Б.ГАРЬД

Хууль тогтоогчид эзэн Чингисийн төрсөн өдрийг тогтоов. Мэдээж хэрэг, хэсэг эрдэмтний тусламжтайгаар л даа. Монголын нүүрийг ганц тахалдаг Чингис хаан 1162 оны арваннэгдүгээр сарын 14-нд төржээ. Энэ өдөр бүх нийтээрээ амрах талаар УИХ бараг шийдчихэв. Үүнээс хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нийг “Монголын бахархалт өдөр” хэмээн нэрийдэх болох нь.
Хэдэн зуун дамнан судалсан ч эцэслэн тогтоож чадаагүй байсан Чингис судлалын нэгэн томоохон бүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар манай хууль тогтоогчид цэг хатгаж чадлаа.
Төрснөөс нь хойш 850 жил өнгөрч байгаа энэхүү суут хүний төрсөн өдрийг өдийг хүртэл олоод тогтоочихож чаддаггүй, манай эрдэмтэд юутай мунхаг.
Жил шахмын өмнө Чингис хааны ойг тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч байв. Зарлигийн дараахан Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд олон эрдэмтнийг цуглуулан Чингисийн төрсөн өдрийг олж тогтоох нарийн төвөгтэй ажлыг эхлүүлжээ.Тэд хэлэлцэж. Зөвлөх Р.Болд өгүүлрүүн “Тэмүүжиний төрсөн он, сар, өдрийн тухай XIII-XIV зууны өмнөх үеийн Монгол, Перс, Хятад зэрэг хэлээр бичигдсэн монгол сурвалжуудад өгүүлсэн нь бий. Монгол сурвалж бичгүүдийн мэдээ зангийг түшиглэн Тэмүүжиний мэндэлсэн огнооны талаар авч хэлэлцэх бололцоотой юм. Тэмүүжиний мэндэлсэн сар, өдрийн тухай сурвалж бичгүүдийн мэдээ заалтуудыг харьцуулан үзэхэд ерөнхийдөө өвлийн тэргүүн болоод зуны эхэн сар гэсэн хоёр хандлага ажиглагддаг юм билээ” гэвэл профессор Ш.Чоймаа тосгуулан авч “Яахын аргагүй бид Чингис хааны унасан газар, угаасан ус, гал голомтыг сахин суугаа монголчууд. Монголын нууц товчоонд он өдөр өдөр тавиагүй боловч давхар мэдээлэл агуулагдаж байна. Тэр цагийн монголчууд агт морь таргалсан, нум хатуурсан үеийг тааруулж гадагшаа дайн хийдэг байсан. Энэ мөч яахын аргагүй намрын адаг, эсвэл өвлийн эхэн сар байх ёстой. Жамбалдоржийн “Болор толь”, Ордосын түүхч Гончигжавын “Сувд эрхи”, мөн “Хөх түүх”-д өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн гэж тов тодорхой байгаа. Бас Оросын Санкт Петрбургт хадгалагдаж байгаа эх сурвалжаас Цэвээн гуайн 1910 онд хуулж ирсэн баримтад яахын аргагүй өвлийн тэргүүн сарын шинийн 3-нд мялаагуудын хурим хийдэг гэсэн байсан” хэмээв.
Дараа нь доктор Г.Аким “Ш.Чоймаа багшийн хэлж байгаа зөв л дөө” хэмээн дэмжиж, түүнийг залгуулан зохиолч, сэтгүүлч Л.Пүрэвдорж “Өвлийн эхэн сарын шинийн 3-нд угаалга тайлга, мялаагуудын хурим хийжээ гэдгийг түүхэн сурвалжийн ихэнхид тэмдэглэсэн байгаа юм” гэж дэмнэжээ.
Харин түүхч, судлаач Н.Нагаанбуу “Монголчууд өөрсдийн улирлын цаг тоололтой байсан. Би 2005 онд Монголын цаг тооллын тухай ном гаргасан. Академич Ч.Далай гуай редакторласан. Дундад зууны Монголын түүх их гажуудсан. Сая Ш.Чоймаа багш хэлж байна. Таны аравдугаар сар гэдэг чинь буруу. Тэр аравдугаар сард чинь аагим халуун байсан гэж эх сурвалжууд хэлээд байна. Монголчуудын он тооллоор намар есдүгээр сард цагаалж байсан гэдэг. Ганцхан зүйлийг хэлэхэд, эртний монгол тооллоор Чингис хаан өвлийн эхэн сарын шинийн 1-нд төрсөн нь үнэн. Одоогийнхоор арванхоёрдугаар сарын 21-нд төрсөн” гэдгийг тайлбарлав.
