Б.ОНОН
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 99 иргэн нэгэн зэрэг Номгон сум руу шилжжээ. Тэд нэг өдөр, нэг цагт “нүүсэн” гэсэн мэдээлэл аймгийн Бүртгэлийн газарт бүртгэгдсэн байна. Хачин байгаа биз.
Сураглаад үзвэл, тэдний 20 орчим нь Даланзадгад сумын Голомт банкны салбарын ажилтнууд, одоо ч ажлаа хийгээд аймгийн төвдөө сууж байгаа гэнэ.
Шалтгаан нь тун “энгийн” бололтой. “Голомт” банкны Өмнөговь аймаг дахь салбарын захирал Ө.Баянмөнх Орон нутгийн сонгуульд нэр дэвшжээ. Ө.Баянмөнхийн тойрог Номгон сум юм.
Сонгуулиар санал луйвардлаа, сонгогчдыг зөөлөө гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй эх захгүй ярианд бид бараг дасчихсан. Гэтэл ийм зүйл үнэхээр байдаг бололтой юм. Тэгэхдээ бүр сонгуулиас хэдэн сарын өмнө зохион байгуулчихсан байдаг ажээ.
Хөдөөгийн суманд 99 сонгогчийн санал гэдэг лут тоо. Баргийн нэр дэвшигчийг сонгочихно гэсэн үг. Орон нутгийн сонгууль байтугай УИХ-ын сонгуульд 50-60 хүнээр зөрж ялагдах нь их. Тиймээс Ө.Баянмөнхөд зориулсан ялалтын “нүүдэл” Номгоныг зорьсон байж таарах нь.
Санал тоолдог машинтай ингэж л “зохицож” ажилладаг болжээ, сонгуульчид.


