Д.БОЛОРМАА

МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатартай ярилцлаа.
-УИХ дахь МАН-ын гишүүдийг буйдан дээр сууж, төрийн ажил гацаасан гээд мөнгөн торгууль ногдуулахаар боллоо. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө торголоо гэж зарим нь шүүмжилж байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Та нарын жагсаалыг буруутгахгүй. Энэ чинь ардчилсан нийгэм байхгүй юу” гэж хэлж байсан. Иймэрхүү асуудлыг хуульд хэрхэн тусгасан байдаг вэ?
-Хуралдааны танхимын хаалгыг хааж суулаа гээд хэн нэг дарга “Торго” гээд төрийн тусгай хамгаалалтын албан хаагч болоод УИХ-ын гишүүдийг торгох үндэслэл байхгүй. Хуулиараа боломжгүй. Дэлхийн орнуудын хуульд ард түмний бүрэн эрхтэй төлөөлөгчийг зөрчлөөр шалтаглан айлган сүрдүүлэх, номхруулах, дарамтад оруулахгүйн тулд тусгайлан хамгаалж өгсөн байдаг.
Манай УИХ-ын тухай хуульд ч гэсэн тодорхой заасан бий. Тухайн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь баривчилснаас бусад тохиолдолд албадан саатуулах, цагдан хорих, шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулахыг хориглосон. Тодруулбал, шүүгч хүртэл УИХ-ын гишүүнийг захиргааны журам зөрчлөө гээд шууд торгох боломжгүй гэсэн үг. Өнөөдөр АН-ын зарим нөхөд маань зориудаар “МАН-ын УИХ-ын гишүүдийг заавал торгох ёстой. Жирийн иргэн болоод УИХ-ын гишүүн хоёр тэгш эрхтэй” гээд сүртэй нь аргагүй ярьж байна. Угаас Монгол Улсын иргэн хэн боловч хууль, шүүхийн өмнө ижил тэгш эрхтэй. Гэхдээ иргэн хүн нийгмийн олон төрөл харилцаанд янз бүрийн эрх, үүрэгтэйгээр оролцдогоос хамаарч харилцан адилгүй хариуцлага үүрдэг. Жирийн иргэн УИХ-ын гишүүн хоёрын ажил үүрэг эрс ялгаатай нь хэнд ч ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний үүрэг хариуцлага улсын нийтлэг эрх ашиг, олон түмний ашиг сонирхолтой холбогддог учраас тэдний дуу хоолой, санаа бодлоо илэрхийлэх боломж баталгааг тусгайлан зааж хамгаалсан байдаг нь парламентын ардчиллын нэг баталгаа. Сүүлийн үед Монголын нийгэмд дарангуйллын шинж тэмдэг хүчтэй илрэх болсон. Өөрт нь таалагдахгүй, тэдний үгэнд орохгүй, үйлдлийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол элдвээр занаж байна шүү дээ. Тэр нь юугаар илэрч байна гэхээр улс төрийн зорилготойгоор гэмт хэрэгт холбох, хариуцлага хүлээлгүүлнэ гэж мэдэгдэж байгаагаар юм. УИХ-ын гишүүний албан ажилдаа гаргаж байгаа ааш, үйлдлийг ярих гэж байгаа бол УИХ-ын дотоод механизмаар зохицуулагдана. Төрийн тусгай хамгаалалтын хуульд төрийн тусгай хамгаалалтын албаныхан зөвхөн чуулганы хуралдааны аюулгүй байдалд санаа тавих үүрэгтэй болохоос гишүүний сахилга, ёс зүйн асуудлыг хариуцахгүй. Тэр тусмаа гишүүд, УИХ-д суудалтай нам, бүлэг хоорондын улс төрийн маргаантай үйл ажиллагааг зохицуулах, эсвэл аль нэг талын шахалтаар нөгөөг нь дарамтлах үүрэг хүлээхгүй. Хэрэв тэднийг улс төрийн зорилгод ашиглавал парламентын олонхийн төлөө ажилладаг дотоод цагдаагийн үүргийг гүйцэтгэхэд хүргэнэ. Үүнээс үүдэж парламентат ёс алдагдах ноцтой үр дагавартай. Жижиг гэлтгүй зүйлээс аюул бий болно.
-Тэгэхээр торгох тушаал нь гарсан ч танай намынхан торгуулахгүй гэж үзэж байна уу?
