Д.МЯГМАР
Манай сонины хоймор болсон “Амьдралын тойрог” буланд нийслэлийн хүндэт иргэн Шагдарын Бираг урьж хөөрөлдөх завшаан тохиолоо. Түүний намтрыг сөхвөөс зөв ухаарлын харгуй замыг 85 жил аргадан аядуу явсан нэгэн.
Тэнгэрлэг Монголыг дэлхийтэй хэлхэж, Монголын түүхийг дэлхийн эрдэмтдийн сонорт хүргэж, судлуулж чадсан буурал эрдэмтний намтар баян, эрдмийн мөр гүн, судалгааны ажил нь нөр их ажээ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, академич Ш.Бира гуайн гэрт амралтын өдөр саатлаа.
Хан-Уул дүүргийн нутагт хүүхдүүдийн хамт амьдардаг аж. Түүний охин хаалга нээж уриалгахнаар мэндэлж “Ааваа хүлээж байсан зочин чинь ирлээ” гэж мэдээ хүргэлээ. Бид номын шүүгээгээр хана хийсэн, буйдантай өрөөнд орж тухаллаа. Багаас чинээлэг эцгийн буянд сайхан аж төрж байсан ч 1937 оны их хэлмэгдлийн гайгаар аав, ах, хамаатан саднаа алдаж айдас дунд өнгөрүүлсэн түүний хүүхэд ахуйн ээдрээтэй хүнд амьдрал эцэс болж хожим их эрдэмтний мөрийг гаргана гэж хэн мэдлээ. Тэрээр 1946-1951 онд Москвад Олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж эх нутагтаа ирээд эрдэм шинжилгээний ажил хийхийн зэрэгцээ дотоод, гадаадын дээд сургуулиудад лекц уншдаг боловсролтой ч даруухан залуу байв. 1950-иад онд гадаадын сургуульд монгол хүн лекц уншина гэдэг хялбар ажил биш. Монголын түүхийг гүнзгий судлахын тулд дахин суралцах хүсэл түүний сэтгэлд асч байж. Ингээд 1957 онд Оросын ШУА-ийн Дорно Дахинны судлалын хүрээлэнгийн аспирантурт нэрт эрдэмтэн Юрий Николаевич Рерихийн шавь болчихов. Сайн багшийн ачаар Түвэд, санскрит хэлэнд нэвтэрсэн нь түүнийг Монголын эртний түүх, соёлыг лавшруулан судлах эхлэлийг тавьсан гэдэг. Ингээд “Түвэд хэлт Монголын түүхийн зохиолууд” сэдвээр дэд докторын зэрэг горилж, 1973 онд ахиулан доктор зэрэг хамгаалжээ. Ш.Бира ганган хар тэрэг хөлөглөсөн дипломатчийн албыг алгасч өөрийн дур, хүслээр ном, судрын тоосонд дарагдаж Монголын түүх, соёл, шашинг судлан гүнд нь нэвтэрч дэлхий нийтэд танигдсан монгол судлаач эрдэмтний эгнээнд багтав. Эгэлгүй эл эрдэмтнийг нийслэлийн түүхт 373 жилийн ойн босгон дээр “Нийслэлийн хүндэт иргэн”-ээр өргөмжилжээ.



МАНАЙ БАЙШИН ХҮРЭЭНИЙ ЧИМЭГ БАЙВ
-Тэртээ 1920-иод оны үед Богдын хүрээнд мэндэлсэн бондгор жаал өнөөдөр 85 насны босго давжээ. Ач зээ, ирээдүй хойч үеийнхэндээ хэлэх үг сургаалтай, өвлүүлэх ном эрдэмтэй эцэг, өвөө болж. Таны балчир насанд нийслэл хүрээ ямархуу байв?
