Б.ЗАЯА

 Нийслэлийн хэв жур­мыг сахиулах зорилгоор цагдаа, олон нийт, төрийн байгууллага хамтран ажиллаж буй юм. Чингэлтэй дүүргийнхэн хэв журам хамгаалахаар сүржин ажил эхлүүлжээ. Тэр нь дүүргээ камер­жуулах. Уг ажлын тендер өнгөрсөн хоёрдугаар сард болж, “Сектик сервис” гэх дохиолол, хамгаал­лын компани ажил гүйцэтгэх эрхийг авчээ. Дүүргийнхэн Хайлааст орчмын дөрвөн хороонд тус бүр 10 ширхэг камер суурилуулахаар 400 сая төгрөгийн төсвийг бат­луулсан байна. Хэрэг зөрч­лийг илрүүлэх, иргэ­дийн амгалан тайван байд­лыг хангах зорил­гоор олон нийтийн хөлийн газар, сургууль цэцэрлэгийн орчимд каме­рийг тавих байсан. Тендерт ялсан уг компани дө­рөв­дүгээр сард ажлаа эхлүүл­сэн гэх. Гэтэл одоог хүр­тэл ажлын гүйцэтгэл дуусаагүй, үр дүнгүй байгаа мэдээллийн дагуу сурвалжиллаа.

 Уг ажлыг Чингэлтэй дүүргийнхэн Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан аж. Тиймээс камерийн хяналтын нэгд­­сэн цэг байрлах “Хайлааст” цагдаагийн тасагт очвол тасгийн дарга уг ажлын талаар юу ч  мэдэхгүй гэв. Ямартаа ч хяналтын камерийг хальт харуулаад гаргав. Энэ үед камер хянаж суух ажилтнаас тодруулахад зарим камерийг хүлээлгэж өгөөгүй гэв. Гэхдээ гацсан байдалтай хэд хэдэн камер дэлгэц­нээ харагдана. Учрыг лавлахаар дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсийг зорилоо. Тус тендерийг гардан гүй­цэтгэж, хяналтын камер суурилуулах ажлыг ха­риуцсан тус хэлтсийн Мэ­дээлэл технологи, дотоод сүлжээ хариуцсан мэргэжилтэн н.Лхаг­ваня­маас тодруулав. Түүний хэлж буйгаар ажлын гүйцэтгэл аль зургаан сарын өмнө дуусч, гарын үсэг зуралцан хүлээн ав­чээ. Чингэлтэй дүүргийн “Хайлааст” орчмын 13-16 дугаар хороонд тус бүр 10 камер суу­ри­уулсан гэнэ. Хөдөлгөөнт, сүлжээгээр ашигладаг гэх камер суурилуулах ажил­лагаанд тус бүр 10 орчим сая төгрөг зарцуулсан гэв. Мөн хяналтын камер байрлах тусгай шон бо­лон хяналтын төхөө­рөмжийг хороо тус бүрт суурилуулсан гэнэ. Ин­гэс­нээр хорооны ажил­чид, цагдаагийн тасгийн­хан ажлын байрнаасаа нутаг дэвсгэрийнхээ амгалан тайван байдлыг ажиглан суух боломжит нөхцлийг бүрдүүлсэн гэх тайлбар өглөө.  Харин газар дээрээ бодит байдал ямар байж вэ?

 

