М.ГАН

Ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7,088.3 тэрбум төгрөгт хүрэхээр тооцсоноос 91.3 хувь буюу 6,470.5 тэрбум төгрөг нь татварын орлого, үлдэх 8.7 хувь буюу 617 тэрбум төгрөг нь татварын бус орлогоор төвлөрүүлэхээр тооцжээ.

Ирэх онд нэг тонн зэсийн зах зээлийн үнэ дунджаар 8152 ам.доллар, нэг тонн нүүрсний үнэ нэр төрлөөс хамааран 83.2-161.2 ам.доллар, төгрөгтэй харьцах ам.долларын ханшийг 1336.1 төгрөг, газрын тосны олборлолт, экспортын хэмжээг дөрвөн сая баррелиас доошгүй байхаар, нэг баррель газрын тосны үнийг дунджаар 92.3 ам.доллар байхаар төсвийн төсөлд тусгаж тооцжээ.

Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2013 онд зохион байгуулахад улсын бүртгэлийн байгууллага, цагдаагийн байгууллага, Төрийн тусгай хамгаалалтын газарт гурван тэрбум 226,5 сая төгрөгийг нэмж тусгалаа. Ирэх оны сонгуулийг нийт хэдэн төгрөгөөр зохион байгуулах, яагаад дээрх гурван тэрбумыг нэмж байгааг гишүүн Ц.Нямдорж лавлав. Үүнд хариулах хүн Сангийн яамнаас олдсонгүй. 2009 онны Ерөнхийлөгчийн сонгуульд хэдэн төгрөг зарцуулсныг ч мэддэг хүн байсангүй. Уг нь  2-3 хүн өрсөлддөг цомхон сонгууль учир зардал бага гардаг гэнэ. Ямар боловч дээрх мөнгийг саналын хуудас унших, тоолох автомат машиныг цагдаагийн хамгаалалтад авахтай холбогдуулан нэмсэнийг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэв.

Байгалийн гамшигт нэрвэгдсэн орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулан 2.5 тэрбум төгрөгийг Гадаад харилцааны сайдын төсвийн багцад нэмж тусгалаа. Болоогүй зүйлийг ирээдүйд болно, түүнд Монголоос тусламж үзүүлнэ гэж зөгнөснийг гишүүн Ц.Нямдорж гайхав. Берлин дэх ЭСЯ-нд байр худалдан авахад 1.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Берлин дэхь манай Элчин сайдын яам хотынхоо захад байрладаг учир монголчуудад түвэгтэй байдаг гэнэ. Иймд хотын төвийн А зэрэглэлд боломжийн таван давхар орон сууцны нэгдүгээр давхарыг 1,5 тэрбумаар худалдан авахаар төлөвлөж буйг Гадаад харилцааны сайд Л.Болд хэллээ. Байршил, барилгын хувьд Монголд алдах юмгүй алтан боломж гэдгийг онцлов. “Тэр нь ямар байшин юм бол, ядаж зургийг аь харчих юмсан” гэж гишүүн Ц.Нямдорж хошуу нэмэв.

Мөн хотод хог боловсруулах үйлдвэр барихад 1.2 тэрбум, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөлд 15 тэрбумыг нэмлээ. Харин Өмнөговьд төрийн албан хаагчдын орон сууцны барилга барих 1.5 тэрбум,  “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн есөн тэрбум, цэргийн албан хаагчдын албан тушаалын айлын орон сууцны гурван тэрбум, монгол хүний ярьсан хэл яриаг таньж кирилл бичгийн текстийн файл болгох, кирилл бичгийн текстийг монгол хүний яриа болгох “ухаалаг программ хангамж”-ийг боловсруулах 400 сая төгрөгийг хаслаа.

“Шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт”-д дараах төсөл, арга хэмжээг хамааруулжээ. Замын цагдаагийн  торгуулийг бэлнээр төлдөггүй тасалбарын систем нэвтрүүлэх, иргэдэд шаардлагатай лавлагаа, мэдээлэл өгөх автомат машинуудыг байрлуулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх шуурхай цонх бий болгох, бага орлоготой иргэдэд зориулсан банк байгуулах, олимпийн спортын бэлтгэлийн төвүүдийг байгуулах, аймгийн төвүүдэд битүү зах, худалдааны төв барихад хөрөнгө оруулах, ногооны худалдааны төв Улаанбаатарт барих, аймгуудын нэгдсэн оношлогооны төв бий болгох, залуучуудын үйлчилгээний цогцолбор босгох, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөрөнгө оруулалт хийнэ гэжээ.