Т.САЙХАН

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /11.14/хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч С.Соёмбо-Эрдэнийг дэмжих эсэхийг хэлэлцлээ.  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид С.Соёмбо-Эрдэнийн нэрийг дэвшүүлсэн байна. С.Соёмбо-Эрдэнэ нь Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн.  41 настай. 1984-1995 онд нийслэлийн арван жилийн 60 дугаар дунд сургууль, 1995-1999 онд “Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсч улмаар 2007-2009 онд Батлан хамгаалах их сургуултд хууль зүйн магистр хамгаалжээ. Тэрээр 1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга, 2000-2005 онд нийслэлийн шүүхийн шүүгчийн тухлах, нарийн бичгийн дарга, 2005-2006 Улсын Дээд шүүхэд шинжээч, 2006-2011 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2014 онд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2015 оноос Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Мөн С.Соёмбо-Эрдэнэ нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад 70.6 оноо авсныг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж танилцууллаа.Ийнхүү С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохыг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn