Б.ЭНХЗАЯА
Хүүхэд багачууд хичээл сургуулиа хаяж, гэр орноосоо дайжин PC тоглоомд донтсон эмгэнэлт түүх олон бий. Мөн гэмт хэргийн золиос, холбогдогч болдог. Монголын ирээдүйг харанхуйлан айсуй энэ хэргийг цагдаагийн байгууллагынхан боломж нөхцлөөрөө зохицуулахыг хичээвч, үр дүнгээ өгсөн нь бага. Энэ нь цөөн тооны цагдаа бус нийгмээрээ тэмцэхийг шаардаж буй түгшүүр юм. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамны санаачлагаар интернет, PC тоглоомын газруудаар шалгалт хийх ажлыг өчигдөр эхлүүллээ. БШУЯ-ныхны санаачлагыг дэмжин, Мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах хороо, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн цагдаагийн газрынхан хамтран ажиллаж эхлэв. Тэд Сүхбаатар дүүрэгт байрлах 16 дугаар сургуулийн ойр орчмын PC тоглоомын газруудад хийсэн шалгалтаас сурвалжиллаа.
ТӨСӨЛ БАТЛАГДСАНААР ХУУЛЬ БУС ИНТЕРНЕТ ХЭРЭГЛЭЭ ЗОГСОНО
“Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлмээр байна. Даанч манайд интернет, цэнгээний газраас өөр тохирох орчин алга” гэж хүүхэд, залуус харцаа буруулна. “PC тоглоомын газарт цагаа өнгөрөөхөөс яах вэ” гэж тэднийг зөвтгөнө. Интернет тоглоомын газарт тоглож байгаа насанд хүрэгчдийг эс тооцоход, хүүхэд багачууд хайран санагдах. Тэд тоглоомын газарт хүүхэд насаа өнгөрөөж байна гэхэд хилсдэхгүй. Он гарсаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрынхан 13 хүүхдийг , PC тоглоом, газ, мансууруулах бодист донтсон оноштойгоор Шар хадны эмнэлэгт хэвтүүлжээ. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар эхлүүлж буй уг аян ирэх сарын 25 хүртэл үргэлжилнэ. Аянд сургууль бүрийн өсвөрийн цагдаагийн бүлгэм хамтран оролцох болсон нь томоохон ач холбогдолтойг зохион байгуулагчид хэлж байв. Өсвөрийн цагдаа нар цагдаа ах эгч нартай хамтран интернетийн аюултай орчин, интернет, PC тоглоомын газрууд ямар хууль дүрэм баримтлах, PC тоглоомын хор уршгийг мэдэж авч байна. Боловсрол, шинжлэх ухааны яамныхан аяны хүрээнд эхлүүлсэн шалгалтын багийнхны тайлан мэдээг нэгтгэснээр хуулийн төсөл боловруулах гэнэ. Ингэснээр хүүхэд багачууд зөвхөн тоглохоо зогсоохоос гадна интернетээр садар самуунд уруу татагдах, сурталчлах, хориотой, хууль бус дуу, дүрс бичлэг татах, бусдад түгээх, хууль бус программ хангамж, вирус тараахыг таслан зогсоох эхлэл болж буй юм. Хуулийн төсөл батлагдсанаар хууль бус интернет хэрэглээ зогсоно гэсэн үг.
ТАВАН ТАСАЛГААНД 80 ОРЧИМ КОМПЬЮТЕР БАЙРЛУУЛЖЭЭ
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн хүүхдийн ахлах байцаагч Д.Ариунжаргал Боловсрол, шинжлэх ухааны яам, Сүхбаатар дүүргийн хүүхдийн тасгийн байцаагчдын хамтаар 16 дугаар сургуулийн ойр орчмын интернет тоглоомын газрыг шалгалаа. “Монгол-III” сургуулийн баруун талд зам дагуу байрлах “Champions” интернет, PC тоглоомын газарт орвол 4*4 хэмжээтэй талбайд 20 гаруй компьютер суурилуулжээ. Үйлчлүүлэгчдийн олонхи нь цүнхээ үүрсэн бага насныхан. Найман настай хүүгээс эхлээд оюутан залуус хүртэл тоглож сууна. Агаар орох салхивч цөөн, гэрэл муутайхан орчинд хэн дуртай нь хараал хэлээд, зарим нь садар самуун бичлэг, видео үзэх боломж бүрджээ. Цагдаагийн ажилтнууд, хэвлэлийнхнийг харсан томчууд нь нүүрээ халхлан гарч одоход бага насныхан хээв нэг тоглож суух аж. Энэ үеэр PC тоглоомын газрын эзэн ихээр бухимдаж цагдаагийн ажилтнуудын шаардлагыг эсэргүүцэв. Дүүргийн цагдаагийн газраас тэдэнд хууль журмаа мөрдөж ажиллахыг сануулсан бичиг хүргүүлж, зөвшөөрлийн эрхийг шалгах үүрэгтэй. Мөн интернет тоглоомын газар тавигдах шаардлагыг ч тэднээс нэхэх ёстой. Гэвч тоглоомын газрын эзэн “Үйлчлүүлэгчдийг үргээлээ. Манайхаас муу орчинд шөнөөр тоглуулдаг газар байна” хэмээн бусдыгаа матсаар биднийг хөөн гаргав. Угтаа энэ төрлийн газруудад нэг компьютерт ногдох талбай 2-5.5 метрээс багагүй байх, насанд хүрээгүй хүнийг хоёр цагаас хэтрүүлж үйлчлэхгүй байх ёстой. Мөн зуны улиралд 21.00 цаг, өвлийн улиралд 19.00 цаг хүртэл ажиллах учиртай. Ингэхдээ хүүхэд багачуудын хичээлийн цагаар тэднийг тоглуулж буй нь хууль журмаа мөрдөхгүй байгаагийн илрэл. Тоглоомын эзний матаасаар ойролцоох “888 club” гэх газарт орвол мөн л харанхуй, бүгчим орчин угтав. Дотроо таван тасалгаатай, 80 орчим компьютертэй. Зарим компьютерийн ард хүүхдүүд унтаж харагдана. Тэрээр 97, 57 дугаар сургуулийн сурагчид гэнэ. Гэр нь ойролцоо болохоор хичээлээ таслан унтаж буй аж. Подвальд байрлах уг тоглоомын газрын хариуцсан эзэн олдсонгүй. Биднийг очих сургаар бултаж амжжээ. Зөвшөөрөлтэй эсэх нь үл мэдэгдэх эдгээр үйлчилгээний газруудад шаардлага тавьсан ч нэг л өдөр нүүчихдэг зовлонг цагдаагийн байцаагч нар хэлэв. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 80 гаруй PC тоглоомын газар үйл ажиллагаа явуулдаг. Тэдний зөвшөөрлийг олгох хариуцах байгууллага одоохондоо алга. Угтаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авдаг гэж байсан ч дүүргүүдийн Хот тохижилтын газрынхан өгдөг гэнэ.