Н.Энхбаяр: Надад хүчээр, хилсээр ял тулгаж шоронд хорьсон ч би ард түмнээсээ хэзээ ч урвахгүй, үнэнээс хэзээ ч ухрахгүй

МАХН-ын дарга, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Намбарын Энхбаярын  өнгөрсөн бямба гаригт буюу аравдугаар сарын 27-нд болсон Бүх ард түмний их хурилдайн төлөөлөгчдөд хандан ирүүлсэн илгээлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

БҮХ АРД ТҮМНИЙ ИХ ХУРИЛДАЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД

Эрхтэн дархтнуудын улстөрийн зорилгоор өгсөн хууль бус даалгаврыг арчаагаа алдсан хараат шүүгчид нь даган бие­лүүлж зохиомол хэргээр надад болон бусад гэм зэмгүй хүмүүст хүчээр ялган тулган оногдуулж, ичгүүр сонжуургүйгээр хэлмэгдүүллээ. Хэлмэг­дүү­лэлт бол дээрээс заас­ны дагуу хараат шүүхийн дэглэсэн жүжиглэл бөгөөд түүний хууль зөрчсөн, хууль бус шийдвэрээр хэл­бэржиж, дамжин хэ­рэгж­дэг юм байна. Монгол дахь хэлмэгдүүлэлт өнөө­дөр хараат шүүхийн шийд­вэрээр амилан босч ирж байна. Хэн нэгний за­хиалгыг хэрэгжүүлэн хэл­мэгдүүлж эхэлж байна.  Хэлмэгдүүлэлт байгаа цагт Монголд ардчилал хөгжихгүй. Ардчилалд аюул заналхийлэл авчир­даг хамгийн хорт хавдар бол хэлмэгдүүлэлт мөн.  Хэлмэгдүүлэлт Монголд байгаа цагт ардчилсан нийгмийн тухай, ардчиллын үнэт зүйлсийн тухай ярих нь утгагүй юм.

Нэг ч гэсэн хоног шоронд хоригдоно гэдэг бол хэний ч хүсээд байх зүйл биш. Тэр тусмаа гэм буруугүй мөртлөө хууль бус шийдвэрээр олон сараар эрхээ хасуулж, эрх чөлөөгөө алдаж, шударга бус явдлын золиос болж, өндөр настай аав ээж, шаналж зовсон эхнэр хүүхэд, шударга бус шийдвэрт бухимдсан найз нөхөд, эгдүүцэж дургүйц­сэн хамтран зүтгэгчдийн­хээ нүдэнд нь цийлгэнэ­сэн нулимсыг, сэтгэлд нь асгарсан харууслыг хар­саар, мэдэрсээр байж, тэднээсээ хол чийгт гян­данд өргөст торны цаана эрх чөлөөгөө хасуулан сууж байна гэдэг бүр ч хүсээд байх юм бишээ. Та нартайгаа цугтаа байж, бухимдлыг нь тайлж, ну­лимсыг нь хатааж, зовлон жаргалаас нь хуваалцаж, шударга ёсны төлөө хамт­ран тэмцэхсэн, зүтгэхсэн гэж би цаг минут тутам хүсч байгаа. Энэ хорионд намайг хууль зөрчин хү­чээр удаан байлгах тусам миний энэхүү хүсэл тэ­мүүлэл улам ихээр нэмэг­дэж байна.

Гэхдээ би өөрөө хаана ч байсан, эсхүл намайг хүчээр хаана ч байлгасан хэзээ ч ард түмнээсээ холдож хөндийрөхгүй, ард түмэн маань ч намайг өөрөөсөө холдуулж орхих­гүй гэдгийг сайн мэдэж байгаа. Тийм ч учраас би ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй гэж хэл­дэг юм. Би та нарынхаа, ард түмнийхээ дэмжлэгийг сайн мэдэж байнга мэдэрч байна.