ГЭМТ ХЭРГИЙГ БУС ХОГИЙГ ХЯНАГЧ КАМЕР

Хайлааст орчмын ну­таг дэвсгэрт баар, цэнгээ­ний газар элбэг тул архи­дан согтуурах, танхайн хэрэг зонхилдог байна. Хэрэг зөрчлийг хяналтын камерын тус­ламжтайгаар илрүүлсэн мэдээ харин алга. Хорооны цагдаа нарын дунд “Хэрэг хянагч бус хог хянадаг камер” гэх яриа үүссэн байна. Камерын толгойн хяналт нь “Хайлааст” цагдаа­гийн тасагт болон хороо тус бүрт байрладаг аж. Хорооныхон хог хая­даг иргэдээ хянах болом­жийн арга энэ болжээ. Гэтэл үндсэн үүрэг болох хэрэг зөрчил хянах бо­ломжгүйг хорооны цаг­даа нар хэлж байна. Учир нь тавьсан камерийн тал хувь нь гацаж, ажилладаг хэдэд нь бичигдсэн хү­мүүс хэн гэдэг нь ха­рагд­даггүй гэнэ. Тухайлбал, тус дүүргийн 13 дугаар хороо одоогоор 16 камертай. Өнгөрсөн жил уг хороонд Дэлхийн Зөн олон улсын байгууллагын төслөөр 23.4 мянган ам.долларын хөрөнгө­рөөр зургаан камер тавьжээ. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард 19.4 тэр­бум төгрө­гийн хянал­тын камер суу­рилуулсан ажил тайлан мэдээд үлд­сэн байна. Мөн “Дэл­хийн зөн” олон улсын бай­гууллагын тусламж­тайгаар тавьсан хэмээн Засаг дарга нь ярьдаг су­рагтай. Тэгвэл өнөөх дүүргийн Засаг даргын хөрөнгөөр тавих камер хаачив.

Хороо бүрт байрлах хяналтын камерийн тол­гой нь 24 цаг ажиллах ёстой. Гэвч 13 дүгээр хорооны Засаг даргын өрөөн дэх хяналтын ка­мер унтраалттай байх аж. Хэд хоногийн өмнөөс ажил­­лахгүй болсныг хорооны ажилтан хэлж байв. Ажиллаад ч нэ­мэр­гүй гэнэ. Бичлэг хадгалах хугацаа 24 цаг. За тэгээд сүлжээ, тог тасарсан үед камер ажилладагүй аж.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны хя­налтын камер мөн л Засаг даргынхаа өрөөнд заларсан тул энэ эрхэм л хянах эрхтэй. Гэвч хоёр, гурван камер лавтайяа ажилладаггүй гэнэ. Ха­рин 15 дугаар хороог зо­ри­вол цагдаагийн ажилт­нууд “Цагдаагийн газрын лого бүхий камер өлгөө­тэй байгааг харсан этгээд хэрэг зөрчил гаргах нь багассан” гэв. Гэхдээ одоо­­хондоо тэдэнд хороон дээрээ хяналтын камераар хэрэг зөрчил хянах боломж  алга. Учир нь Засаг даргын өрөөнд заларсан камерийн хя­нал­тын дэлгэц ажил­лагаагүй болжээ. Засаг дарга олон шалтгаан хэлж байна. Тэд хүлээлгэж өгөөгүйг ч онцолсон юм. Камерийн хүчин чадал маш сайн тул айл гэрийн цонхоор юу болж буйг харчихдаг учир хүний эрхийн үүднээс камераа ажиллуулахгүй байгаа гэв. Уг хорооны Засаг дарга МАН-ынх аж. Тий­мээс өнгөрсөн сонгуу­лийн үеэр суртал­чил­гааны ажилчдаа хянах сайхан боломж олджээ. Мөн өрсөлдөгч намынхаа ч хянаж чадаж. Гэтэл АН-ынхан гомдол гаргасан байна. Тиймээс МАН-ынхнаас орон нутгийн сонгууль дуустал ажил­лагааг нь хаажээ. Түүний хэлснээр дүүр­ги­йн хө­рөнгөөр хороодод та­вигд­­сан камер 60 ширхэг байгаа гэнэ. Бичлэгийг 47 хоног хадгалдаг аж. Түүнч­­­лэн 16 дугаар хороонд очвол шинэхэн байранд орсон хорооны­хон сүлжээний кабелиа тавиулаагүй нэрийдлээр одоохондоо камераа хя­насан ажиллагаа алга байв.