-Монголчууд нүүдэлчин гаралтай улс учраас ихэнх нь хөдөө төрж өссөн түүхтэй, түүгээрээ ч бахархдаг байх. Миний хувьд тэр хүмүүсээс дутахааргүй нийслэлээрээ бахархдаг. Нүүдэлчид суурин иргэншилтэй болж өнөөдрийн нийслэлийг бий болгоод 373 жил болжээ. 1927 оны есдүгээр сард би нийслэл хүрээнд Шагдарын бага хүү болж мэндэлсэн. Ухаан орсноосоо тоолбол би хотынхоо 80 орчим жилийн байр, байдлыг санадаг. Тэр үед манайх одоогийн нэгдүгээр эмнэлгийн урд хашаа, байшинд аж төрдөг байсан. Тухайн үедээ манай хоёр давхар байшин Хүрээндээ л том нь байв. 1957 он хүртэл манай хуучин байшин нийслэлийн чимэг байсан байх гэж хүүхэд ахуйдаа боддог байлаа. Аав маань эсэргүү болж хэлмэгдэх үед гэр орон, мал ахуйг минь юу ч үлдээлгүй хураан авч улсын өмч болгосон юм. Тухайн үед манай хашаа, байшинд Хотын намын хороо, Гэгээрлийн яамны ажилтнууд суудаг байв. Сүүлд Хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн гэр бүлээрээ манай байшинд сууж байсныг алсаас хараад явна. Хуучин гэрийнхээ цаана би сургуульд сурч байсан учраас хүссэн, хүсээгүй тэр хавиар л явна. Зургадугаар ангид байхад нэг өдөр ангийн багш Дулмаагийн гэрт хамт очсон юм. Тэгэхэд Дүгэрсүрэн гуай манай багшийн нөхөр нь байж. 1950 оны дундуур нэгдүгээр эмнэлгийг барихаар тэр хавийг тэгшилж янзлахад манай байшинг нураасан юм. Ингэж л би нийслэлийн түүхтэй салшгүйгээр холбогдсон доо.
-Таны аав аль нутгийн, ямархуу ажил албатай хүн байв?
-Миний аав Бөлгөөгийн Шагдар гэж хүн хот, хөдөөг хослуулан наймаа хийдэг худалдаачин, малчин хүн байлаа. Миний амьдрал тухайн үед хүрээнд хотжилт хэрхэн явагдаж байсны нэг гэрч болох цагийг туулжээ. Эцэг маань Түшээт хан аймгийн Юнбэйсийн хошууны хүн. Манайх Сэлэнгэ, Орхоны хөндий, Төв аймгийн нутгаар мал цагаагаа эрхлэн аж төрдөг байв. Манайх тун олон үнээ саана. Бас олон хоньтой. Би айлын бага хүү тул эжийгээ хормойдоод салахгүй. Ээждээ хонь хүзүүдэн түшиж өгнө. Зуны халуунд ажрахгүй ээж минь зарц нартайгаа нийлээд л тэр олон хонь, малын сүү саалийг янзалдаг, өвөл хэрэглэх цагаан идээгээ базаадаг байлаа. Сэрүү унахаар манайх нийслэл хүрээнд очиж өвөлждөг байлаа.
ААВ БЭЭЖИН ХИАГТЫН ХООРОНД ЦАЙ ЗӨӨНӨ
-Таны аав одооныхоор бол шаггүй худалдаачин хүн байж дээ?
-Тийм ээ. Манайх сүрхий чинээлэг амьдралтай. Тухайн үед аав маань Бээжин, Хиагтын хооронд Хятадын цай зөөж Орос руу гаргадаг худалдаачин, жин тээгээд нэлээн хөлжсөн. Аав минь хөрөнгө чинээтэй ч муу яваагүй юм шүү. Нэртэй, том хүмүүстэй нөхөрлөдөг, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэл, хувьсгалт үйл хэрэгт оролцдог байв. Ямар сайндаа л цайгаар далдлан хилээр гурван мянган бирдаан буу, нэг живаа таван сая сум нэвтрүүлсэн зоригтон. Өөрийн 200 гаруй тэмээн цуваа, хүн амьтнаас гуйж үхэр тэрэг гаргаж, унаа хөсгөөр тэр бүх зэр, зэвсгийг хүрээнд оруулж ирсэн түүхтэй.
-Монгол Улс тусгаар тогтнох хувьсгалт ажилд таны аав оролцож байсан хэрэг үү?