Эрхтэн дархтнууд яагаад намайг гэм буруу­гүй байхад надтай ямар ч холбоогүй асуудлаар, ямар ч үндэслэлгүйгээр хүчээр ял тулгаж хэ лмэгдүүлэв? Тэд надаас айж байгаа учраас тэр. Би тэдний хийж байсан, одоо хийж байгаа, ирээдүйд хийж магадгүй бузар булай юмыг нь мэдэж байгаа учраас тэд айж байгаа юм. Мэдээд зогсохгүй тэр тухай нь хэлж, дэлгэн тавьж байгаа учир, цаа­шид улам их хэлнэ, дэл­гэнэ, шүүмжилнэ, хам­гийн гол нь ард түмнээ өмөөрч тэдэнтэй тэмцэнэ гэж айж байгаа учир тэд намайг ямар ч үнээр ха­маагүй дарж авахыг хи­чээж байгаа юм. Гэхдээ би няцахгүй, шантрахгүй. Үнэний төлөөх тэмцэл хүнд хэцүү гэдгийг ойлгож ухамсарлаж байгаа.

Надад хүчээр, хилсээр ял тулгаж шоронд хорьсон ч би ард түмнээсээ хэзээ ч урвахгүй, үнэнээс хэзээч ухрахгүй. Монголын түүх урваж шарваагүй байсан цагт ялалтын босоо түүх байдаг, урваж шарвасан цагт ялагдлын хэвтээ түүх болж хувирдаг. Урваж шар­ваагүй эр зоригтнуу­дын бат бэх эв нэгдэл ялал­тын үндэс, урваж шар­васан аймхайчуудын хуурамч эв нэгдэл ялагд­лын үндэс мөн.

Ард түмнээсээ бүү урвацгаа. Ард түмнийхээ эрх ашгаас бүү урвацгаа. Ард түмнийхээ зовлон жаргалаас нь, ялангуяа зовлонгоос нь хуваал­цахаасаа бүү айцгаа, бүү тээршаацгаа. Улстөрчид, улстөрийн намын хувьд ард түмнийхээ зовлонгоос хуваалцаж, нимгэлж, ба­гасгах нь эдэлж болох хамгийн дээд жаргал мөн гэдгийг хэзээ ч битгий мартацгаа.

Өөрөө, өөрсдөө л жар­гахын тулд албан тушаалд очсон хүмүүс байвал өнөө­дөр ажлаа өгөцгөө, харин ард түмнийхээ зовлонг нимгэлэхийн тулд ажил­лаж байгаа бол хэнээс ч битгий ай, юунаас ч бүү шантар. Гэхдээ чухамхүү ард түмнийхээ төлөө ажил­лаж, зүтгэж байгаа­гаа өдөр бүр нотло, өдөр бүр харуул. Хэлж ярьс­наараа биш, хийж бүтээс­нээрээ харуул. Хуурч мо­лигодсоноороо биш, хуруу хумсаа хугалан байж зүт­гэснээрээ батал. хийж бүтээж, зүтгэж байгаа эсэхээ өөрсдөө битгий магтан дүгнэ, бусдаар шүүмжлүүлэн дүгнүүл. Тэгэж дүгнүүлэхээсээ бүү ай.

Ард түмнээсээ хэзээ ч битгий урваж шарва, бит­гий холдож хөндийр, нам, эвслийнхээ үнэт үзэл баримтлал, эрхэм зорил­тоос нэг хурууны дайтай ч битгий урваж шарва, бит­гий ухарч холд, өөрийнхөө үнэнийг эрэлхийлсэн, шу­даргыг хүссэн сэтгэ­лээсээ нэг сөөм зайтай ч битгий урваж шарва, бит­гий холдож хөндийр.

Ардчилал бол ард түм­нийхээ эрх ашгийг бүх­нээс дээгүүрт тавих, дуу хоолойг нь бүхнээс илүү хүндэтгэн сонсох, хам­гийн чухал нь ард түмнээ дагах ухаан юм. Чухамдаа ард түмэн бол түмэн эрхтэй, тэгэхдээ ганцхан үүрэгтэй байдаг. Ард тү­мэн мянган эрхээ эдэлж, ганцхан үүргээ биелүүлдэг байх ёстой.