 

“ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТТЭЙ НЬ 1-2 САЯ ТӨГРӨГ”

 Нэг бүр нь 10 сая төгрөгийн үнэтэй камер иймхэн хүчин чадалтай байгаад эргэлзэв. Хүмүүс рүү утасдаж асуувал, өндөр үзүүлэлт бүхий сүүлийн үеийн камер 1-2 сая төгрөг байдаг байна. Мэдээж энэ нь шөнийн цагаар өөрөөсөө гэрэл­түүлж, орчин тойрноо хянах хөдөлгөөнт камер. Гэтэл тус хороодод та­вигдсан хяналтын камерийг Солонгосоос оруулж ирсэн Probe-403, ARE cout-AV5825 гэх загварын хөдөлгөөнт, хөдөлгөөнт бус камерууд аж. Зах зээлийн ханасан үнэ нь нэг сая төгрөг. Тэгвэл үлдсэн хөрөнгө нь да­галдах хэрэгсэл, суу­ри­луулсан ажлын хөлс зэргээр тооцоологджээ. Хамгийн гол нь үзүүлэлт өндөр камер чанараа яагаад алдав.

Ийм үед гэмт хэргийн гаралт багассан эсэх нь эргэлзээтэй. Цагдаа на­рын ярьж буйгаар хя­налтын камер тавьснаар өдрийн цагаар камерийн тусгалтай газар хэрэг зөр­чил багассан гэнэ. Гэвч шөнийн цагаар өмнөх байдлаараа байгааг учир­лаж байв. Гэмт хэргийн 85 хувь нь шөнийн цагаар үйлдэгддэг гэх судалгаа бий. Хэрэг зөрчлийг хяналтын камер бус хөдөлгөөнт эргүүлийнхэн илрүүлсэн хэвээр байх аж.

Төслийнхөн 400 сая төгрөгөөс хороодод хя­налтын дэд цэг суу­рилуулсан. Ажиллахгүй, хянахгүй байгаа ажилд хий хоосон хөрөнгө зарцуулсан болж таарах. Засаг дарга нар нь өрөөндөө хав дарчихаад ажиллахгүй, ажилласан ч цоожтой хаалганы цаана байсаар байна. Ийн явсаар хяналтын нэгдсэн цэг байрлах “Хайлааст”-ын цагдаагийн тасагт эргэн очив. Гэтэл “Сек­тик сервис” ком­панийн инженер гэх залуу ирчихсэн хяналтын камерийг харуулав. Та­талт, хүчин чадал хам­гийн сүүлийн үеийн тех­нологи гэх мэтчилэн ажил­лагаа сайн хэмээн ам сайтай байх аж. Өдөр, шөнөгүй ажиллах чадалтайг хэлж байв. Гэтэл халуун цэгт ажиллах хорооны цагдаа нарын ам зөрөх юм. Тэд хяналтын камерууд зөв­хөн өдрийн цагаар үүргээ гүйцэтгэдэг гэдгийг хэлж байсан. Шөнийн цагаар хяналт тавих боломжгүй юм байна. Нөгөө л таталт, чанарын асуудал энд хөн­дөгдөнө. Угтаа гудамж талбайд байрлуулсан хя­налтын камер 24 цагийн ажиллагаатай байх учир­тай. Мөн үнэндээ то­хир­сон чанарыг хэрэг­лэгчдэд үзүүлэх ёстой. “Сектик сервис” ком­пани Чин­гэл­тэйг камер­жуула­хынхаа өмнө Бага­нуур дүүрэг, Дархан-Уул аймаг болон Ус сувгийн удир­дах га­зарт камер суури­луулах ажил хийж байжээ. Тэр бүгдэд нь эргээд камер ажиллахгүй байна гэх гомдол, хэл ам тасралтгүй ирдэг байжээ. Чин­гэлтэй дүүргийн Засаг даргын орлогч twitter хуудсандаа “Чингэлтэйн камерууд ажиллахгүй байна. Камер суулгасан компанийг шүү­хэд өгье” хэмээн жиргэсэн байсан юм.

Хагас тэрбум орчим төгрөгийн төсөв бүхий ажил одоог хүртэл дуу­саагүй, камер тус бүрт хэдэн төгрөг зарцуулсан, албаны хүн яагаад уг ажлын гүйцэтгэл сайн байгаа хэмээн хаацайлах болсон талаар дахин сурвалжлах болно.