Араас нь доктор Х.Шагдар “Н.Нагаанбуу эд нар гайгүй сайн судалгаа хийсэн гэдэгт би итгэж байна. Яагаад гэхээр үйл явдал тэр цаг үе дээр буугаад байгаа юм” гэхэд академич Ш.Бира “Би бээр Их хааны төрсөн он, сар, өдрийг тусгайлан судлаагүй. Оныг бол тогтоож болно. Харин өдрийн бол ярвигтай. Төрөөс ёсчлохын тулд ойролцоогоор тогтоож болно. Тэр их хүнийг дурсан санаж, мэндэлсэн өдрийг нь тэмдэглэж байх үүднээс бид тодорхой өдөр тохироод тогтож болно. Ийм туршлагыг дэлхийн бусад түүхэн хүмүүсийн мэндэлсэн өдрийг тогтооход хэрэглэсэн нь бий” хэмээн тайлбарлан сургав.
Эцэст нь ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин “Эзэн богд Чингис хааны төрсөн сар өдрийг тогтооход түүхэн баримтуудад нь өнөөг хүртэл тодорхой тэмдэглэгдэж ирсэнгүй. Тиймээс үйл явц, нүүдэлчин монголчуудын зан заншил, уламжлал, шашин шүтлэг олон зүйлтэй харгалзуулж, уялдуулж шийдэх асуудал. Өвлийн тэргүүн сар хэмээн тогтох байх хэмээн найдаж байна” гэсэн санал нэмэрлэхэд Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд “Бидний өнөөдрийн хэлэлцүүлгээс манай иргэд Эзэн хааны мэндэлсэн цаг хугацааны тухай тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон болов уу хэмээн найдаж байна” гэснээр уг ярилцлага, хэлэлцүүлгийг товчилжээ.
Өдгөө УИХ-аар хэлэлцэн шийдэж буй Чингис хааны төрсөн өдрийг тогтоосон нь эндээс эхтэй.
Харин түүхийн эх сурвалж дээрх эрдэмтдийн хэлсэн ярьсан, оноосон баталсныг үгүйсгэдэг аж. Ардчилсан төрийн үед албан ёсны болоогүй болохоос Хубилай сэцэн хааны үеэс төрийн дөрвөн тайлга, дөрөвдүгээр сарын 16 буюу зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр гэдгээр Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг байжээ. Мөн Лу “Алтан товч”-оос хойшхи түүхэн сурвалжуудад “...зуны тэргүүн сарын улаан тэргэл өдрийн морин цагт...” хэмээн тэмдэглэсэн нь бий.
Ийн түүхийн элдэв нугачаа, үнэн худлын зааг үгүйн дундаас Их хааны төрсөн өдрийн энэ төрийн үед олоод тогтоочихов. Бахархах уу, гайхах уу, эсвэл эсэргүүцэх үү гэдгээ үл мэднэ.
Төрөөс төлөвлөсөн нь биднийг бахарх гэжээ. Гэхдээ зөв, буруу алийг нь ч мэдэхгүй. Ийм ойлголттой байгаагаа олон гишүүн нуусангүй. Кнопоо дарцгааж л орхино лээ. Эс ойлгосон ч олонхиороо шийддэг зарчмаар Эзэн Чингисийн төрсөн өдрийг тогтоогоод баталж орхилоо.
Одоо ганцхан ажил үлдэв. Улсын бүртгэлийн газрын шинэ дарга нар хууль тогтоогчдын баталсныг баталгаажуулах ёстой болох нь. Хүн бүрт тараагаад, дуусах дөхөж байгаа цахим үнэмлэхээсээ ганц ширхэгийг Чингис хаандаа зориулна гэсэн үг. Иргэний үнэмлэхтэй болгох бол төрсний гэрчилгээ нь байх учиртай. “Эцэг: Боржигон овгийн Бартанбаатарын Есүхэй. Эх: Олхонууд овгийн Дэй сэцэний Өүлэн. Хүүхдийн нэр: Есүхэйн Тэмүүжин. Төрсөн газар: Онон мөрний хөвөө, Дэлүүн болдог. Бүртгэсэн газар: Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын эрхэм гишүүд. 2012.11.01” гээд л төрсний гэчилгээ бэлэн болно. Регистрийн дугаар гэж ярвигтай юм бий. Гэхдээ амархан. Дэлүүн болдогийг товчлоод ДБ 62111401 гээд л болчих нь тэр.
Харин иргэний үнэмлэх дээр Боржигон овогт Есүхэйн Чингис гэсэн нэр байж таарна. Ингэж л сая нэг Чингис хаан албан ёсоор Монголынх болно. Энэ ажлыг яаравчлахгүй бол өнөөх гайхал хятадууд Чингис хаанд маань аль хэдийнэ дотор газрынхаа иргэний үнэмлэхийг өгөөд, аягүйдвэл Хятадынх гээд ЮНЕСКО-д бүртгүүлчихсэн байхыг ч үгүйсгэхгүй.
Цахим үнэмлэх дээр бичих бүх зүйлийг нэгэнт тогтоочихлоо. Ерөөсөө л Чингис хаандаа цахим үнэмлэх олгоё.