Харин төр, засаг бол ганцхан эрхтэй, түмэн үүрэгтэй. Төр, засаг түмэн үүргээ биелүүлж, ганцхан эрхээ эдэлдэг байх ёстой. Тэр ганцхан эрх нь бол шударга сонгуулиар ард түмнийхээ дэмжлэгийг авч, чухамхүү ганцхан ард түмэндээ үйлчлэх эрхтэй болох явдал юм.

Ард түмэн өөрийнхөө саналаар төр, засгаа эмхлэн байгуулах эрхтэй. Ард түмний тааллаар л төр, засаг эмхлэгдэн бүрдэж, ажиллах үүрэгтэй. Харин хүн, нам, эвсэл байх нь хамаагүй сонгууль луй­вард­сан л бол ард түм­нээсээ хамгийн том урва­ны баталгаа. Ард түмэндээ амалсны дагуу төр засаг ажиллах үүрэгтэй. Харин хүн, нам, эвсэл байгуулах нь хамаагүй. Хэлсэн амалс­наасаа буцсан бол ард түмнээсээ ноцтой урвасны нотолгоо.

Ард түмэн ганцхан үүрэгтэй. Тэр нь урвагч­даас түргэн салах үүрэг. Монголчууд бид “Бусдын эрхээр жаргаснаас өөрийн эрхээр зовох нь дээр” гэж ярьдаг. Энэ бол үнэний хувьтай ч идэвхгүй байх зарчим. Уг нь энэ бол зовохын тухай биш, харин жаргахын тухай үг. Бус­дын эрхээр биш гагцхүү өөрийн эрхээр жаргаж болдгийг илэрхийлсэн үг. Тийм учир одоо энэ үгийг идэвхтэй байх зарчимтай нийцүүлж “Бусдын эр­хээр зовсноос өөрийн эрхээр жаргах нь дээр” гэж ойлгоцгооё.

Ойлгодог болоод ярь­даг болъё, ярьдаг болоод хэрэгжүүлдэг болъё. Ухаантан мэргэд хүн ба мал хоёр юугаараа ялгаа­тай вэ? хэмээн асуугаад хамгийн энгийнээр товч­хон хариулахдаа хүн идэвх­тэй байдаг, мал идэвхгүй байдаг гэжээ.

Дарангуйлал, хэлмэг­дүү­лэлт идэвхгүй байхыг ашиглаж тогтоно. Ард түмнийг мал мэт дорд үзэж, адлана. Ардчилал, шударга ёс идэвхтэй байж ялна. Ард түмнийгээ хүн хэмээн хүндэтгэж дээ­дэлнэ.

Ардчилал бол “Бусдын эрхээр зовсноос өөрийн эрхээр жаргах нь дээр” гэдэг үгийн илэрхийлэл мөн. Гэхдээ ардчилал өөрөө ялахгүй, өөрөө тог­тохгүй, өөрөө хөгжих­гүй. Харин идэвхтэй хүмүүс ардчиллыг тэмцэж ялуул­на, тэмцэж хам­гаална, тэмцэж хөгжүүл­нэ. Төр, засаг нь ард түм­нээ мал шиг үздэг газар ардчилал алга болно, хүн шиг үздэг газар ардчилал ялж тог­тоно. Ард түмэн “өөрийн­хөө эрхээ” жаргана.

Нэгэн идэвхтэй иргэн надад захиа ирүүлжээ. Түүндээ ардчиллыг ярьж гарч ирчихээд ардчиллаас урвах юм бол Монголчуу­дын ярьдгаар “зэрлэгшсэн нохой чононоос илүү аюултай” гэж ярьдагтай адил хамгийн аюултай урвагчид болно гэжээ. Та бид ардчиллыг ярьж гарч ирэгчид биш, харин тэм­цэн ялуулагчид, тэмцэн хамгаалагчид, тэмцэн хөг­жүүлэгчид байх ёстой гэд­гээ байнга санаж явцгаая!

Урвагчдаас түргэн са­лах ганцхан үүргээ бие­лүүлж чадаагүй ард түм­нийг урвагчид элэг барьж, элгээр нь хэвтүүлнэ, эд баялгийг нь цөлмөж тононо, үр хүүхдийг нь өлсгөж цангаана, ах­ма­дуудыг нь уйлуулж зо­вооно, өөрсдийг нь бу­химдуулж тарчлаана. Ур­вагчид ямар ч үүрэггүй, дандаа эрх дархтай байх болно. Харин ард түмэн ямар ч эрхгүй, дандаа үүрэгтэй байх болно. Тийм улс оронд төр, засгийн эрх мэдэлтнүүд жаргаж, тэр хэмжээгээр “Бусдын эрхээр” амьдарч буй ард түмэн зовно.

Урвагчдад эх орон байхгүй, тэдэнд ард түмэн байхгүй, эх орон, ард түмний эрх ашиг гэж тэдэнд байхгүй. Тэдэнд зөвхөн өөрсдийн явцуу эрх ашиг, атгаг санаа л байна. Тэд албан  тушаал, ашиг хонжооны төлөө л улайрна. Тэд албан тушаалгүй бол хэн ч биш болно. Харин би та нартаа хандан албан тушаалтай байснаас хүн байх нь илүү чухал шүү гэж үнэн сэтгэлээсээ захиж хэлье. Хүн бол бусдын эрхээр зовохыг хэзээ ч хүсэхгүй, өөрийн эрхээр жаргахыг ямагт хүснэ.

Одоо би та нараасаа, нийт ард түмнээсээ “Бусдын эрхээ зовсоор байх уу? эсхүл өөрсдийн эрхээр жаргах уу?” гэж асууя. Тэгээд хэрэв та бүхэн маань зөвшөөрвөл та нарынхаа өмнөөс хариулъя. “Бусдын эрхээр зовсноос өөрсдийн эрхээр жаргацгаая! Би чадна!” гэж хэлье.

Бүгдээрээ нэгэн зэрэг чанга дуу хоолойгоор “Монголчууд бид амьд хүмүүс учир Монголдоо бусдын эрхээр зовохгүй, өөрсдийн эрхээр жаргац­гаана! Бид чадна!” гэж хэлцгээе. Энэ үгийг өдөр тутам санаж, давтан хэлж байцгаая.

Ингэж хэлэхэд, хэлээд зогсохгүй тэгэж хэлс­нээрээ амьдрахад эр зориг хэрэгтэй. Монголчууд бид “зориг бүхнийг ялна” гэдэг. Монголын түүхэнд зоригтнуудын бичсэн түүх нь ялалтын хуудас болж хадгалагдсан, хулчигаруу­дын бичсэн түүх нь ялагдлын хуудас болж үлдсэн байдаг.

Айсан газар “бусдын эрхээр зовно”, айгаагүй цагт “өөрсдийн эрхээр жаргана”. Монголчууд бид “айсан газар аргал хөдөлнө” гэж ярьдаг. Айдас өөрөө ихээхэн утга­гүй зүйл мөн гэдгийг ийнхүү илэрхийлжээ. Ертөнцийн хамгийн том нүгэл бол шунахын хажуу­гаар айх гэж хэлвэл хэт­рүүлсэн болохгүй. Шунал бас хамгийн утгагүй зүйл мөн. Шунал ба айдас хоёр дандаа хамт явна. Шу­налтай хүн айна. Шунал­гүй хүн айхгүй.

Өнөөгийн зарим эрх­тэн дархтан шуналдаа хөтлөгдөн өндөр албан тушаалд ард түмнийхээ санаа бодлоор сонгогдсон биш харин луйвар бул­хайгаар гарсан учир, шунахай сэтгэлдээ хөт­лөгдөн шударга ёс, хууль, шүүхийг уландаа гишгэ­сэн тул, шуналдаа автаг­дан ард түмний өмч болсон байгалийн баялгийг өөрс­дөө хувьдаа хууль бусаар авч, хагартлаа баяжиж байгаа учир, луйвар бул­хай нь илэрч баригдахвий гэхээс айн сандарч байна. Тэд шударга сонгууль явуулах, шударга шүүх ажиллах, байгалийн баял­гийг нийт ард түмэнд шударгаар хуваарилахыг шаардаж байгаа намайг хууль бусаар, хууль зөрчин хүчээр ял тулган оног­дуулж, хэлмэгдүүлж байна.

