний шударга их хуралдай” ямар үр дүнд хүрэв?
-Үүнийг хуралдай анх яаж үүссэн бэ гэдгээс ярих нь зүйтэй байх. Тухайн үед ард түмэн үгээ хэлэхийг хүсч, шударга ёсыг үгүйлж байсан. Жирийн иргэн дангаараа нэг газар үгээ хэлчихээр араас нь улстөрчдийн болоод зарим төрийн байгууллагын дарамт шахалтад орж хүчгүйдэж байсан. Тиймээс олуулаа байж бид хүчтэй байх юм байна гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. Ард түмэн олуулаа цуглаж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх олон зайг үгүйлж байсан. Түүнийг нь ард түмэнтэй хамгийн ойр байдаг иргэний хөдөлгөөний байгууллагууд анх олж харж, улс төрийн намуудад уриалсан байдаг. Тэр үед манай нам уриалгыг хүлээж авч, үнэхээр ард түмэн үгээ хэлдэг зохион байгуулалттай хэлбэр байх нь зүйтэй юм байна. Тэр нь ард түмний яриад байгаа “Бүх ард түмний хуралдай” байх нь зөв юм. Тиймээс дэмжиж, хамтарч зохион байгуулъя гэсэн шийдвэрт хүрснээр хуралдайнуудад МАХН оролцож ирсэн. Сая гурав дахь удаагийнх нь боллоо. Үр дүн нь маш тодорхой. Нэгдүгээрт, ард түмэн өөрсдөө ямар ч айдасгүйгээр үгээ хэлж чадаж байна гэдэг “Ард түмний шударга их хуралдай”-н хамгийн том үр дүн. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацагдаж байна гэдэг мөн ялгаагүй том үр дүн. Ингэж байж үнэн бодит байдлыг Монголын нийт ард түмэнд хүргэнэ. Тэгэхгүй бол үнэн байдал, шударга ёс алдагдсаныг засч чадахгүй. Тийм бололцоогүй. Бодитой үр дүн гэвэл, МАХН-МҮАН хамтран “Шударга ёс” эвсэл байгуулан сонгуульд оролцсон. Ард түмэн итгэл үнэмшлээрээ сонголтоо хийснээр манай намыг хэчнээн луйвардаж, дараад дараад 20-30 мянган хүний санал авч УИХ-д 11 суудалтай эвсэл болж чадсан. Энэ бол ард түмэнтэй ойр байж, ард түмний үнэн үгийг хүргэж ирсэн “Ард түмний их хуралдай”-н нотолгоо болов уу.
-Сүүлийн үед “Шударга ёс” эвслийн жагсаалтаар орох УИХ-ын гишүүний нэг суудал анхаарал татаж, олон хүний нэр дуулдаж байна. Та бүхэн ямар байр суурь баримталж байна?
-МАХН тэр, энэ гэж аль нэгэн хүний нэрийг огт яриагүй. 11 дэх суудал эвслийг төлөөлөх суудал учраас хурдан шийдээсэй гэсэн байр суурьтай байгаа. Хэн 11 дэх гишүүний төлөөллийг хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг нь өөр асуудал. Энэ асуудал СЕХ болон холбогдох хуулиар шийдэгдэнэ. Хувь хүнтэй холбож ярьж байгаа нь анхаарлыг өөр тийш чиглүүлэх гэсэн асуудал болов уу. Аливаа сонгуулийн өмнө тодорхойгүй бөгөөд эргэлзээтэй байдлыг их гаргаж ирдэг. Тэгэхээр асуудлыг өөр тийш чиглүүлж, анхаарлыг өөртөө чиглүүлж, сонгогчдын итгэл үнэмшлийг татах гэсэн зорилго улс төрийн нам, хүчнүүдийн байнга явуулдаг ажиллагааны нэг биз. Би түрүүн хэллээ, бид бүх асуудлыг хуулийн дагуу шийдэгдээсэй гэж хүсч байгаа.
-Н.Энхбаяр даргын эрүүл мэнд ямар байгаа вэ. Танай намынхан даргынхаа тухай ярьж, санаа зовж байгаа ч “Наадуул чинь худал ярьж байна. Албан тушаалд хүрчихээд даргыгаа мартсан” гэж хардах хүн байна?
-Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд би даргатайгаа байнга уулзаж байгаа. Гэвч хүссэн үедээ очоод уулзах боломжгүй. Уулзах бүрт шүүхээс зөвшөөрөл авдаг. Даргын биеийн байдал сайнгүй байгаа.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс албан тушаалд очсон хүмүүстэй холбогдуулж таны асуугаад байгаа зүйл нэлээд яригддаг. Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Манай нам парламентад суудалтай, засаг барилцаж байгаа нам. Тэгэхээр намд учирч байгаа, Н.Энхбаяр даргад тохиолдож буй асуудлыг гудамжинд ярих албагүй. Бид УИХ-ын танхимд, Засгийн газарт ярих бололцоотой. Энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Үүнийг зарим хүн буруугаар ойлгож, ил гарч ярихгүй байна, дорвитой зөвшилцөлд хүрэхгүй байна, цаг алдаж байна гэх мэтээр шүүмжлээд байх шиг байна. Бид бүхий л төвшинд ярьж байгаа. Бидний үйл ажиллагаанд намын гишүүдээс шүүмжлэлтэй хандаж байгааг нуухгүй. Бид намын хурлаар олон асуудал ярьж, дараагийн Бага чуулганаар ярих асуудлаа ч тодорхойлсон.