Б.ҮЕНЧ
Тээврийн цагдаагийн албаас “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны хүрээнд өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Цагдаагийн байгууллагаас гаргасан дүн шинжилгээгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт хүний амь нас хохирсон хэргийн 75 хувь, бэртсэн хүний 50 орчим хувь нь орон нутгийн замд үйлдэгдсэн байна. Энэ үеэр ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ирэх сарын 1-ээс мөрдөж эхлэх шинэчлэн батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зарим онцлох заалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн өөрчлөлт орсон. Арваннэгдүгээр сараас шинэ дүрэм хэрэгжиж эхлэхээс өмнө жолооч, явган зорчигчид уншиж танилцах хэрэгтэй. Жолоочид хамарсан заалтуудад, утас ашиглахыг хориглосон. Учир нь утсаар ярьж замын хөдөлгөөнд оролцох үед жолоочийн анхаарал сулардаг. Жишээ нь, 35 км/ц-ийн хурдтай явж байгаа жолооч утсаар ярилгүй, ирсэн дуудлагыг салгахад гурван секунд зарцуулдаг. Гэтэл хурдтай явж байгаа энэ үед 47 метр газрыг туулж байгаа юм. Мөн хөгжим, чихэвч ашиглахыг хориглосон. Зөрчил гаргасан жолооч Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ.
-Явган зорчигч ямар үүрэг хүлээх вэ?
–Жолооч гэлтгүй явган зорчигч үүрэг хүлээнэ. Зорчих хэсэгт утас, чихэвч ашиглахыг хориглоно. Мөн скүүтер, 20 км цагийн хурдтай явдаг тээврийн хэрэгсэлтэй зорчиж болохгүй. Хэрэв замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинд мөргүүлсэн тохиолдолд таны буруу болно. Үүнд тухайн жолоочийн хурд хэтрүүлж, согтуу байх нь хамаарахгүй. Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцохдоо эргэлзэхийг хориглосон.
-“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны үр дүн хэр байв?
–Монгол Улсад бүртгэгдэж байгаа зам тээврийн ослын нийт гэмт хэргийн дийлэнх хувийг орон нутгийн замд бүртгэгддэг. Иймд цагдаагийн байгууллагаас “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяныг эхлүүлээд одоо үр дүнгээ тооцхоор ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас 500-600 алба хаагчийг энэ үйл ажиллагаанд татан оролцуулсан. Аяны хүрээнд 40 цэгт замын цагдаагийн пост байгуулах ажлыг эхлүүлж 50 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа юм.Орон нутагт цагдаагийн байгууллага болон МХЕГ, эмнэлгийн анхан шатны тусламж авч болох 24 цагийн үйлчилгээтэй 20 гаруй байгууллагыг ажиллуулаад байна Орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 21 аймагт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан хурд хэмжиж эхэлсэн. Мөн зам тээврийн осол ихээр үйлдэгддэг газруудад явуулын пост ажиллуулж эхэлснээр үр дүнгээ өгч байгаа юм.
-Орон нутгийн замд ихэвчлэн ямар зөрчлүүд түгээмэл гардаг бэ?
– Орон нутгийн замд цагдаагийн нүдийг хуурах, согтуугаар хүн тээвэрлэж хурд хэтрүүлэх, үнэмлэхгүй зорчих гэх мэт зөрчлүүд түгээмэл байдаг. Үүнээс үүдэн зам тээврийн осол гардаг. Бид гурван цагийн шалгалт хийхэд согтуу жолооч гурав илэрсэн. Машиндаа 5-7 хүн тээвэрлэж явахдаа 130 км-ийн хурдтай зорчиж байгаа юм. Эдгээр хүмүүс үхэл рүүгээ явж байна гэсэн үг. Жишээлбэл, 79 хувийн согтуу жолооч долоон хүн тээвэрлээд явж байна. Үүнд жолооч гэлтгүй зорчигчид анхаарах хэрэгтэй.
Эх сурвалж: www.polit.mn