Т.САЙХАН
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар өдгөө хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. С.Баярын тулуй өвчин хүндэрсэн, харин Ч.Сайханбилэг яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон гэх шалтгаанаар тэднийг хорих 461 дүгээр ангиас Сайд нарын II эмнэлэгт шилжүүлсэн байдаг. Ерөнхий сайд нарын биеийн байдал сайжирч байгаа талаар ч эх сурвалжууд мэдээлж байна. Тэгвэл өчигдөр тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч нэг хоногоор хойшлогдлоо. Шүүх хурал өнөөдөр болно. Энэ удаагийн хуулийн байгууллагын процессыг харахад Ерөнхий сайд нарыг бараг л батлан даалтад гаргахаар тохиролцсон болов уу гэж харагдаж байна. Учир нь прокурорын байгууллагаас тэдэнд хилийн хорио тавьж, батлан даалтад гаргах саналаа шүүхэд хүргүүлээд байна. Харин өнгөрсөн тавдугаар сарын 10-нд болсон шүүхийн үдээс өмнөх хуралдаанаар Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг батлан даалтад гарган, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлахаар шийдвэрлээд байсан юм. Хэдий тийм боловч прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу хэргийг дахин хянаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамжийг үндэслэл тодорхой бус хэмээн үзэж, захирамжийг хүчингүйд тооцжээ. Улмаар Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сараар сунгахаар шийдвэрлэсэн байдаг. Харин энэ удаа прокурорын байгууллагаас тэднийг батлан даалтад гаргах саналыг хүргүүлээд байгаа. Тэгэхээр Ерөнхий сайд нар бараг л “эрх чөлөө”-тэй болж таарах байх. Тэднийг Оюутолгой төслийн хүрээнд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр хийсэн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлах асуудалд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин