Д.НАДМИД

 Булган аймагт орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил намдуухан байна. Тус аймаг 16 сумтай, 58 мянган хүн амтай. Түүний 38 мянга нь сонгуулийн насных гэсэн бүртгэл байдаг юм. Энэ жилийн орон нутгийн сонгууль шинэ хуулиар зохион байгуу­лагдах учраас 75 хэсэгт ажиллах 150 гаруй хүн саяхан  сургал­тад хам­рагд­сан байна.

Сонгуульд МАН, АН, МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвсэл гэсэн гурван субъектээс нийт 700-гаад хүн нэр дэвших бол аймгийн иргэдийн хуралд 84 хүн нэр дэвш­сэнээс 82-ыг нь бүрт­гэ­жээ. Аймгийн сонгуу­лийн хорооны энэ сарын 13-ны өдрийн 10 дугаар тогтоолд МАН-аас нэр дэвшигч Г.Наранцэцэг, МАХН-аас нэр дэвшигч М.Даваасүрэн нарыг бүртгэхээс татгалзсугай хэмээн тэмдэглэжээ.

Яагаад хоёр нэр дэв­шиг­чийг бүртгэж аваагүй талаар айм­гийн сон­гуу­лийн хорооныхон тодор­хой тайлбар хэлэхгүй байна. Аймгийн Иргэ­дийн хуралд нэр дэв­шигчид намаар нь ангилбал МАН-аас 33, АН-аас 33, МАХН-аас 17 гишүүн бай­­­на. Мөн айм­гийн хэмжээнд жагсаал­таас харвал ганц дайчин ган­цаардахгүй гэгчийг санаг­дуулам бие даан нэр дэвшигч ердөө нэг хүн байна. Тэр Хангал суманд нэр дэвшигч Б.Байгальмаа юм.

Сумдаас хамгийн олон хүн амтай нь айм­гийн төв буюу Булган су­манд 31 мандатын төлөө 77 хүн нэр дэвшчээ. Нэр дэвшигчдийн ажил мэр­гэжлийн байдлыг харахад онцлог нь эмч олон байна. Тэдний хоо­ронд өрсөлдөөн гарах бо­лолтой. Жишээ нь Баян-Агт сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч нь айм­гийн нэгд­сэн эмнэлгийн дарга­тайгаа, Сэлэнгэ су­мын эмнэлгийн эрхлэгч нь сумын Засаг даргатай өрсөлдөхөөр болоод бай­на. Намын жагсаалтыг сонирхвол аймгийн Засаг дарга М.Оюунбат МАН-ын, аймгийн ИТХ-ын дар­га Д.Эрдэнэбат АН-ын, Д.Сүнжид­маа МАХН-ын эхэнд бичигджээ.

Иргэдийн сонгуу­лийн идэвх нэлээд сайн байгаа нь харагдаж байлаа. Харин аймгийн Засаг дарга хэн болох тухай шивэр, авир яриаг сонсоход одоо аймгийн Иргэдийн хурлын дарга байгаа Д.Эрдэнэбатыг тодрох болов уу гэцгээж байна. Энэ таавар яриа байх аа. Засаг дарга М.Оюунбатдаа Булга­ныхан ам сайтай байдаг юм билээ. Өнгөрсөн гур­ван удаагийн сонгуульд ялалт байгуулж 12 жил аймаг удирдаж байгаа тун гайгүй дарга. Гэхдээ дахиад улираан сонгох уу, үгүй юу гэдэг бас одоохондоо оньсого л байна даа.