-Монгол Улс тусгаар тогнолынхоо төлөө тэмцэж байсан хүнд үед аав минь өөрийн наймаагаар халхавч хийн монголчуудыг зэр, зэвсгээр хангадаг, тэдний үйл хэргийг дэмждэг байсан. Аавын минь тухай ийм баримт архивт байдаг гэнэ. Аавын гавьяаг үнэлж Ардын засгийн эхний жилүүдэд гүн цол олгосон. Ардын засгийн санхүүд түмэн лан мөнгөөр туслалаа гэж бэйсийн зэргээр шагнаж байсан. Хожим нь их хэлмэгдүүлэлтийн жил эхлэнгүүт, 1930-аад оны сүүлчээр аавыг минь гүн цолтой, бэйс зэрэгтэй феодал хэмээн цаазалсан гэнэ лээ. Хашаа, байшин, олон мянган мал, олон түмэн мөнгөө улсад хураалгаж, ээж минь охидуудаа дагуулаад бараг л гудамжинд гарахад хүрсэн. Аавыгаа алдсанаас хойш шөнө дөлөөр хашааны хаалга балбах аймшигт чимээ нэг хэсэгтээ тасраагүй. Шөнөөр хаалга балбаад л миний том ах Дамдинсүрэн, хүргэн ах Лувсандэмбэрэл, лам, нагац ах Жамц нарыг буутай хүмүүс туугаад л одсон.
ЛУВСАНВАНДАН АХАД НАМАЙГ ХАРИУЦУУЛСАН
-Хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн баяны бага хүү яаж яваад эрдмийн энэ их оргилд гарав?
-Хорвоо сайн муу, сайхан муухайг тэнцүүлдэг гэж улсууд ярьдаг. Ээж минь их алсын хараатай. Хүүгээ сургууль бараадуулан хүргэн ах Ш.Лувсанванданд намайг ч хариуцуулсан. Би тэр үед 11 настай байсандаг. Лувсан ах дор нь намайг нийслэлийн бага сургуульд оруулсан юм. Би магтуулах тусам улам хичээдэг, оройтож сургуульд орсон болоод ч тэрүү хэрсүү, сайн суралцдаг, томоотой жаал байлаа. Зовсны эцэст жаргана гэдэг.
Тохиолдлын маягтай ч юм уу. Амьдралын үл үзэгдэх хүч гэж байдаг байх. МУИС анх нээгдэж тэнд бэлтгэл ангид би хоёр жил суралцан физик, математикийн ангид элсэн суралцъя гэж бодож байлаа. Гэтэл хувьсгалын эсэргүүний хүүхэд гэж тухайн үедээ цоллуулж явсан намайг тэнгэр ивээсэн. Маршал Х.Чойбалсан намайг Орост Олон улсын харилцааны дээд сургуулийн анхдагч оюутны нэгээр сонгож явуулж байлаа. Тэр үед маршал Гадаад явдлын яамны сайдыг давхар хавсарч байсан юм билээ. Би дипломатчаар таван жил суралцсан ч тэр замаар дахин ороогүй.
-Дипломатч болохоос юундаа айв. Их хэлмэгдүүлэлт таны оюун ухаанаас гарахгүй сүүдэр мэт дагаж байв уу?
-Айдаг, болгоомжилдог уур амьсгалд өссөн болохоор алхам тутамдаа улс төрөөс хол байх ёстой гэж сүрдэхгүй юу. Улс төр гэдэг чинь аавын минь амийг авч одсон хадны мангаа шиг санагддаг байв. Арав хүрээгүй насандаа би олон ах, дүүгээ буутай хүмүүст туугдаад явсныг харж хоцорсон. Тийм айдас хурдан замхардаггүй юм билээ. Гадаад харилцааны сургуулиа төгсөөд иртэл Төв хорооноос намайг дуудаад Гадаад яаманд ажиллах санал тавьсан. Шинжлэх ухааны мөр хөөсөн нь дээр гэж би бодсон.
-Өнөөгийн залууст итгэл, үнэмшил чухал биш. Улс төрд яаж ийгээд орчихвол ажил, амьдрал нь гэрлийн хурдаар сайжрах юм шиг төсөөлдөг болж. Мэргэжил, мэдлэгийг хэрхэн олж авбал үр өгөөжтэй гэж боддог вэ?
