Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /11.15/ хуралдаанаар Улсын дээд  шүүхийн шүүгчээр  С.Соёмбо-Эрдэнийг томиллоо.  Энэ асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өчигдөр /11.14/ Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, өнөөдөр чуулганаар шийдүүлэв.  Ерөнхийдөө улс төрийн нөхцөл байдал эмх замбараагүй байгаа энэ үеийн сиймхийгээр шуурхай шийдэгдсэн асуудлуудыг нэг байв. Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон  С. Соёмбо-Эрдэнэ  нь 1995-1999 онд Шихихутуг хууль зүйн дээд сургууль, 2007-2009 онд Батлан хамгаалахын их сургуулийн магистрын сургалтыг тус дүүргэсэн эрх зүйч мэргэжилтэй. 1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд, нарийн бичгийн дарга, 2000-2005 онд Нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Улсын дээд шүүхэд шинжээч, 2006-2011 онд Сонгино хайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм.  Мөн тэрээр  олны анхаарал татсан цөөнгүй хэргүүдийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэрэгт Ерөнхий шүүгчээр ажиллаж тухайн үед түүнд дөрвөн жилийн хорих ял оноож байсан.  Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн, Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар, АМГТХЭГ-ын дарга агсан  А.Амарсайхан нарт холбогдох хэрэг бүрийг Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шүүж  бүгд нь хорих ялаар шийтгэх шүүхийн тогтоолыг гаргасан байдаг.  Үүнээс гадна С.Соёмбо-Эрдэнэ Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч болоод С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн шүүх хурлыг даргалан шийдвэрлэж байжээ. С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал одоо ч  маргаантай хэвээр байгаа билээ.

Эх сурвалж:www.polit.mn