С.САРУУЛ

АТГ-аас өнөөдөр /2018.10.25/ ээлжит мэдээллээ хийх үеэр 60 тэрбумын асуудлыг сөхөөд буй Г.Доржзодовтой холбоотойгоор тайлбар өглөө.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Иргэн  Г.Доржзодов зарим зүйлийг ташаа мэдээлсэн. Энэ хэргийг хаана шалгаж, хэрхэн шийдвэрлэх нь бүхэлдээ прокурорын байгууллагын эрх байдаг. Энэ утгаараа энэ хэрэг дээр ажлын хэсэг гарч ажилласан. Ингээд тухайн үед мөрдөх чиглэлийн байгууллагуудын хийсэн ажиллагааг прокурор хэргийг хаахаар шийдвэрлэсэн. Харин саяхан дахин сэргээж, хуучин ажлын хэсэгт даалган ажиллаж байна. АТГ дурандаа энэ хэргийг хаагаад, хэн нэгэн хүнийг хаацайлаад байгаа юм биш.  Одоогоор хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Анх 2016 онд УИХ-ын сонгуулийн үеэр АН, МАН гэсэн хоёр субъектээс холбогдох дуу дүрсний бичлэг, материалуудтайгаар энэ хэрэг АТГ, ЦЕГ-т ирж, яригдаж эхэлсэн. Энэ ирсэн материалуудыг АТГ шинжилгээний газарт хүргүүлсэн. Г.Доржзодовын ярьж байгаа шиг АТГ хуурамч материал бүрдүүлж, флаш диск гаргаж ирээд шинжилгээнд хүргүүлсэн асуудал  байхгүй. Материалыг бид шинжилгээний газарт хүргүүлсэн. Энэ үед хоёр минутын бичлэгийн асуудал яригдсан. Харин сүүлдээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 90 минут болчихсон. Эхний яригдаж байсан бичлэгүүдэд эвлүүлэг хийгдсэн гэх асуудал яригдаад байгаа. Бид хэн нэгэн хүний дуу хоолойг дуурайж ярьсан, эсвэл Доржзодов бичлэгүүдийг эвлүүлсэн гэж дүгнээгүй. Анхны шинжилгээн дээр фото зураг солигдож, бичлэгний доогуур текст явж байгааг эвлүүлэг байна гэж үзсэн юм.  Энэ асуудалд АТГ, ЦЕГ, ТЕГ-аас гаргасан шийдвэр байхгүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Г.Доржзодов нь ТЕГ-д 2-3 удаа байцаалт өгсөн, АТГ-д байцаалт мэдүүлэг өгөөгүй. Хэргийн харьяаллыг хаана шалгахыг прокурор шийдвэрлэнэ. Доржзодовын өчигдрийн ярьж байгаа шиг дан Тагнуул шийдвэрлэнэ гэсэн юм байхгүй” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn