Э.ОРХОНСҮРЭН

“Гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч ажилд авна” гэсэн зар сонины хуудас, телевизийн зарын сувгаар нэлээд элбэг харагддаг. Энэ тухай амьтан хүнд зарлаад сүйд болдоггүй ч таньдаг, мэддэг ах дүү, найз нөхдөөсөө асууж сураглан хүүхэд хараад өгөх найдвартай хүний эрэлд гардаг хүн бидний дунд бас цөөнгүй байдаг. Энэ нь монголчуудын бэл бэнчин өссөн гэхээсээ илүү цаг, завгүй хүмүүс их байдаг гэдгийг илтгэдэг. Нөгөө талаар цэцэрлэг, сургууль хүрэлцдэггүй гэсэн шүүмжлэлийг байнга дагуулж байдаг өнөө үед цаг, ар гэрийнх ажлыг нь амжуулчихдаг, үр хүүхдийг нь найдвартай хараад өгөх хүн хэрэгтэй байгааг харуулж байгаа хэрэг юм.
“Хүүхдээ хэнээр харуулах вэ” гэдэг асуудал бол ялангуяа залуу эцэг, эхчүүдийн хувьд толгойн өвчин болсон гэхэд хилсдэхгүй. Хүүхдээ цэцэрлэгт өгөх гэхээр нас нь болоогүй гээд авахгүй аль эсвэл харьяа дүүрэгтээ оч, харьяалалгүй хүүхэд авахгүй гээд түлхдэг. Улсын цэцэрлэгт хүүхдээ өгч чадахгүй болохоор хэн нэг нь хүүхдээ хараад гэртээ суухаас өөр аргагүй болдог. Харин нөгөө нь ажил хийж, ар гэрээ тэжээдэг. Манайд ийм жишээ хаа сайгүй бий. Зарим нэг нь хүүхдээ аав, ээждээ даатгаж үлдээнэ. Хүүхдээ гэртээ ганцааранг нь цоожилж үлдээгээд өдөртөө нэг эргэдэг бөх зүрхтэй аав ээжүүд ч бас бий. Үүнээс болж бага насны хүүхдүүд гэртээ түлэгдэж нас барах, цонхоор унаж бэртсэн тохиолдол ч цөөнгүй байдаг. Энэ бүхнээс үзэхэд хүүхэд харах хүн өнөөгийн нийгэмд зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Тиймээс нийгмийн энэ эрэлт хэрэгцээг мэдэрч, БШУЯ болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллагуудаас санаачилан энэ сарын 30-нд “Хүүхэд харах үйлчилгээг хэрхэн нэвтрүүлэх вэ?” гэсэн хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ 56 МЯНГАН ХҮҮХЭД БАЙНА
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2-5 насны 228 мянган хүүхэд байдаг аж. Эдгээрийн 56 мянга нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийг гэртээ цоожлох, бага насны хүүхдэд хүүхдээ даатгаж орхих зэрэг нь цаанаа олон эрсдлийг дагуулсаар байгаа юм. Үндэсний статистикийн хорооноос хийсэн “Хүүхэд хөгжил 2010” судалгаагаар тав хүртлэх насны хүүхдийг цаг болон түүнээс дээш ганцааранг нь цоожлох, 10 хүртэлх насны хүүхдээр харуулж байсан нь нийт хүүхдийн найман хувийг эзэлж байсан байна. Иймээс бага насны хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж чанартай хоол хүнсээр хангах шаардлагатай байгаа юм. Харах хүнгүй гэртээ үлдэж байгаа хүүхдүүдийг харах үйлчилгээг төрийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байв. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Нийслэлийн боловсролын газар, боловсролын хүрээлэн, МХЕГ, хувийн болон улсын цэцэрлэгийн төлөөлөл багш нар оролцож санал бодлоо солилцсон юм. “Хүүхэд харах үйлчилгээ” нь бага насны хүүхдийг асран хамгаалахад чиглэсэн, гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан уян хатан үйлчилгээний хуваарьтай байх ёстой гэсэн шаардлага журмыг БШУЯ боловсруулжээ. Энэхүү үйлчилгээг эрхлэх хүсэлтэй иргэн нь үйлчилгээ үзүүлэх тухайн хүүхдийн эцэг эхээс өөрийн хүүхдээ харуулах саналыг нэгтгэн аймаг, дүүргийнхээ харъяаллын хүмүүст гаргах аж. Ингээд хүсэлтийн дагуу нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр аймаг дүүргийн Засаг дарга Засгийн газраас баталсан журмын дагуу эрх олгох тухай хуулийн төсөлд тусгасан байна
Хэдийгээр энэ нь манай оронд шинэ ажил боловч гадаадын олон оронд энэ асуудлыг хүүхэд асрагч нарын тусламжтайгаар шийдвэрлэдэг юм байна. Тухайлбал, Германд хүүхэд хүмүүжүүлэх, өвчтэй болон настай хүн асрах, хөгжлийн бэрхшээлтэй хүнд туслах, гэрийн тэжээвэр амьтдыг арчлах зэрэг албан ёсны, улсын бүртгэлтэй ажил байдаг юм байна.
ХҮҮХЭД АСРАГЧДЫГ ЯАЖ ШАЛГАРУУЛЖ АВАХ ВЭ?
Өнөөдөр ажилгүй байгаа мянга мянган хүн байна. Аравдугаар ангиа дүүргэсэн ч их дээд сургуульд орж чадалгүй гэртээ 1-2 жил өнжсөн, “Ажил олдвол хиймээр байна, даанч тохирох ажил олдохгүй байна” гэж ярих хүн бишгүйдээ л нэг таардаг. Тэр хүмүүст яагаад энэ ажлыг санал болгож болохгүй гэж. Харин тэгэхдээ хариуцлага дааж, ажилдаа ухамсартай хандах хүнийг олны дундаас шигшиж авах нь чухал юм. Яагаад гэвэл, таньж мэдэхгүй, дээрээс нь хүүхэд харах туршлага, мэдлэггүй хүнээр хэн ч үр хүүхдээ харуулахыг хүсэхгүй. Дээрээс нь бид хүүхэд асрагч гэх нэрээр айлын гэр эзэгнэчихээд нялх хүүхдэд нь нойрсуулах эм өгч орхичихоод өдөржин зугаалж явсан гэх таагүй мэдээллийг өмнө нь сонсч байсан. Тиймээс хүүхэд асрагчдыг сонгон шалгаруулах, тэднийг сургаж дадлагжуулах тал дээр илүү анхаарах хэрэгтэй юм. Энэ удаагийн хэлэлцүүлгээр ч бас энэ тухай дурьдав.
Хүүхэд харах эрх авсан иргэдэд зориулан тав хоногийн сургалт зохион байгуулах гэнэ. Энэхүү үйлчилгээний санхүүжилтийг төрөөс үзүүлэх бөгөөд цэцэрлэгийн хүүхдэд олгодог хувьсах болон хоолны зардалтай адил байх ажээ. Харин бусад зардлыг эцэг эхчүүд гаргах бөгөөд сард 12.100 төгрөг байхаар тооцжээ. Хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлсэнээр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 30 мянган хүүхдэд боломж бий болж, ажлын байр нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа юм. Мөн хүүхдээ хараад хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 30 мянга гаруй хүүхдийн эцэг эх тодорхой хөдөлмөр эрхэлж орлоготой болох давуу талтай юм байна.
Хүүхэд харах үйлчилгээний талаар холбогдох албаны хүмүүсээс асууж сонирхлоо.
БШУ-ы сайд Л.Гантөмөр:
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ БОЛ ДЭЛХИЙН ОЛОН ОРОНД ХЭРЭГЖДЭГ ХӨТӨЛБӨР
Асуудал бэрхшээлийг шийдэхэд шинэ гарц, шинэ орц, шинэ санаачилга, шийдмэг чанар, зориг, хурд дутаж байна. Нэг л хэв загварт баригдсан арга барилаар хандаад байвал хамар дээрээ наалдсан будааг хараад бөмбөгөр цагаан гэр байна хэмээн араас нь алхаад байдаг явган бадарчны үлгэр шиг болно. Цэцэрлэгийн хүртээмж яг ийм байдалтай байна. Тэгээд ямар арга зам байна вэ. Тулгамдсан бэрхшээлийг давах хурдтай арга, сайн жор байна уу гэвэл байна.
Цэцэрлэгийн хүчин чадал, хүүхдийн тоо хэрэгцээ хоорондоо их зөрүүтэй байгаа учраас тооцон судалж шинэ санаачилга гаргаж байна. Дэлхийн олон оронд хэрэгжсэн, батлагдсан бэлэн туршлага, жор технологи нь байна. Тэр бол хүүхэд харах үйлчилгээ юм. Гэрээр хүүхэд харах үйлчилгээг хуульчлан баталсанаар цэцэрлэггүй 80 мянга орчим хүүхдийн 30 мянга гаруйн асуудал ойрын ирээдүйд шийдэгдэнэ. Гурван зуун цэцэрлэг барьж байж 30 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдана. Түүнтэй харьцуулахад нийгмийн бодит нөөц боломжийг ашиглаж асуудлыг бага хугацаанд шийднэ гэсэн үг. Дотроо хоёр үндсэн хэлбэртэй. Эхнийх нь хамгийн бичил хэлбэр, өрхөд суурилна, 4-6 хүүхэд харна, хоёр ажилтан байхад болно. Дараагийнх нь төвд суурилсан, 12-15 хүүхэдтэй, гурван ажилтантай байх ёстой. Аж ахуйн нэгж байгууллага ажилчдынхаа хүүхдэд зориулан ийм үйлчилгээ эрхэлж болно. Иймээс хүүхдүүдийнхээ төлөө оюун бодлоо уралдуулж, шинэчилж шийдэх хэрэгтэй байна.
ХҮҮХЭД ХАРАХ ХҮМҮҮС МЭДЛЭГ, БОЛОВСРОЛТОЙ БАЙХ ЁСТОЙ
Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, профессор Д.Амар:
Хүүхэд харах үйлчилгээ хуулийн төсөл хэлэлцүүлж байгаа нь зөв. Хүүхэд харах үйлчилгээ манайд байдаг, олон улсад ч аль дээр үед бий болсон асуудал. Хэлэлцүүлгээр олон хүний саналыг маш сайн сонсох нь чухал юм. Энэ үйлчилгээг бий болгоход Эрүүл мэндийн яамыг заавал оролцуулах хэрэгтэй гэдэг саналтай байна. Мөн хүүхэд харах хүмүүс боловсрол өндөртэй байх хэрэгтэй. Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал зэргийг сайн эзэмшсэн хүүхэд харах туршлагатай хүн байх нь чухал. 2-5 насны хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгжсөн байдаг маш чухал үе. Зарим хүмүүс сэтгэл судлал сурган хүмүүжүүлэх шаардлагагүй гэж байна. Тийм биш. Уламжлалт сурган хүмүүжүүлэх болон орчин үеийн шинжлэх ухаан гэж байдаг. Үүнийг хослуулах нь чухал ач холбогдолтой. Иймээс хяналтын байгууллага, яам сайн анхаарч дамжаа, сургууль төгссөн хүмүүс энэ гэрчилгээг олгох хэрэгтэй. Мөн тэтгэвэрт гарсан хүмүүст асар их туршлага байна. Тиймээс энэ хүмүүсийн ажил амьдралыг туршлагыг нь ашиглах нь зөв гэсэн юм.