-Хүн өөрийнхөө сонирхлоор аливаа ажилд хандаж байвал амжилт гардаг. Миний хувийн бодол, баримталдаг зарчим тэр. Бас хүний цаанаас ноогдсон хувь тавилан гэж байдаг байх. Би бусдын тушаал, дарамт, захиалгад өртөж, авталгүй өөрийнхөө бодсоноор амьдрах гэж хичээж ирсэн. Алдсан ч оносон ч чиний тавилан. Та өөрөө л хариуцлагаа голчлон хүлээнэ. Ажил, хөдөлмөрийг муухай, сайхан гэж ангилж болохгүй. Авьяас, хүслээ дагасан хүн улам л ахидаг. Хүн хүссэн газартаа чаддаг зүйлээ хийж суух шиг сэтгэл амар зүйл байхгүй. Эрдэм билгийн нүдтэй хүн байвал түүнийгээ хөгжүүл. Цалин бага, хамаг цагаа ном шагайж уйтгарлан өнгөрүүллээ. Дүнсгэр, тансаг амьдралгүй гэж гоочлохгүй бол энэ замаар орж зөв бодлоор өөрийгөө тэтгээрэй. Ингэвэл тухайн хүнд жаргал, биед нь амар, цаашлаад урт насалж мэдэх юм.
ТУУЛЫН ЭРЭГ ХАВИАР 10-15 МИНУТ АЛХДАГ
-Ном, судалгааны ажлаас салдаггүй эрдмийн хүн зав чөлөө гарвал спорт хөөнө биз?
-Ямар ч эрдэмтэн байлаа ч биеийн тамир, хөдөлгөөнийг орхиж болохгүй. Ажлаа завчлаад хүүхдүүдээ салхилуулна. Боломжоороо гэрийн ажилд оролцож бас өрхийн тэргүүн, ханийн үүргийг гүйцэтгэнэ. Залуудаа 1-2 цагаас нааш унтдаггүй ажилладаг байв. Манай хүүхдүүд одоо “аав биднийг багад унтана гэж мэддэггүй. Шөнө сайн сууж юм хийдэг, ном их уншдаг байсан шүү” гэж яридаг юм. Тэдэндээ би сайхан үлгэр болж л дээ.
Бага залуудаа хүн тоглож, наадалгүй яахав. Зусланд очихоор ойн чөлөөнд алхчихна. Гэр зуураа байвал гадуур явган явна. Залуудаа волейвол, хөлбөмбөг тоглох дуртай байлаа. Намайг багад лапто гэж сайхан тоглоом гарч байлаа. Учиргүй их гүйдэг тоглоом, би дуртай ч гэж жигтэйхэн. Би багын л өглөө бүр гимнастик хийдэг байсан. Одоо өдөртөө Туулын эрэг хавиар хэдэн км алхдаг. Нүдээ амрааж, сэтгэлээ баясгаж гадуур гарна.
- Хуучин хүү шинэ хүү болохдоо олон сонин учрал таарч байсан биз. Та Москвад суралцаж байхдаа 100 гр татчихна биз?
-Тэрийг ч харин барахгүй шүү. Архи ууж сурчихаар нөхцөлд би суралцаж байсан. Дайны дараах Орос орон гэдэг бас хүнд, хэцүү зүйлтэй тулж л явлаа. Оросуудаар стакантай архи цутгуулж үзсэн. Төрөлхийн гашуун, нясуун юманд дургүй зандаа болоод ч тэрүү архийг тоогоогүй.
ЭЦЭГ, ЭХИЙН АЖИЛСАГ ЗАН УДАМШДАГ
Би айлын 13 дахь хүүхэд болохоор аав, ижийдээ эрхлэнэ гэж жигтэйхэн. Ялангуяа эжийгээс салахгүй. Эжий минь их сайхан сэтгэлтэй, бичиг үсэг мэдэхгүй ч гэсэн тун ажилсаг. Гэр орон, хөдөө, хотын гэрийн ажлыг амжуулах гээд сарвайтлаа л явдаг сан. Чинээлэг хүний гэргий хэдий ч хүн зарчихаад зүгээр суудаггүй. Хэдийнэ л оролцчихсон, оройлчихсон явдагсан. Шөнөжингөө сүү саалиа хөөрүүлж, цагаан идээгээ тавина. Эцэг, эхийн тэр шаргуу, хөдөлмөрч зан хүүхдүүдэд нь удамшдаг байх. Тэднийхээ зам мөрөөр л би орж хуучин хүрээний хүү өнөөдрийн эрдэм, мэдлэгтэй эх орны хүү болсон байх. Мэдээж амьдралд сайн, муу, сайхан муухай юм зөндөө л таарч байлаа. Тэглээ гээд тэнгэрт тултал баярласангүй. Гутаж, гуниад бусдад буруу санасангүй. Хийх ажил өмнө минь уул, овоо шиг байхад би дэмий зүйл бодож сэтгэлээ чилээх чөлөө алга. Миний ах, эгч нар маань ч их хөдөлмөрч улс байсан даа. Гэр бүлийн хүмүүжил хүнд нөлөөлдөг гэж бас ортой үг.
-Сүүлийн үед хүмүүс ном, бүтээл туурвиж хэвлүүлэх нь олширч. Ном бүтээх нь мөнгө хөөсөн ажил болчихлоо?
-Оюуны хөдөлмөр эрхлэгчид олширвол сайн хэрэг. Гэхдээ мэдлэг, мэдээлэлгүй, ташаа зүйлийг олонд олшруулж түгээвэл буруу. Дээр үед ном, хэвлэлийг хянадаг тусгай газар байсан нь сайн талтай. Авьяастай хүнд ээлтэй, эрээчдэг хүнд хаалттай зүйл нь ном. Номын ажилд толгой нь хүрэхгүй хүн бусдын бүтээлийг сармагчин аятай даган дуурайж, хуулбарлаж, хулгайлдаг. Үүнийг оюуны хулгай гэдэг. Зарим хүн ном хэвлээд байвал болох юм шиг санадаг. Цензур муухай үг хэдий ч сайн утгаараа ардчилсан нийгэмд зайлшгүй байх ёстой. Бидний хуулбарлаж, дуурайдаг АНУ-д л хэвлэлийн газрууд дэргэдээ шилдэг эрдэмтэн, мэргэдээс бүрдсэн уран бүтээлийн редакцтай. Баримт судалгааны алдаа мадгийг нь ариутган, шүүж мэргэжлийн багаар хянуулж экспертиз хийлгэн “за боллоо” гэхэд л эрдэм шинжилгээний номыг хэвлэх эрх олгох жишээтэй. Хэвлэлийн эрх чөлөөг манай улс зарлаад хэт даварсан чөлөөг эдлэн хэн, юу дуртайгаа бичиж тэрнийг нь хэвлэж байна. Зөв хяналт нь тогтоогүй байна. Ардчилсан нийгмээр халхавч хийн хүний толгойг алийн болгон ингэж бузарлаж, эргүүлэх юм бэ. Би дэлхийн олон орноор явж олон ч сайхан хүмүүстэй нүүр тулж байлаа. Тэнд бичгийн соёл маш нарийн.
-Фүкүкокагийн нэрэмжит шагналыг та хүртэж байсан. Сайн бүтээл, чухал судалгаа эзнээ тодорхойлдог гэдэгтэй та санал нийлэх үү?
-Судалгааны бүтээлийн ишлэл тодорхой, он цаг, баримт нарийн, хүний жинхэнэ хөдөлмөрийг үнэлдэг, нарийн цэгнэдэг газруудаар орж, урамшиж явлаа. Тухайлбал, би Японд Фүкүкокагийн нэрэмжит шагналыг 2006 онд хүртэж байлаа. Энэ шагналыг Монголын түүх, соёл, шашин хэлний асуудлуудыг хамарсан түүх бичлэгийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг олон улсын хэмжээнд зохион байгуулсан хэмээн надад хүртээж байсан. Энэ шагналд дэлхийн 28 орны 300 гаруй эрдэмтэн нэр дэвшсэн байдаг. Гаднынхан ийм нарийн шалгуураар хүний бүтээлийг оруулж шигшиж байж сая Азийн нэр хүндтэй шагнал олгож байх жишээтэй. Гэтэл манай улсад сүүлийн үед Чингисийн тухай бичдэггүй ч хүнгүй болж. Монголын түүхийг хэн дуртай нь сараачиж, хуулсан. Шинэ санаа, баримт дэлгэсэн ном алга. Чингисийн тухай бичмээр бол адаглаад хуучин монгол бичигт гаргуун хүн оролдвол оновчтой сайн болно. Монголын түүхийг бичдэг залуучууд хуучин бичгээр уншиж, бичиж чадахгүй байна. Голдуу орчуулгын зүйлээр орлуулах болж. Өнөөх нь үнэн зөв эсэхийг монголчууд ямар лавлах биш.
