Т.БАТСАЙХАН

МАН өнгөрсөн сонгуулиар үнэмлэхүй  ялалт байгуулж, УИХ-д 65 суудалтай болсон.  Тэдний  бүрэн эрхийн хугацаа яг талдаа  орж байна. Гэсэн ч эрх баригч нам улс орны өмнө тулгамдаж буй асуудал ярихаасаа илүү нам  доторх бүлэг, фракцын маргаанд анхаарал хандуулж байгаа нь үнэн.  УИХ дахь МАН-ын бүлэг 32, 33-ын гэсэн албан бус фракцад хуваагдаж, Засгийн газраа унагасан. У.Хүрэлсүх 33 бүлэгтэй сүлбэлдэж, Засгийн эргэлт хийж, тэдний дэмжлэгтэйгээр мөн намын даргаар сонгогдсон.  УИХ-ын гишүүн Д.Гантулгыг 33-ын бүлэг хамгаалж, парламентад бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудал орж ирэхэд авч  үлдэж байсан удаатай.

Гэсэн ч Д.Гантулгыг хамгаалж үлдсэн нь 32 бүлгийн эсэргүүцэлтэй тулгарч, У.Хүрэлсүх “дүүгээ”  аргагүйн эрхэнд явууллаа.   Ийнхүү 33-ын бүлэг 32 болж үлдлээ.  МАН-ын бүлэг 32 , 32 болоод тэнцчихлээ.  Тэдний  ялгаа гэвэл нэгийнх нь ард Ж.Эрдэнэбат тэргүүтэй өмнөх Засгийн газрын үед сайд байсан эрхмүүд бий.

Нөгөө 32-ын ард одоогийн Засгийн газрын тэргүүн,  парламентад нэлээд олон жил болсон МАН-ын тулхтай, түшигтэй гишүүд ч байна. Мөн У.Хүрэлсүхийн 32-ын бүлэг АН-ын бүлэгтэй  нэлээд ойрхон гэдэг.  Өнгөрсөн хугацаанд Засгийн газраа МАН-ын 33, АН-ын бүлэгтэй  хамтарч байгаад тавиад туучихсан. Ийнхүү МАН-ын бүлгийн  хуваагдал, парламентад нэлээд өндрөө авч, аливаа асуудалд хурцаар гарч ирж байна. Одоо МАН-ын бүлэг 32:32-ын харьцаатай боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин