Д.БОЛОР


МАН-аас уйддаггүй сонгогчтой аймгийн нэг нь Говь-Алтай. П.Жасрай агснаас эхлээд 2012 оны УИХ-ын сонгуульд өнөөх л Ардын намаа дэмжсэн ард түмэн. Тэдний сонголтыг авч чаддаг ардын намынхан нь өнгөрсөн хугацаанд юу бүтээж гийгүүлэв гэхээр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бүтээн байгуулалт хомс хэвээр гэх. 

Зам харилцаа сайжирч, барилга байшин гэж сүндэрлэсэн зүйлгүй ч улс төр ярьж хамгийн их намчирхдаг сонгогчид. Зөвхөн коммунист үзэл баримтлалыг толгойдоо ягштал суулгасан учраас сонголтоо өөрчилж бусад намын нэр дэвшигчийг сонгох зүрх зориггүй гэх юм билээ.

Орон нутгийн сонгуульд МАН, АН болон бусад намын 35, бие даагч 18 хүн  аймгийн сонгуулийн хороонд бүртгүүлсэн байна.

Үүнээс харахад нэр дэвшигчийн олонхийг бие даагчид бүртгүүлж байгаа бололтой. Гэхдээ энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэр дэвшигчид өрсөлдөх боломжгүй болсон гэнэ.

Учир нь Говь-Алтай аймгийн МАХН-ын мянгатын дарга З.Жамьяндорж, МАХН-ын дэд дарга Б.Мөнхзул, МАХН-ын нарийн бичгийн дарга Д.Наранцэцэг нарын мэдээлснээр Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат тэднийг хавчин гадуурхаж  нэр дэвших боломжгүй болгосон гэх.

Говь-Алтай  нь Монгол Улсдаа газар нутгийнх хэмжээгээр хоёрдугаарт ордог ч сонгогчдынхоо тоогоор цөөнд тооцогддог аймаг. Аймгийн сонгуулийн хорооноос мэдээлж буйгаар МАН-ын жагсаалтыг аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр тэргүүлж буй юм байна. Түүний дараа аймгийн “Хадгаламж” банкны захирал Ж.Цэрэнхүү жагсчээ. Харин АН-ын жагсаалтыг тэргүүлэхээр “Монгол-999” үндэсний нэгдлийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд халуун зунаас эхлэн зүтгэсэн ч зорьсондоо хүрээгүй гэнэ.  Түүний оронд аймгийн Засаг даргын орлогч, намын дарга Х.Энхбаяр тэргүүлэх бол хоёрдугаарт хуучин онгоцны буудлын дарга байсан н.Дашпунцаг бичигдсэн байна.

Нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг аймгийн сонгуулийн хорооноос хүссэн ч тэд мэдээлэл өгөхийг хүсээгүй юм.

Учир нь тэд “2-3 хоногийн өмнө нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаа илгээнэ үү” гэсэн албан бичиг явуулбал өгөх болно гэсэн хариултыг өгөв.