-Хэн яаж торгох юм. Төрийн тусгай хамгаалалтын албан хаагч УИХ-ын 20 гаруй гишүүдэд шаардлага тавиад хүлээж аваагүй болохоор нь торгож байна гэх үү. Эсвэл УИХ-ын дарга “Торго” гээд байгаа учраас торголоо гэх үү. УИХ-ын дарга гишүүдийнхээ шаардлага хүсэлтийг сонсоод холбогдох байнгын хороогоор нь хэлэлцүүлэх боломжтой байсан. Гэтэл УИХ-ын даргын зүгээс МАН-ын бүлгийг ад үзэж хууль бусаар торгохоор болсон нь ядарсан бас даварсан хэрэг. Парламентын байр руу өндөг шиддэг, хуралдаан даргалагчийн үйл ажиллагааг саатуулдаг, үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан орнуудад байдаг үзэгдэл. Тэглээ гээд тэр улс орнуудын ардчилсан үзүүлэлт нь суларч, доголдсон зүйл алга. Манайхаас илүү өндөр үзүүлэлтэй байна. Цуглааны тухайд хэлэхэд, бид арга ядахдаа хийсэн байхгүй юу. Өвөрхангайн хэрэг маргаан сонгогчдыг үнэхээр бухимдуулж байна. Тийм улайм цайм асуудлыг шийдэх гээд зүтгээд байгааг тэвчих аргагүй. МАН-ын гишүүдийг чуулганы үйл ажиллагааг гацаалаа гэж мушгиж байна. Бүлгийн асуудлыг улс төрийн тогтсон соёлын хүрээнд шийдвэрлэсэн бол МАН бүлгийн эрхийнхээ хүрээнд завсарлага аваад тал талаас нь ярилцах боломж гарах байсан. Бид тангараг өргөхөө түр хойшлуулаад бусад асуудлаа ярья гэсэн шаардлага тавьсан. Гэтэл бүлгийн статусыг нь зөвшөөрөхгүй хясан боогдуулж өнөөг хүрчихээд “Хоёр өдөр ажил зогсоолоо” гээд мэдээллийн хэрэгслээр яриад байгааг ойлгохгүй байна. Зарим гишүүн хүртэл “Төрийн ордонд ойрхон очоод баривчлагдаж байлаа. Бусдад нь яагаад хууль үйлчлэхгүй байна” гэхчилэн зүйл ярьж байна лээ. 2008 он хүртэл Төрийн ордон гадуураа хашаагүй байх үед Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн оюутнууд Төрийн ордны зүүн талын хэсэгт суугаад инээж хөхрөөд суудаг байсан. Хашаа баригдсаны дараа бидэнтэй адил жагсаал, цуглаан хийж байсан иргэдээс баривчлагдсан хүн байхгүй. Баривчлагдсан гэх тэр хүмүүс нь цагдаагийн болон төрийн тусгай хамгаалалтын албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн байдаг юм билээ.
-Таны ярианаас төсөв хэлэлцэх хариуцлагатай үед чуулганы хуралдааныг тасалдуулаагүй гэсэн санаа ойлгогдож байна. Төрийн ажилд ямар ч саад учруулаагүй гэсэн үг үү?
-Өнгөрсөн хугацаанд АН хугацаагүй завсарлага аваад олон чухал асуудлыг хойш татдаг байсан. Гэвч засаг авснаас хойшхи явуулж буй ажиллагаа нь хуулийн хүрээнээс хальчихсан учраас манай бүлгийн гишүүд дээрх зүй ёсны арга хэмжээг авсан. АН-ын дарангуйлсан, түрэмгийлсэн энэ үйл ажиллагаа хуулийн хүрээнд байх бүх боломжийг алдагдуулсан учраас жагсаж цуглахаас өөр аргагүй болсон. Тэглээ гээд ард түмний эрх ашиг хохироогүй. Харин ч хожсон. Яагаад гэвэл энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарал хандуулж зохицуулах ёстой хэмээн санаачлагатай хандаж байна. Түүнээс гадна манай гишүүдийг УИХ-ын даргын зөвлөл рүү дайрч орлоо гэж байгаа. Уг нь УИХ-ын дарга “Та хэд энэ асуудалд ингэж хандаач. Ойлголцооч” гээд өөрөө санаачилгаараа даргын зөвлөлдөө урьж оролцуулах ёстой байсан юм. Харамсалтай нь, УИХ-ын дарга нь АН-ын бүлгийн гишүүдийн даргын дарга болчихоод үүргээ биелүүлэхгүй болохоор өөрсдөө орж асуудлаа учирласан хэрэг. Нэг хэсэг гишүүдээ алагчилж үзээд байхаар олуулаа оролгүй яах вэ дээ.
-МАН-ын гишүүд УИХ-ын үйл ажиллагааг анхнаасаа л мордохын хазгай гэж шүүмжилдэг. Энэ зөрчил, маргаан ойлгомжгүй олон асуудал дагуулж байгаа нь АН хүчээр асуудлыг шийдснээс үүдсэн гэж танай намынхан онцолж байсан?
