Онцлох сэдэв

Ө.СОНОР

Шинэчлэлийн гэж нэр­лэчихээд  байгаа  Зас­гийн газар  энэ тухай ярьж байгаа юм. Ерөнхийдөө бол гол санаачлагч нь  АН л даа. Төрийн албыг ний­гэмшүүлэх  Нийтийн ал­баны тухай хуулийн төс­лийг Засгийн газар дэм­жиж, одоо УИХ-д  өргөн барихаар бэлтгэгдэж бай­на. Төрийн  албыг  үндсээр нь  өөрчлөх үүргийг  Ерөн­хий  сайд  Н.Алтанхуяг багийнхандаа өгч ажлын хэсэг  байгуулсан юм.  Ажлын хэсгийг  нь  ЗГХЭГ-ын дарга Ч.Сай­хан­билэг  ахлаж, УИХ  дахь тус намын бүлгийн­хэн хуулийн төслийг бэлдсэн.

Нийтийн албаны ту­хай хуулийн төслийг  са­наа­чилсан талаараа аж­лын хэсгийнхэн “Төрийн алба нь  агуулга, үзэл  баримтлалын хувьд  гагц­хүү нийтийн ашиг сонир­холд захирагдан, нийтэд үйлчлэх учиртай.

 Гэтэл төрийн албаны тухай уламжлалт ойлголт, тогтсон хэвшил нь олон нийтийн дунд нийтийн албаны  үндсэн зорилго, мөн  чанарын буруу  ташаа ойлголт  төрүүлж байна.  Төрийн албаны тухай өнөө­гийн хуулийг ард­чилсан эрх зүйт төрийн зарчимд нийцүүлэн өөр­чилж, улс төрийн нөлөөл­лөөс  ангид, мэргэшсэн, тогтвортой, хараат бус, мэдлэг чадварт  суурилсан нийтийн  алба  болгон төлөвшүүлэхэд чиглэсэн  арга хэмжээг авч хэрэг­жүү­лэх шаардлагатай. Төрийн албыг нийтийн алба болгон  өөрчлөн бай­гуулснаар авлига, хээл  хахууль, хүнд  суртал буу­рах нөхцөл бүрдэж, төрийн үйлчилгээг “Нэг цонх”-ны  зарчмаар иргэдэд хүргэх, төр, иргэний харилцан  итгэлцэл, хамтын  ажил­лагаа бэхжинэ гэж үзэж  байна” хэмээн  танил­цуулжээ. 

 ТӨРИЙН АЛБАНД  РЕФОРМ ХИЙХ ШАЛТГААН

 Төрийн албаны нэрийг өөрчлөх  ямар шалтгаан байгаа  вэ. Мэдээж энэ  албанд  бугшсан хүнд  сур­тал, авлига хээл  хахуу­лийн сүлжээ  үндсэн  тул­гуур  болох нь гарцаагүй. Нийгэм өөрчлөгдсөнөөс хойш хэдэн  үеийн Засгийн газар  дамжин  бэхжсэн бусармаг байдлыг өөр­чилж, төрийн албыг тун­галагшуулах нь Шинэч­лэлийн Засгийн газрын хийх ёстой ажил мөн үү гэвэл  мөн. Худалдаа  аж үйлдвэрийн танхимаас гаргадаг хүнд суртлын индексээс эхлээд бүх төр­лийн судалгааны байгуул­лагууд төрийн албыг ав­лигын амин сүнс  гэдгийг нь  батлаад  өгчихдөг. Тэдний  гаргасан судал­гаа­гаар газрын алба, мэр­гэжлийн хяналт, гаалийн байгууллагууд хүнд сур­тал,  авлига  авдагаараа байнга тэргүүн эгнээнд байдгийг  иргэд бараг цээ­жилсэн байх. Ер нь  тө­рийн албаныхан болом­жийн ажиллаж байгаа гэ­дэг үгийг нэг ч хүн ам­наасаа унагадаггүй нь  энэ салбарын дампуурлыг  илт­гэж  байдаг гэхэд  бол­но. Дээрээс нь тодорхой  шийдвэр гаргах  төвшний  албан  тушаалтнууд  бо­гино хугацаанд хөрөнгө­жиж, авдаг цалингаасаа арав дахин их  мөнгө  зар­цуулахаар тансаг хэрэг­лээ­тэй болдгийг  Авлига­тай тэмцэх газрынхан  ан­дахаа байсан билээ. Байдал  нэгэнт ийм болсон учир төрийн албанд  ши­нэч­лэл зайлшгүй. Бүр  100  хувийн  өөрчлөлт  хэрэгтэй  байгаа.  Гэхдээ өнгөрсөн хугацаанд  төрийн  албанд нэг ч сайн шинэчлэл бай­гаагүй гэвэл бас худал.  Төрийн албыг улс төрөөс  салгасан шийдвэр энэ салбарт зайлшгүй  нэгэн дэвшлийг  авчирсныг онц­лох хэрэгтэй. Чухам­даа бол нам, улс төр  хоёр төрийн  албанаас  долоон уулын цаагуур байвал асууд­лыг  шийдэхэд  хял­бар болно. Хэдий  ийм  боловч  төрийн албыг үнэ­гүйдүүлэх бас нэг уруудалт гарч ирэх гээд байгаа юм биш  биз.