Харин ард түмэн маань энэ бүхнийг сайн ойлгож, шударга ёсны төлөө явуулж буй та бидний тэмцлийг дэмжиж байгаа. Тийм учраас өнөөгийн зарим эрхтэн дархтан надаас, та бид­нээс, та биднийг дэмжиж байгаа ард түмнээс айж байна. Ард түмнээсээ айдаг, амласнаа мартдаг, тээршаадаг, шуналтай эрх­тэн дархтан өөдлөхгүй, хамгийн гол нь та бидэнд, ард түмэнд тийм хүмүүс хэрэггүй.

Та бидэнд луйврын сонгууль хэрэггүй, хараат шүүх хэрэггүй, шударга бус явдал хэрэггүй. Та бидэнд, ард түмэнд маань шударга сонгууль хэрэг­тэй, хараат бус шүүх хэ­рэгтэй, хууль, шударга ёсыг эрхэмлэдэг, шунал­гүй, ард түмнийхээ эрх аш­гийг бүхнээс дээгүүрт тавь­даг төр, засаг хэрэгтэй.

Тэр тусмаа төр, засгаас айдаг байх учиргүй. Айсан цагт дарангуйлал тогтож, хараат шүүх давна. Айгаагүй цагт ардчилал ялж, шударга ёс тогтоно. Айсан цагтаа хүн идэвх­гүй болж, бусдын эрхээр зовно, айгаагүй цагтаа хүн идэвхтэй болж, өөрийн эрхээр жаргана. Төр, засаг нь ард түмнийгээ айлга­даггүй цагт ардчилал тог­тоно. Төр, засаг нь ард түмнийгээ хэлмэгдүүлэл­тээр айлгах гэж оролддог цагт дарангуйлал тогтоно.

Гэхдээ ард түмэн дандаа айгаад байхгүй. Нэг л өдөр айхаа болино. Тэр өдөр дарангуйлал дуус­на, шударга ёс, ард­чилал сэргэнэ. Тийм ч учир АНУ-ын Ерөнхий­лөгч Рузвельт “Ертөнцөд хүн ганцхан юмнаас айх ёстой. Айхаасаа л айх ёстой” гэж хэлсэн байдаг.

Одоо би та нараасаа, нийт ард түмнээсээ асууя: “Та нар эрхтэн дархтнуу­даас айсаар байх уу? тэд нараас айж, эх орноо, эх нутгийнхаа эд баялгийг цөөн хэдэн хүний гарт алдаж өөрсдөө айдсаасаа болж эрх дархгүй, эд хөрөнгөгүй байсаар байх уу?” Тэгээд хэрэв та нар маань зөвшөөрвөл би та нарынхаа өмнөөс ха­риулая. “Бид айхгүй, бид эх орныхоо эзэд нь өөрсдөө мөн учир хэнээс ч айхгүй, бид эд баялгийнхаа эзэд нь өөрсдөө мөн учир хэнээсч айхгүй! Бид айхгүй!” гэж хэлье.

Бүгдээрээ нэгэн зэрэг чанга дуу хоолойгоор “Монголчууд бид эх орныхоо эзэд нь өөрсдөө мөн учир хэнээс ч айхгүй, бид баялгийнхаа эзэд нь өөрсдөө мөн учир хэнээс ч айхгүй! Бид айхгүй!” гэж хэлцгээе. Энэ үгийг өдөр тутам санаж, давтан хэлж байцгаая.

Өнөөгийн хэлмэг­дүү­лэлтийг зогсооё, шударга ёсыг тогтооё, сонгуульд ялая гэвэл эхлээд өөрсдөө хэнээс ч битгий айцгаа, тэгээд ард түмнийгээ зо­риг­жуул. Ард түмэн зо­ригт­нуудыг дэмжинэ. Эх орондоо, эх нутагтаа, эд баялагтаа эзэн болох тэм­цэл айдсаа дарснаар эхлэ­нэ, үр дүнд хүрнэ. Айдсаа дийлсэн хүн, айхаа боль­сон ард түмэн бусдын эр­хээр зовхоо больж, өөрс­дийн эрхээр жаргадаг бол­но. Айдсаа дийлсэн хүн, хүмүүс бус­дын зүрх, сэт­гэлд итгэ­лийн галыг асааж чадна. Эх орноосоо, ард түм­нээсээ урвагчдыг ялж чадна. Тэгэх нь зөвхөн цаг хугацааны л асуудал болно.

Хэлмэгдүүлэлтийг тас­лан зогсоож, ардчилал, шударга ёсыг эгүүлэн сэр­гээж, тогтоон хам­гаалая. Эх орон, ард түмнийхээ эрх ашгаас урвагчдаас, олигархуудаас түргэн салцгаая.

Эх нутагтаа, эх орны­хоо баялагт эзэн болцгооё. Айдас хүйдэсгүй, эрх чө­лөөтэй Монгол орноо цогцлоон байгуулж эх орондоо өөрсдийн эрхээр жаргацгаая!

2012 оны 10 сарын 27.      Улаанбаатар хот

Ард түмний шударга их хурилдайд 2000 хүн оролцлоо

О.БҮРНЭЭ


Монгол орны өнцөг булан бүрт амьдарч байгаа иргэдийн төлөөлөл болох 2000 гаруй хүн Ард түмний шударга их хурилдайд оролц­лоо. Их хурилдай өнгөрсөн бямба гаригт “АСА” циркт болсон бө­гөөд МАХН, МҮАН, Мон­голын Ардчилсан Хө­дөлгөөний нам, Монго­лын Либерал нам, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Тус­гаар тогтнол эвсэл,  Цө­мийн аюулгүй байдлын төлөө үндэсний хөдөлгөөн зэрэг 20 гаруй  иргэний нийгмийн  байгууллагын гишүүд, дэмжигчид, 21 ай­маг, сум, дүүргээс ир­сэн иргэд аж амьдрал, улс орны талаарх өөрс­дийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, санал солилц­лоо.

Хурлын эхэнд МАХН-ын Ерөнхий на­рийн бичгийн дарга Г.Шийлэгдамба МАХН-ын дарга Н.Энхбаярын Ард түмний шударга их хурилдайд оролцогчдод болон Монголын нийт ард түмэнд илгээсэн ил захид­лыг уншиж сонсгов.  Ил захидалд “Ардчилагчид  ардчиллын хэм хэмжээг зөрчиж байна.  Хууль зөр­чин надад ял тулган хэл­мэг­дүүлж байна. Энэ хэл­мэгдүүлэлтийг  Ард түмэн маань  сайн ойлгож бид­нийг дэмжиж  байгаа. Тий­мээс эрх мэдэлтнүүд  надаас, та биднээс, та биднийг дэмжиж байгаа ард түмнээс айж байна. Ард түмнээсээ айсан төр засаг, шуналтай эрхтэн дархтан  монголчуудад хэрэггүй ээ. Та бидэнд хараат шүүх, шударга бус явдал хэрэггүй. Өнөөдөр шударга сонгууль, хараат бус шүүх хэрэгтэй байна. Бас  шуналгүй, ард түмний эрх ашгийг дээр тавьдаг төр засаг хэрэгтэй. Тий­мээс ард түмэн айх хэрэг­гүй. Айгаагүй цагт шудар­га ёс тогтоно. Айсан цагт эрх мэдэлтнүүд ноёрхлоо тогтоож, бусдын эрхээр зовно. Төр засаг ард түм­нийгээ хэлмэгдүүллээр  айлгах гэж оролдох  цагт хэлмэгдүүлэлт тогтоно. Тэгэхээр ард түмэн айх ёсгүй. Айгаагүй цагт даран­гуйлал сөнөнө. Эх нутгийнхаа эд баялгийг хэдхэн хүнд алдаж, шу­дарга бус явдал өрнөж, хэлмэгдүүлэлт, дарангуй­лал  тогтож байхад айсаар байх уу. Та нарынхаа өм­нөөс хариулъя. Эх орныхоо эзэн учир бид айхгүй ээ” гэсэн байлаа. Их хурил­дайд үгээ хэлэхээр Их хурилдайд үзэл бодлоо илэрхийлэхээр Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, МАХН-ын нарийн бич­гийн дарга Г.Бямбасүрэн, УИХ-ын дэд дарга Г.Цог, УИХ-ын гишүүн Ц.Цол­мон болон олны хүн­дэтгэлийг хүлээсэн хү­мүүс олноор ирсэнд иргэд талархан хүлээн авч байв. Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва “МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор дээрээс өгсөн даалгаврын дагуу хараат шүүхийн хууль бус шийд­вэрээр эрхээ хасуулж, хэлмэгдэж байхад та бид дуугүй байх ёсгүй. Өнөө­гийн шүүгчдийн гаргаж байгаа шийдвэр нь хууль бус, Н.Энхбаяр даргад хүчээр ял тулган хэлмэг­дүүллээ. Бүх ард түмний шударга их хурилдайгаар Монголд шударга ёсыг тогтоохын төлөө, Улс тө­рийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө, гар гараасаа барилцан ирсэн та бүхэндээ баярла­лаа” гэв. Их хурилдайгаас МАХН-ын дарга Н.Энх­баярыг хэлмэгдүүлэн хорьж байгааг эсэргүү­цэж, нэн даруй суллах, хөдөө орон нутагт хууль бусаар ашигт малтал ол­бор­лож байгаа компаниу­дад хариуцлага тооцох, иргэд нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, айх аюулгүй амар тайван амьд­­рах гэх мэт уриалга гарсныг Их хурилдайд оролцогчид дэмжсэн юм. Энэ үеэр хөдөө орон нутгаас ирж Ард түмний шударга их хурилдайд орол­цож буй зарим хүмүү­сийн сэтгэгдлийг сонслоо. 