-УИХ-ын даргын томилгооноос эхлээд бүх зүйл мордохын хазгай болсон нь үнэн. Яагаад гэвэл УИХ-ыг эмхлэн байгуулахдаа бидний сүүлийн хэдэн жил бий болгосон парламентын соёл, зөвшилцөлийн соёл, намуудын хамтын ажиллагааны арга барилыг АН-ыхан алдагдууллаа. Энэ удаагийн парламент өмнөхөөсөө илүү ардчилсан болох ёстой байсан. Гэтэл арван жилийн өмнөхөө сөхөж улс төрийн хонзогнол байгаагаа ил тод зарлаад байдаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид АН-ынхныг дорд үзэж дарах байтугай, харин ч УИХ, Засгийн газрын төвшинд хангалттай хамтарч ажилласан. Биднийг 20 жил дангаараа Засаг барьсан л гэдэг. Яг үнэндээ 20 жилийн есөн жилд нь МАН дангаараа, дөрвөн жилд нь АН дангаараа, таван жилд нь МАН, АН-тай, хоёр жилд нь АН-аас бусад намуудтай эвсэж ажилласан түүх байгаа.
-Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан УИХ-ын даргын хууль бус томилгоо болон хэд хэдэн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэтэл Цэц маргаан үүсгэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүнээс хамааран МАН-ынхан Үндсэн хуулийн цэц болоод хууль, шүүхийн байгууллага АН-ын гарт орсон. Бусдыг захиалгаар ялладаг тухай ярих болсон. Цаашид дахин Цэцэд хандвал үнэний талд шийдвэр гарах нь эргэлзээтэй байж болох юм?
-Манай намын асуудалд хууль алагчилж үйлчилж байгаа. Үүний хажуугаар хууль үйлчилдэг болохын хажуугаар албадан биелүүлэх тухай их ярьж байна. Гэхдээ хуулиа хэнд сайн албадан биелүүлж байна гэхээр зөвхөн Ардын намынханд л үйлчлүүлж байна. Үүнийгээ шударга ёсны төлөө хийж байна гээд байгаа юм. Үнэндээ шударга ёсны төлөө бол угтаа зөв, дэмжүүштэй хэрэг. Харамсалтай нь, тийм биш. Шударга хандахгүй байгаа учраас МАН гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно. Хамгаалахаас өөр аргагүй байдалд оруулж байна. Гишүүдийн эрх ашгийг зөрчих нь хэрээс хэтэрч байна шүү дээ. Юманд чинь зүй ёс гэдэг зүйл байдаг даа. Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн олон хуулийг зөрчиж эхэлсэн. Дээрээс нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь хоорондоо дэндүү холилдчихсон. УИХ-ын гишүүд нь Засгийн газрынхаа гишүүнийг давхар хийж байна. Мөн шүүх эрх мэдэл нь эрх барьж байгаа АН-д илүү үйлчилдэг тал уруу орчихсон. Ингээд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нэг хүчний гарт орчихоор ямар юмны үнэн шударга зүйл байх вэ. Ардчилал улам бүр хумигдаж байна. Шүүх, хууль тогтоох байгууллага нэг этгээдийн гарт орвол хүссэн, хүсээгүй дарангуйлалын нийгэм рүү ордог. “Ардын намын бүлгийг зөвшөөрөх эсэх нь бидний гарт байгаа шүү. Танай олон хүн шалгагдаж байгаа. Цаашид гэмт хэрэгт татагдаж магадгүй. Олон юм яриад байвал торгоно шүү” гэж байгаа нь цэвэр дарангуйлал. Өөрөөр хэлбэл, эрх барьж байгаа намын үгэнд орохгүй бол заналхийлж байгаа хэрэг байхгүй юу. Өнөөдөр хууль, шүүхийн байгууллага болоод Засгийн газар нь нийлж хүч хавсраад дарамт үзүүлээд байгаа нь харагдаж байна. МАН бол зангарагтай, туршлагатай, хүчтэй нам. МАН-ын удирдлага ч туйлын хүлээцтэй хандаж, тэр хэрээрээ эрх баригчидтай уулзлаа. Зарим тохиолдолд гуйх нь холгүй юм боллоо шүү дээ. Хүсэлт ч тавилаа. Мэдэгдэл гаргалаа. Сонгуулийн ерөнхий хороо, шүүх, Үндсэн хуулийн цэцэд нь хандлаа. Ерөөс хүлээж авдаггүй. Аргаа бараад Ерөнхийлөгчид хандаж байж энэ асуудал нааштай шийдэгдэхээр боллоо.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар УИХ-ын сонгуулиар хууль бусаар гаргасан гэх зарим тойргийн нэр дэвшигчийг эргүүлэн татах талаар ярьж байна. Энэ нь айлган сүрдүүлэлтийн нэг хэлбэр гэж үзэж байна уу?