 ТӨРИЙН АЛБЫГ ХЭВЭЭР НЬ БАЙЛГАХ ҮНДЭСЛЭЛ

 Нэгэнт  бий болсон  буруу тогтолцоог өөрчлөх  хамгийн эхний  алхам нь төрийн  албыг нийтийн  алба  болгох хэмээн Н.Алтанхуягийн Засгийн га­зар хуулийн  төсөл бэлд­лээ. Одоогоор хуулийн төсөл ил  болоогүй,  нэр  өөрчлөхөөс өөр  ямар зохи­цуулалт хуулийн төсөлд орсон нь тодорхойгүй бай­на. Ажлын  хэсгийнхний дээр хэлсэнчлэн нэр  өөрч­лөгдөөд л бүх зүйл өргөс  авсан мэт болохгүй. Хуу­лийг бүх талаас нь зөв гаргаж, төрийн алба  гэдэг  зангарагийг нь  үлдээхгүй  бол Монголын  төрийг хий  нь  гарсан шаар шиг бол­гохгүй гэх баталгаа алга. Мэдээж  энд  ард  түмний  нурууг бөхийлгөж,  авлига  нэхдэг,  хүнд суртлын үүр, уурхай  болж  суудаг тө­рийн албаныхны зангара­гийн тухай бичээгүй. Харин Монгол Улсын төр нь хүчирхэг  байж, эдийн  засаг, нийгэм, геополити­кийн бодлогоо хамгаалж, хөгжлийн  хамгийн оновч­той  хувилбарыг дэвшүүл­дэг байх зангарагийн ту­хай онцолсон хэрэг. Ний­тийн албаны тухай хуу­лийн төслийг public гэдэг  үгээс ургуулан бэлдсэн байж  таарах байх. Гэхдээ  нийтийн юм гэдэгт  юуг хамруулж, юуг салгаж  ойлгох вэ гэдгийг онцлон харахгүйгээр  яаран шийд гаргах нь эргээд муу үр дагаварт хүргэж болохыг анзаарахгүй өнгөрч  болох­гүй санагдана. Бид яагаад  төрийн алба гэдэг холбоо үгээс  жийрхээд байна вэ. Асуудал нь  нэршилд биш тухайн бүтцийг  бүрдүүлж буй нам, бүлэг, албан хааг­чдад  байгаа гэдгийг хуу­лийн  төсөл  санаачлаг­чид мэдэж буй.  Иргэддээ ээлтэй, төр шиг төрийн  албатай, Засаг шиг  Зас­гийн газартай улсууд дэл­хийд  хүчирхэг харагддаг. Тө­рийн албыг нийтийн алба болгож нэр солих амархан.  Харин төрд  ху­вийн эрх ашгийн төлөө  ажилладаг хувхай  сэтгэл­тэй хүнд сурталтангууд, авлигачдаас  салах хэцүү. Төрийн албыг  ийм хү­мүүсээс салгаж  тунгалаг­шуулах хууль, эрх зүйн орчинг  нэн яаралтай  бүр­дүүлэх  нь л  хамгаас чухал  байна.

Бид яагаад  төрийн алба гэдэг холбоо үгээс  жийрхээд байна вэ. Асуудал нь  нэршилд биш тухайн бүтцийг  бүрдүүлж буй нам, бүлэг, албан хаагчдад  байгаа гэдгийг хуулийн  төсөл  санаачлагчид мэдэж буй.  Иргэддээ ээлтэй, төр шиг төрийн  албатай, Засаг шиг  Засгийн газартай улсууд дэлхийд  хүчирхэг харагддаг.