Э.ОРХОН

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа яаралтай тусламжийг түргэсгэх болон зам тээврийн ослыг бууруулах арга замын талаар Замын цагдаагийн газрын дарга Ж.Буянбат, ЯТТТ-ийн дарга Ц.Пүрэвдаш нарыг өнгөрсөн баасан гаригт хүлээн авч уулзлаа. Уузалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож яаралтай тусламжийн өнөөгийн байдал болон осол гэмтлээс улбаатай нас баралт энэ оны эхний 10 сарын байдлаар 418 хүн зам тээврийн ослоор амь насаа алдсантай холбогдуулан яаралтай түргэн тусламжийг түргэсгэх ямар боломж байгаа талаар Замын цагдаагийн газрын дарга Ж.Буянбатаас тодруулав. Жил бүр машины тоо улам нэмэгдэж байгаатай холбоотой замын осол гэмтлээр нас барагсдын тоо буурахгүй байх хандлагатай байна. Түргэний машиныг хурдан явуулах боломжтой. Түргэний машин дуут дохиогоо ажиллуулан замын хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд зам тавьж өгөхгүй эсвэл замд нь санаатай саад болж байгаа жолооч нарын эрхийг хасахаар болсон байна. Мөн хотын замын аль хэсэгт түргэний тэрэг явахад хүндрэлтэй, түгжрэл ихтэй байдаг замуудын байршлыг зааж өгвөл тэр газруудаар хурдан явуулах арга хэмжээг авч өгөх боломжтойг Замын цагдаагийн газрын дарга Ж.Буянбат дуулгав. Тэрбээр нийт зам тээврийн ослын гуравны хоёр нь хөдөө, гуравны нэг нь хотын зам дээр гардаг. Зам тээврийн ослоор хотын зам дээр явган зорчигчид, хөдөөний зам дээр машин доторх зорчигчид нас барах нь илүү байгааг дуулгаад, замын цагдаа нарт яаралтай тусламжийн талаар сургалт явагддаггүй тул осол гарсан үед түргэн тусламж хүлээж цаг алдах явдал их тохиолддог. Тийм учраас цаашид замын цагдаа нарыг яаралтай тусламжийн сургалтад хамруулах шаардлагатай байгаа хэмээн хэлэв. Дэд сайд замын цагдаагийн газрын даргын хүсэлтийг хүлээн авч эрүүл мэндийн яам, замын цагдаагийн газар хамтран 2013 онд багтаан нийт замын цагдаагийн ажилчдын гуравны нэгийг яаралтай тусламжийн сургалтад хамруулахаар болсон байна. Яаралтай түргэн тусламжийн дарга Ц.Пүрэвдаш түгжрэлийн эсрэг авсан арга хэмжээний үр дүнд түргэн тусламж очих хурдыг 10 хувиар нэмэгдүүлснийг дуулгаад нийт яаралтай тусламжийн дуудлагын 69% нь 20 минутад багтаж очдог болсон гэж хэлэв. Дэд сайд Ж.Амарсанаа цаашид түргэн тусламжийг 20 минутад биш 10 минутад очдог болгох зорилтыг дэвшүүлэн ажиллах хэрэгтэйг онцлон яамны зүгээс хамтран ажиллана гэдгийг илэрхийлэв.