Засгийн газар

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва хүйтний улирлын прогноз гарсантай холбогдуулан өвөлжилтийн бэлтгэл ажил, цаашид авах арга хэмжээ болоод өвөлжилт хүндэрч болзошгүй 10 аймгийн Засаг дарга, онцгой комиссын гишүүдтэй өчигдөр холбогдож тэдний санал хүсэлтийг сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ.
Шадар сайд өнгөрсөн зун, намар нийт нутгаар бэлчээрийн гарц сайн байсан. Аймгуудаас ирүүлсэн урьдчилсан мэдээгээр энэ жил улсын хэмжээнд нийт 177 мянган малчин өрхөд 40,7 сая мал өвөлжүүлэх бэлтгэлийг хангасан байна. Энэ жил өвөлжиж, хаваржих нийт малын хэрэгцээнд өнөөдрийн байдлаар нийт хадлангийн 92,8 хувь буюу 1158,5 мянган тн өвс, 35,6 мянган тн ногоон тэжээл, 38,6 мянган тн гар тэжээл бэлтгэж хадлан тэжээлийн бэлтгэл дунджаар 87,6 хувьтай байна. Малчид өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тоо урьд жилүүдээс харьцангуй бага байх төлөвтэй байгаа бөгөөд улсын тусгай хэрэгцээний зургаан бүс нутагт нийтдээ 1,5 сая малыг отроор өвөлжүүлэх боломжтой байгаа ч одоогийн байдлаар зургаан аймгийн 450,0 гаруй малыг оруулах захиалга, хүсэлтийг холбогдох газруудад ирүүлсний дагуу харилцан гэрээ, хэлцлүүд хийгдсэн талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
Ус, цаг уурын хүрээлэнгээс 2012-2013 оны хүйтний улирлын төлөв байдлыг ихэнх нутагт агаарын температур олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар хүйтэн, хур тунадас олон жилийн дунджаас ахиу орно гэж гаргасан. Тиймээс видео хурлын үеэр өвөлжилтийн бэлтгэлажилтай холбогдуулж Баянхонгор аймгаас Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумууд байнгын эрчим хүчинд холбогдоогүй тул дизель түлш, генератор худалдан авах хөрөнгийн асуудлыг шийдүүлж өгөхийг Шадар сайд хүсэхэд Засгийн газрын 96 дугаар тогтоолоор дээрхи гурван сумдын дизель түлшний зардалд зориулж 73,358,500 төгрөгийг олгосныг дуулгалаа. Мөн Өмнөговь аймгаас Засгийн газрын тогтоолоор Мандал-Овоо сумын өвс тэжээлийн цэгийг Сэврэй суманд шилшүүлж өгөх хүсэлт тавьсны хариуд Улсын нөөцийн салбар түүний харъяа Мандал-Овоо, Номгон сум дахь өвс тэжээлийн цэгийн байршил тоо хэмжээг тогтоож баталгаажуулсан тул энэхүү тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ гэж мэдэгдсэн юм.