Б.СОЛОНГО

 Манай улсад далайн үйл ажиллагаа эрхлэх албан ёсны газар байгуулагдсан нь 2007 он. Зам, тээврийн яамны Далайн захиргааны дарга Х.Энхбаатартай энэ салбарын талаар ярилцлаа.

-Далайд гарцгүй орны хувьд гадаад далайг ашиг­лах тухай санаа, сэдэл хэдийнээс бий болсон бэ. Одоо гадаад далайд манай далбаа бүхий хэдэн онгоц байна?

-Одоогоор байнгын бүрт­гэлтэй 313 онгоц Мон­голын далбааг ашиглан тээвэр хийж байгаа. Нийт даац нь 620915 тонн.  “Да­лайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эр­хийг хүлээн зөвшөөрөх тухай” 1921 оны Барсе­лоны тунхаглал,  “Далайд гарцгүй улс орнуудын дамжин өнгөрөх тээврийн тухай” 1965 оны Олон улсын конвенци байдаг. Уг конвенцэд 1976 онд Монгол Улс нэгдэн орсон. Ингэснээр бидэнд далайн баялаг ашиглах, олон улсын худалдааны тээв­рийн үйл ажиллагаа эрх­лэх эрх зүйн орчин бүрд­сэн гэж хэлж болно. Гэвч тухайн үеийн нийгэмд хүмүүсийн сэтгэхүйд далай гэсэн ойлголт муу байлаа шүү дээ.  Хэдий­гээр далайг ашиглах бо­ломж бүрдсэн хэдий ч олон жил хөөцөлдсөн юм.  Одоо Сингапурт бүртгэлийн төв маань ажиллаж байна.

-Сая 313 онгоцтой гэ­лээ, энэ талаар дэлгэрэн­гүй танилцуулаач?

-2003 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хөлөг онгоц бүртгэх үйл ажилла­гааг албан ёсоор эхлүүлсэн юм. Монгол Улс өөрийн гэсэн хөлөг онгоцгүй, гадаад далайд гарцгүй учир нээлттэй бүртгэл хий­хээс өөр аргагүй. Өнөөд­рийг хүртэл дэл­хийн 30-аад орны нийт 2112 хөлөг онгоцыг нээлт­тэй бүртгэлд бүртгэсэн. Байнгын бүртгэлд өнгөр­сөн сарын байдлаар зад­гай ачаа болон чингэлэг тээвэрлэдэг 313 хөлөг онгоцонд Төрийн далбаа мандуулах эрхийн гэрчил­гээг олгосон байна.

-Хичнээн тоннын даац­тай онгоцууд байдаг вэ. Манай далбаатай онгоц аль улсад олон байна?

-Одоогоор нийт 24 ор­ны 313 хөлөг онгоц байна. Энэ дундаа хамгийн их даацтай нь 35911 тоннын даацтай AMC 03 онгоц, хамгийн багадаа 13 тон­нын даацтай CREST он­гоц, хамгийн залуу нас­жилт­тай нь 2012 оны  KTG2, хамгийн өндөр нас­­тай нь 1966 оны  MORSKOY-1 онгоц бай­на. Сингапурт манай бүрт­гэлийн төв байдаг болохоор тэр улсад хамгийн олон буюу 121 онгоц бүртгэлтэй байгаа. Малайзад 44, Вьет­намд 27 гэх мэт. Японд гэхэд л гурван онгоц бүртгэлтэй байна.

-Манайх Төрийн далбаагаа ашиглуулсныхаа төлөө ямар төлбөр авах вэ. Улсын төсөвт хэр орлого оруулсан бэ?

-Төлбөрийг олон улсын тогтоосон журмын дагуу авдаг. Бүртгэлийн хураамж, гэрчилгээний хураамж далайчдын гэр­чилгээний хураамж, хөлөг онгоц саатуулагдсаны торгууль зэргээс манай улсад орлого ордог юм. 2003 оноос хойш улсын төсөвт 2.7 тэрбум төгрө­гийн ор­лого оруулаад байна.

- Монголын далбаатай онгоцууд хар дансанд бай­даг гэсэн мэдээлэл бий. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Тийм мэдээлэл гар­даг. Ямар ч хөлөг онгоцыг боомтоос хөдлөхөөс өмнө хил, гаалийн ажилтнууд нарийвчлан шалгадаг. Тухайн боомтоос гараад өөр боомтод ирэх үед мөн л адил шалгана. Байнга үзлэг хийж байхад хар тамхи, зэвсэг тээвэрлэх зөрчил гарах боломжгүй юм. Харин техникийн талын зөрчлүүд илэрнэ. Энэ нь тухайн хөлөг онгоц галын хоргүй байх, ослын гэрлийн тэмдэггүй байх зэрэг жижиг зөрчлөөс болж боомтонд шалгалтын үеэр саатуулагддаг. Ийм саатуулалтын тоо их байх тусам бид хар дансанд бүртгэгддэг юм. Гэхдээ бид 2010 оноос эхлэн хар данснаас аль болох гарах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Үүний үр дүнд 2009 онд 39 онгоц, 2010 онд 39 онгоц, 2011 онд 24 онгоц, 2012 онд 10 онгоц саатуулагдсан байгаа нь хар данснаас гарах ажил бодит биелэлээ олоход ойрхон байгааг харуулж байна. 

-Магадгүй Монгол Улсын бүртгэлтэй онгоц живсэн тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ?

-Тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа болохоор осол гарах нь бий. Энэ тохиолдолд далай бохирдохоос өмнө яарал­тай татан авах шаард­лагатай. Энэ үйл ажил­лагаанд зарцуулах хөрөнгө мөнгийг урьдчи­лан тооцож тухайн хөлөг онгоц заавал даатгуулсан байх шаардлагатай. Иймээс далайн захир­гаа­ны зүгээс нэмэлт зардал гардаггүй.

-Манай улс далайн тээвэр хийх боломж хэзээ бүрдэх бол?

-Бид гадаад далайд тээврийн чиглэлээр БНСУ-тай хамтран ажил­лах судалгаа хийж байна. Зарим нэг зайлшгүй эхлэн орох конвенциудад Монгол Улс нэгдвэл бүрэн боломжтой. Судалгааны ажил эрчимтэй үргэлжилж байна. Мөн ОХУ-тай загас агнуурын квот ашигла­хаар ярилцаж байгаа. Цаашид далайн бодлогыг илүү далайцтай, өргөн болговол бид илүү орлого олох боломж бий.

-Монгол Улс далайн боомттой болох боломжтой юу?

-Бид энэ талаар суд­лаж, тодорхой санамж бичгүүдийг байгуулсан. Тухайлбал, Хятадын Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэгтэй хамтран ажиллаж байна. Мөн Хята­дын Жинжөү, Солон­госын Пёонгтаик, Дан­донг, Итали улсын Генова боомтуудтай хамтран ажил­лах санамж бичиг­тэй. Манай уул уурхайн бүтээгдэхүүнийг өөрийн улсаар гаргах, мөн худал­дан авах сонирхол Хятад, Солонгос, Европт байгаа учир боомтын үйл ажил­лагаа өргөжих бүрэн бо­ломж­той гэж харж байгаа.