М.ГАН

 

УИХ-ын Төрийн бай­гуулалтын байнгын хо­рооны өчигдрийн хурал­даа­наар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төслийн анхны хэлэл­цүүл­гийг хийж гишүүд дэмжлээ. Мөн  ”Чингис хаан” одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тог­тоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төс­лийн  анхны хэлэлцүүл­гийг хийж дэмжсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал­даанаар хэлэлцсэн бас нэг асуудал нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв. Энэ хуулийн төслийн агуулга нь зарчмын шинжтэй дараах зүйлээр илэрч байгаа юм. Тухайлбал, нийтээр тэмдэглэх баярын өдөрт Монгол бахархлын өдрийг арваннэгдүгээр сарын 14-ний өдөр байхаар нэмж, энэ өдөр бүх нийтээр амардаг байх, Улс тунхагласны баярын өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр байсныг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгох тухай байсан. Гэвч хэлэлцүүлгийн явцад гишүүд, арваннэгдүгээр сарын 26 буюу Улс тунхагласны баярын өдрөөр амардаг байсан нь хэвээр байх, түүнчлэн арваннэгдүгээр сарын 14-нд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр нийтээр амардаг болох тухай хэлэлцээд дэмжсэн. Энэ тухай чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн шийд­вэрийг гаргах юм. Гишүүдийн олонхи дэмж­вэл жил бүрийн арван­нэгдүгээр сард бүх нийтээр хоёр удаа амардаг болох нь.