-Та АНУ-д очиж уншсан лекцийнхээ үеэр түвд хэл мэддэггүй лам нар ном уншиж байгааг шүүмжилж байсан. Шашны түүх манайд судлагдаагүй гэж үү?
-Шашны түүх их нарийн, олон юмыг ойлгох ёстой. Монголд дэлгэрсэн Богд Зунховын шарын шашны түүхийг манай залуу эрдэмтэн, судлаачид сайн судлаасай. Ламизм гэж түвдийн буддын шашны нэг салбар. Энэ шашин аль хүчтэй улс төрийг дэмждэг байсан юм. Тиймээс л манжуудыг дэмжиж түшиж ирсэн. Үүнээс улбаалан Ман Чин улсын үед монголчууд шарын шашинд орсон түүхтэй.
БӨӨ МӨРГӨЛӨӨ МОНГОЛЧУУД УСТГАСАН
-Уг нь монголчууд тэнгэр эцгийг шүтдэг, бөө мөргөлтэй байсан. Та ч гэсэн энэ онолыг судалж дэлхийд тэнгэризм хэмээх онол, судалгааны бүтээлээр танигдсан байх аа?
-Монголчууд эртнээс бөө мөргөлтэй байсан юм шүү. Шарын шашин анх дэлгэрсэн цагт бөөгийн онгодоо бүгдийг нь шатааж, устган их нүгэл хийсэн баримт бий. Бөө мөргөлөө монголчууд өөрсдөө хүчээр устгасан. Одоо бөө гэж ярихаар их дургүй, цаг үе нь тийм болгосон байж мэднэ. Энэ чинь түүхээ устгаж, шатааж байгаагаас ялгаагүй.
-Түүх судлаач, эрдэмтний хувьд хүмүүс шашинд хэрхэн хандах ёстойг лавтай сайн хэлэх байх?
-Үнэнийг хэлмээр байдаг, нүгэл болох байх. Гэхдээ түүхийн баримт хойно яая гэхэв. Манжийн хаан Монгол орныг эзлэн суухад шарын шашин маш их дэм болсон. Ийм учраас шарын шашин мандсан үед монголчууд доройтсон явдал бий. Манжийн хаан монгол эрчүүдийн тал хувийг лам болгосон нь цаанаа учиртай. Хүн ам зүйн бодлогыг нь зориуд алдуулж эхнэргүй харчуулыг бий болгосон. Мухар сүсгээр далимдуулж Чингисийн үеийн баатарлаг эр зориг, эх оронч цөстэй залуусыг бага дээр нь хийдэд шавилуулах нэрээр номхруулж авсан. Зарим эрчүүл хөдөө мал ахуй хөөж явсан л байх. Манай эрдэмтэд шашны нарийн бодлогыг сайн судлаж залуучуудад жинхэнэ түүхийг ойлгуулаасай.
Лам нар дунд уншиж буй ном судрынхаа утга агуулгыг ойлгодог тун цөөхөн. Би төвд хэлийг гадарладаг, судалдаг учраас ингэж хэлж байна. Түвд шарын шашны эх орон хэвээрээ ч Хятадын салшгүй хэсэг болчихлоо. Түвд лам нарыг залж ирээд шашнаа мандуулаад байх уу. Энэ сүсэг бишрэлийг дагаад мөргөл хийнэ гэсэн хүсэлтэй мөнгөтэй хүмүүсийн хөрөнгө мөнгө Лхас руу урсаж эхэллээ. Түвдийн сүм хийдийн ихэнх нь Монголчуудын хөрөнгөөр боссон. Одоо наймаа нэрээр хамаг мөнгө Бээжин рүү урсана. Шинжлэх ухааны мэдлэггүй, мухар сүсэг бишрэл гэж тэр байх. Ингэж өөрийгөө хуурч, байдаг хөрөнгөө барах шаардлагагүй юм.
Бид олон зуун жил хавчигдаж, дарлагдаж байгаад гэнэт эрх чөлөөтэй болж ингэж шашин руу мэдлэг ухамсаргүй зүтгэж байхгүй юу. Эрх чөлөө гэдгийг дураараа авирлах гээд ойлгочихсон.
Толгойтой болгон нь машин барьж, барилга угсарч юу л болоод байна даа, манай нийслэлд. Богдын музейг мэдэхгүй таксины жолоочтой таарсан. “Тэр Богд чинь хаана байдаг юм өвгөн гуай” гэж байх жишээтэй. Ингээд бодохоор хотын соёлыг хөдөөнийхөнд экспортолмоор болчихож. Манай гадаа хашааны ирмэгт хүн явах талбай үлдээхгүй барилга угсарчихлаа. Бодвол ийм хавчиг барилгад хөдөөний хүмүүс амьдрах уу. Хот байгуулалтын бодлого Улаанбаатарт алга болжээ. Шинэ дарга нар эмхлэх юм байлгүй. Сүрхий ажил хийх гээд байна гэж хүмүүс ам сайтай байна лээ.
ЭРДЭМТНИЙ ЦААНА МИНИЙ ГЭРГИЙН АЧ ИХ
-Та номын хүн учраас гэрийн бараа хардаггүй биз. Танай гэрийг эзэнтэй юм шиг авч явж ирсэн нь гэрийн эзэгтэйн гавьяа байсан уу?
- Би улаан коммунист гэдэг шиг улаан эрдэмтэн, номын хүн. Миний хувьд хэлээд баршгүй ачтан бол миний гэргий. Эрдэмтэн болоход насан туршийн минь хань, түшиг гэргий С.Дулмаагийн гавьяа тун их бий. Тэр хүний нөмөр нөөлөг, хайр ивээл, зөв нөлөөгөөр би өдий зэрэгт хүрсэн. Энэ амьдралаа, насаа шинжлэх ухаанд бүрэн зориулсан нь миний хажуудах хүний ач. Угтаа гэргий маань надаас илүү ихийг уншдаг. Уран зохиолын сонгодгуудыг уншсан, судалсан, хэл устай надад л үлгэр жишээ хүн байлаа. Гэтэл “Нэг гэрт хоёр том, сүрхий толгой хэрэггүй. Чи минь номын мөрөө хөө” гэдэгсэн. Манай гэргий эмч хүн. Насаараа АУИС-д багшилсан ч нэр алдар хөөдөггүй, сайн багш, гэрийн мундаг эзэгтэй явсан. Гадаадад аспирантурт явах зөндөө л боломж байсан. Миний хань намайг бөөцийлөх гэхдээ л бүх боломжоосоо татгалзсан. Миний дөрвөн хүүхдийг боловсролтой, мэргэжилтэй болгон хүмүүжүүлж өнөөдрийн нийгэмд дээгүүр байр эзлэх хэмжээний хүмүүс болгосон гавьяат нь Дулмаа” хэмээн халамжит ханиа үгүйлэн, дурсах түүнийг хүүхдүүд нь бас хүрээлнэ.
“Нийслэлийн хүндэт иргэн” эцгийгээ хүүхдүүд нь салхинд авч гарахаар хүлээж суусан. 80 хол гарсан тэрээр дэндүү ануухан эгээ л 60 гарч явна уу гэмээр ухаан саруул, үг хэл хурц, ярих, сэтгэх нь түргэн. Бодвол эрдэмтэн хүний гол чанар юм болов уу гэж санагдлаа. Нэг гэрийн хоёр хэрхэн уясаж, эвсэж амьдардгийн жишээ болсон нийслэлийн нэгэн иргэний гэрт зочлоод амьдралын их сургуулиар орсон мэт таатай бодолтой харилаа.