Хотын даргаас асууя!

О.ЧУЛУУТ

Замын түгжрэлийн эсрэг хийж байгаа ажлаараа хотын удирдлагууд иргэдээс овоо оноо цуглуулсан. Гэтэл нэг өглөө сэрэхэд л хотын төвийн замууд улаан шонгоор гоёчиж. Улаанбаатар хотын дундуур явж байгаа хэн ч цагаан шугам гишгэсэн улаан шонг хараад элдвийг бодсон болов уу. Хаймар эдээр хийсэн авто замын дундах  гоолиг шон бодвол нэгдүгээр эгнээг тусгаарлах үүрэгтэй бололтой. Удаах ув улаан, арай бүдүүвтэр  шонгууд замын эгнээг тусгаарлах ажилтай. Согтуу, яарсан, адгуу жолооч нар улаан шонгуудыг ямбийтал дайрчихаад зорчигчид ч тэр, жолооч нар юу ч болоогүй аятай цаашилна. Төсөв үү, төсөл, арга хэмжээний мөнгөөр боссон шон уу, бүү мэд. Илбийн юм шиг эзэн биегүй ажил гэнэт өрнөөд эхлэхээр зарим хүн хотын дарга нарыг хардаж эхлэв.

“Өмнө нь замын голд сарайсан төмрийн бизнесийг нөгөөхөөр сольчихож. Жил бүр зүлэгний хайс сольдог МАН-ын бизнесийг АН-ынхан өвлөчихжээ. Энэ ажилд мэдээж олон сая төгрөг зарж, урд хөршийнхнийг ажилтай, орлоготой болгосон нь  тодорхой” хэмээн автобусанд явсан хоёр зорчигч ярилцана. Хэн, хаанаас, хэдий хэрийн зардлаар энэ ажлыг хийгээд байгааг хэлээд өгөх хүн хотын захиргаанд байна уу.  НИТХ-ын төлөөлөгч бүсгүй “Улаан шонгийн нууцыг хэлээч” гэж хашгирч байхад иргэд ч мэдээлэл хүсэх нь арга байж уу дээ, Үүл баатар аа. Дэлхийн бусад улс замын эгнээ, урсгалыг хаймар шонгоор тусгаарлаж гангардаг юм уу. Нууц ажлынхаа тайланг хотын мээр дэлгэхгүй гүрийсээр байх уу. Уг нь тэр “Аливаа шийдвэр, арга хэмжээг иргэдэд даруй мэдээлэхгүй бол шууд хүчингүйд тооц” гэж хэлсэн удаатай сан.