Б.ОРГИЛ

Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт согтуу жолооч айлын гэр дайрч, дөрвөн хүний амь нас хохироосон аймшигт хэрэг гарсан. Гурван гэр бүлийг хагацалд унагаж, зургаан хүүхдийг өнчрүүл­сэн энэ харуусалт хэргийн талаарх мэдээллүүд сүүлийн үед сүрхий улс төржсөн байдалтайгаар сөхөгдөх болов.

Орон нутгийн сонгууль дөхсөн болоод ч тэр үү, “Согтуугаар машин барьж хүний амь хөнөөсөн хэр­гийн эзнээс илүү аймагт нь ийм хэрэг гарсан учир Өмнөговийн Засаг дарга хариуцлага хүлээх ёстой” гэсэн “цэцэн” мэдэгдлүүд үйл нь ирсэн Б.Бадраа дарга руу чиглэж байх юм.

Нэг хэсэг Өмнөговь аймагт ажлаа хийж байсан “Терра энержи” компа­нийг болон тэдний туслан гүйцэтгэгч “Поларис” ком­панийнхныг буруут­гаж, тэдгээр компанийн­хан л очоод санаатайгаар хүний амь хөнөөчихсөн мэтээр ярьж, бичиж бай­лаа. Харин одоо орон нут­гийн сонгууль дөхөөд ир­мэгц Засаг дарга руу нь хариуцлагыг нялзааж эхлэв.

Ерөөс машин барьж хүний амь хөнөөсөн эт­гээд нь биш, “Б.Бадраа муу ажилласнаас л энэ хэрэг болж, тэр л хариуц­лага хүлээх ёстой” гэнэ.  Арай л согтуугаар машин жолоодсон нөхөр нь Б.Бадраа байсан юм байна гэж хэлэхээс наахна юм болж байна.

Ингэхэд бид чинь хэнийг өмөөрч, хэрүүл маргаан хийгээд бусдыг чичлээд, заримыг нь өөгшүүлээд байгаа юм бэ.

Мэдээж цаг бусаар дотны хүмүүсээ алдсан гэр бүлийнхний сэтгэ­лийн зовлон, амьдын хагацлын хэцүүг үгээр илэрхийлэх ч  боломжгүй. Харин тэд­нийг ийм их гачланд унагаж, амьдын хагацалд оруулсан хүн нь хэн бэ. Өнөөх муу нэртэй хар ус, ууснаа шингээж чадаагүй Б.Алтангэрэл гэгч балмад этгээдээс өөр хэн ч биш. Гэтэл согтуугаар машин жолоодож дөрвийн дөрвөн хүний амь насыг хохироо­сон Б.Алтангэрэл гэгч хүний нэрийг нь ч ядаж тодхон зарласан бил үү. Угтаа бол харин ч гэмт хэрэг хийсэн түүнийг олонд зарлаж, хотоор нэг хөлчүүрхэж байгаа жолооч нарт сургамж болгохын оронд согтуу жолоочийг өмөөрч, бурууг нь бусад руу чихэн сүүлдээ тэр нь улс төрийн шоу болон өрнөж байна.

Б.Алтангэрэл гэгч эт­гээд архины аагаар жолоо­ны хүрдний ард суугаагүй л бол дөрвөн хүн амиа алдахгүй, зургаан хүүхэд өнчирч үлдэхгүй байлаа.

Согтуугаар машин жолоодох эсэх нь цэвэр хувь хүний хариуцлага, ухамсартай л холбоотой.  Аливаа зүйлд хамаарах, хамаарахгүй асуудал гэж бий. Ялангуяа согтуугаар машин жолоодож, бусдын амь нас хөнөөсөн жолоо­чийн өмнөөс компанийнх нь захирал, Засаг дарга нар буруутан болоод байх нь эрүүл бөгөөд шударга нийгэм мөн үү.

Хэргийн эзэн Б.Алтан­гэрэл нь нутгийнхандаа нэр муутай, сав л хийвэл сархад хүртэж, хавь ойрынх­ноо сандаргадаг гэдгийг нутгийнхан нь хэлж л байсан. Гэтэл жин­хэнэ алуурчных нь толгойг илчихээд хаа хамаагүй хүмүүсийг хамааруулах гэж оролдож болно гэж үү.

Нийслэл хотод согтуу­гаар машин жолоодсоноос болж өдөр бүр шахам осол гарч байна. Нэг биш хэдэн арваар нь замын цагдаа дарга согтуу жолооч нарыг илрүүлж, торгохыг нь торгож, журамлахыг нь журамладаг. Согтуугаар автобус жолоодсон эр, согтуугаар машин барьж хүүхэд дайрсан залуу, архины гайгаар айлын нялх хүүхдийг дайрчихаад зугтсан гэмт хэрэгтэн гээд амиа алдсан хохирогч нийс­лэлд гэхэд зуу, зуугаар тоологддог. Тэр бүх хүний өмнөөс “Хотын дарга хариуцлага хүлээ, өргөдлөө өг” гэж шаардаж, өөчилж байсан удаа бий бил үү.

Монголчууд бид идээний дээж хэмээн лонхтой архийг дээдэлдэг ч үнэндээ гашуун ундаа гай дагуулахаас гавьяа байгуулсан нь үгүйг хүн бүр л мэднэ. Архичны гэрт л хэрүүл болж, архинаас л болж гэр бүл салж, үр хүүхэд өнчирч үлддэг. Нийгэмд гарч байгаа гэмт хэргийн 90 гаруй хувь нь архинаас үүддэг тухай мэргэжилт­нүүд сэрэмж­лүүлсээр ирсэн.

Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Спиртээр нэрсэн энэ нэрмэл ус хэчнээн ч хүний амь амьдралаар тоглодог тухай амь уралдан ярьц­гаадаг.

“Бадарчин явсан газар балагтай” хэмээх өнгөр­сөн зуунд хамаарах үгийг “Архичин очсон газар аюул­тай” гэж бага­хан өөрч­лөхөд л өнөөгийн бидний амьдралын бодит байдалд яв цав нийцэхээр байна. Харамсалтай нь энэ үгний гашуун үнэ­нийг гэрчилж, дөрвөн хүн амиа алдсан. Архи, архи­чин хоёрын балаг л дөрвөн хүний аминд хүрсэн хэрэг. Гэтэл бид хүний амь хохи­роосон архичинд хуулийн дагуу хариуцлага хүлээл­гэх тухай ярихын оронд хаа хамаагүй Засаг дарга, компанийн удидлагыг яагаад чичилнэ вэ. Энэ байдлаар хэн нэгэн давар­сан этгээд архи ууж, хүс­сэн үедээ хүнд техни­кийн ард сууж хүний амь хөнөөчихөд хариуцлагыг нь ажилд авч, амьдралыг нь зал­гуулж байсан удирд­­ла­гууд, хаа хамаа­гүй Засаг дарга нар хуваалцаж суух ёстой юу.