-Дарамт үзүүлж байна. Прокурорын байгууллагатайгаа зэрэгцээд Хууль зүйн сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар ийм мэдээлэл байнга цацаж байгаа. Үүнийг бид хардах гэхээсээ илүүтэй зориуд явуулж буй бодлого гэж дүгнэж байна. Учир нь АН суудлынхаа тоог яаж ийж байгаад нэмэгдүүлэхээр улайрч байна. Үүнийгээ дарангуйлж байгаа үедээ ашиглаад хийчихье гэсэн бодлого барьж байна гэдэг нь илт. Эдгээр мэдээлэл хийж байгаа хүмүүс чинь хуулийн байгууллагын хүмүүс биш шүү дээ. Хууль зүйн сайд ч гэсэн мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Гэтэл хэн хэн нь ийм мэдээлэл хийгээд одоохон шийдэгдэнэ гээд байгаа нь ийм чиглэл өгөөд байна уу гэж харж байна. Тиймээс анхаарлаа хандуулахаас өөр аргагүй. Эрх баригчдын дураараа авирлаж дулдуйдаж байгаа нь хууль хяналтын байгууллагын хамгаалалт, дэмжлэгтэй байгаагийн тод жишээ юм. АН-ынхан шүүх, хууль хяналтын дэмжлэгтэйгээр хэн нэгнийг улстөрийн тавцангаас зайлуулах тийм бодлого үнэртсэн үйл ажиллагаа явуулаад байна. Энэ бол маш аюултай. Үүнийг Ерөнхийлөгч анхааралдаа авах хэрэгтэй. Эсвэл Ерөнхийлөгч өөрөө энэ асуудалд оролцоод байна уу гэх мэтийн хардлага эргэлзээ олон хүнд бий болчихоод байгаа нь нууц биш. Уг нь шинэчлэлийн Засгийн газар нь улс төрийн шинэчлэл, захиргааны шинэтгэл, эдийн засгийн төслүүд тойрсон хөгжлийн бодлого дээр хамтарч ажилламаар юм. Гэтэл нэг намын асуудал, барилга байшинтай зууралдаад байхаар чинь “элэглэлийн Засаг” гэж шоглохоос өөр яах вэ дээ. Үүнээс хурдхан гарах зам бол харилцан хүндэтгэл, ойлголцол, бие биеэ дэмжин ажиллах явдал. Энэ чинь ардчилсан ёс. Ардын намыг арчин хаях бодлого нь Монголын ардчилал гэж л эндүүрмээргүй юм даа, энэ эрх баригчид.
-Өвөрхангай аймгийн тойргийн асуудлаас гадна Увс, Дарханы сонгууль будлиантай болсон талаар яригдаж байна. Хэрэв Дарханы тойрогт сонгуулийн булхай орсон гэж үзвэл танд боломж гарч ирэх юм шиг харагдаж байна?
-Дарханаас энэ удаагийн сонгуулиар сонгогдож чадаагүй. Энэ талаар урьд нь нийтэд товч байр сууриа илэрхийлсэн. Би 600 гаруй хүний саналаар Д.Хаянхярваа гишүүний дараа орсон дүн гарсан. Бид хоёр нам нэгтэй хамтарч сонгуульд зүтгэж орсон хоёр. Миний баримталсан зарчим бол хамтдаа зүтгэх. Үүндээ үнэнч байж сонгуулийн ажлаа дуусгасан. Д.Хаянхярваа гишүүнд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа гэсэн хэвлэлийн хэмжээнд мэдээлэлтэй байгаа. Түүнээс илүү мэдээлэл авья ч гэж бодоогүй, хүсээгүй. Бид хоёр намын ажлын хүрээнд уулздаг. Гэхдээ энэ талаар асууж байгаагүй. Хэрэв тэр буруудвал би тэгнэ гэж бодох нь хүний мөсийн асуудал бий. Цаашилбал хуулийн байгууллагуудын асуудал, сонгуулийн дүрэм, сонгуулийн бусад асуудал гээд олон зүйлтэй холбоотой. . Улс төрчийн амьдрал маань эхлээд удаагүй байна шүү. Шулуухандаа хөгийн юманд нэр хутгалдахыг хүсэхгүй байна. Амьдралын маань алтан зарчим аливаа зүйл жам ёс, зүй ёсоороо байх явдал юм даа.