Ч.ЗОТОЛ
ЗТХЯ-нд болсон аймшигт хэргийн хохирогч, талийгаач Г-ийн 49 хоногийг тохиолдуулан  ар гэрийнхэн нь өчигдөр анх удаа мэдээлэл хийлээ.   Талийгаачийн аав  Р.Төмөрхуяг: МИНИЙ ХҮҮ АРХИДАЖ, ТАНХАЙРДАГ ХҮН БАЙГААГҮЙ    -Өнгөрсөн 49 хоногийн хугацаанд янз бүрийн мэдээлэл гарсан ч бид монгол ёс жаягаа бодож нэг ч үг хэлэлгүй өнөөдрийг хүрлээ.Хүү минь ажил дээрээ архиддаг, танхайрдаг хүн байгаагүй. Хүний эвийг олох гэж хичээдэг,  нийтэч зантай, төрийн албанд үнэнч шударгаар зүтгэж явсан. Голомт түших ганц хүүгээ би архи ууж, дарвиж, танхайрдаг байдлаар хүмүүжүүлээгүй. Гэтэл ингэж ойлгогдохоор зүйлүүдийг  ярьж, бичиж буй нь сэтгэл эмзэглүүлж байна. Үүний дараа тэрээр нотлох баримт буюу хэрэг гарах үед талийгаачийн барьж явсан гар утсан дээр үлдсэн бичлэгийг сэтгүүлчдэд сонсгосон юм.  Уг бичлэгт эрэгтэй хүн нэлээд захирангуй дуугаар “Чи хаана байна вэ. Махбал даргын өрөөнд хүлээж байна, одоо ороод ир” гэсэн нь  бичигдэж үлджээ. Үүнээс хагас цаг орчмын дараа тэрээр амь насаа алдсан байна. Талийгаачийн авга ах Р.Ганхуяг хэлэхдээ “Миний дүүгийн албан тушаалыг булааж авахаар 2018 оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулалттай ажиллагаа хийж байсан. Хөдөө томилолтоор явсан хойгуур нь ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ түүний оронд н.Дорждагва гэгч этгээдийг томилуулахаар хүсэлт өгсөн байдаг.  ТАЗ-ийн тогтоол  нь энэ байна / хуулбарыг гаргаж харуулав/. АТГ-аас тэр хүнийг   ашиг сонирхлын зөрчилтэй гээд буцаасан албан тоот бий /хуулбарыг харуулав/. Аймшигтай хэргийн маргааш өглөө би  дүүгийнхээ ажлын  өрөөнд ороход  гэрэл нь асаалттай, пиджак нь сандал дээрээ өлгөөтэй, хийж байсан бичиг баримтууд нь ширээн дээр нь дэлгээтэй  байсан /өрөөний байдлыг видео хэлбэрээр бичиж авснаа харуулав/. ЗТХЯ-нд болсон хүн амины хэрэг бол  монгол төрийн талцал хуваагдал, эрх ашиг, эдийн засгийн төлөөх том сонирхол, түүний төлөө улайран тэмцдэг байдлын  илрэл. Энэ бол улс төрийн оролцоотой хүн амины хэрэг, монгол төрийн шинэ зууны хэлмэгдүүлэлт. Миний дүүгийн амь насыг золин байж албан тушаалыг нь булаан авах гэж байсан  асуудалд УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд нарыг анхаарлаа хандуулахыг хүсч байна. Үнэн зөвөөр шударгаар шийдэж өгөхийг хүсч байна” гэв. Өмгөөлөгч З.Хүрэлсүх “Хэрэг гарсан өдрөөс хойш талийгаачийг Б.Махбал тэргүүтэй хүмүүстэй хамт архидаж, согтуурсан гэх ташаа мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Хэргийг анхнаасаа архитай холбон мэдээлж байгаа нь учир шалтгаантай. Ингэж мэдээлэх нь хэнд ашигтай, үүнээс хэн хожих вэ гэдэг нь өмгөөлөгчдийн анхаарлыг татаж  байна. Талийгаач архи дарснаас хол явдаг байсан гэдгийг сая аав нь ярилаа. Би мөр зэрэгцэн ажиллаж явсан хүний хувьд үүнийг гэрчилнэ. Нотлох баримтуудаар талийгаачийг утсаар ярьж дуудсаны дагуу албан өрөөнөөсөө гарсан гэдэг нь батлагдаж байгаа. Бид баримтуудыг Цагдаагийн байгууллагад өгч, шалгуулна” гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин