Б.ТУУЛ
БШУЯ-аас хүүхэд, багачуудын оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийх олон арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, тун саяхан хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгоор “Авъяас” хөтөлбөрийг санаачлан гаргасан. Харин одоо цэцэрлэгийн багачууд, дунд сургуулийнхан, их дээд сургуулийн оюутнуудад зориулсан “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөр нь сургуулийн өмнөх насныхан болон дунд сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутан залуусын оюунлаг сэтгэлгээг хөгжүүлэх, тэдэнд ном унших арга зүйг эзэмшүүлэх, энэ үйлсэд олон нийтийг татан оролцуулах зорилготой юм байна.
Өнгөрсөн долоо хоногт МҮОНТ-ийн студид ном бүтээгчид болон уншигчид чуулж энэ чиглэлээр шууд ярилцлагад оролцсон юм. Ярилцлагад ирсэн зочид хүүхэд залууст ном унших ёстой гэж тулгадаг хуучин хандлагыг халж, ном уншихын ач холбогдол, номыг хэрхэн унших вэ гэх зэрэг мэдээллийг өгч, номоор дамжуулан мэдлэгээ тэлэх боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурин дээр нэгдэж байв. “Ном” хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд залууст ном унших, номыг эрхэмлэх үзэл санаа төлөвшиж, эцэг эхчүүд хүүхдээ номтой нөхөрлүүлэх хэрэгцээг ухамсарлаж, номын тусламжтайгаар бүтээлчээр сэтгэж ярихад хүүхдээ сургах энгийн арга барилуудыг эзэмших юм байна.