Б.ТӨГС

Хөгжлийн банк тойрсон авлигын хэрэгт хоёр жилийн өмнөөс холбогдон шалгагдаж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүн дэд захирал асан Б.Шинэбаатарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлснээ АТГ-аас мэдээллээ. Тодруулбал, тус үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа буюу 2016 оны аравдугаар сард нэр бүхий аж ахуй нэгж, хуулийн этгээдэд давуу тал олгон Хөгжлийн банкны барьцаанд байсан хоёр ширхэг Белаз маркийн машиныг зэх зээлийн бодит үнээс өндөр үнээр худалдан авчээ. Ингэснээр төрийн өмчид нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд яллагдагчаар татах саналыг ийнхүү хүргүүлжээ. Мөн урьд шөнө тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг баривчилсан. Энэ асуудалд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог тайлбар хийхдээ “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэв. Ийнхүү энэ хэрэгт “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг болон   н.Мөнхжаргал, н.Амарбат, н.Галбадрах гэсэн таван хүнийг яллагдагчаар татаад байна.

Эх сурвалж: www.polit.mn