 Хөвсгөл аймгийн төлөөлөгч Г.Чулуунбаатар: ХУУЛЬ БУСААР “А” ЛИЦЕНЗ АВСНЫГ МЭДЭГДЭХ ГЭЖ ИРСЭН

-Хөвсгөл аймгаас Их хурилдайд 15 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Хөвсгөл аймгийн Цэ­цэрлэг суманд Могойн голын нүүрсний уурхай гэж байдаг. Гэтэл тус уурхайд “Хургалтайн хайрхан” ХХК нь хайгуулын ли­ценз аваад дөрвөн жил ажилласан. Манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар сумынхаа бүх нутаг дэвсгэрийг тусгай хамгаалтад оруулсан юм.  Гэтэл өнгөрсөн сонгуулийн бужигнааны үеэр Ашигт малтмалын газраас “Хургалтайн хайрхан” компани “А” лиценз авсан байгаа юм. Тус компанийнхан Цэцэрлэг сумын иргэдтэй уулзахад 300 гаруй иргэд эсэргүүцэж байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан. Гэтэл эсэргүүцсэн өргөдлийн толгойг нь солиод Цэцэрлэг сумын 300 гаруй хүн зөвшөөрсөн гээд Ашигт малтмалын газраас зөвшөөрөл авчихсан байгаа юм. Энэ мэтчилэн сум, орон нутагт болж буй хууль бус үйл ажиллагааг Ард түмний шударга их хурилдайд хэлэхээр зорьж ирлээ. 

 

Сэлэнгэ аймгийн төлөөлөгч М.Насанжаргал:

МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯРЫГ ХЭЛМЭГДҮҮЛСНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

-Сэлэнгэ аймгаас бага чуулганы зургаан гишүүн, Их хурилдайн 24 гишүүн ирсэн. 24 хүн сум, сумаас төлөөлж ирсэн. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хууль бусаар хэлмэгдүү­лэн хорьж байгааг эсэр­гүүцэж буйгаа илэрхийлэх гэж ирсэн. Шударга бус зүйлийн төлөө хэрхэн яаж тэмцвэл үр дүнд хүрэх талаар санал бодлоо солилцох зорилготой бай­на. Сэлэнгэ аймагт Болд, Төмөр, Ерөө голыг ухаж ачаад дуусч байгаа. Монголын төмөр замаас их чингэлэгүүдтэй өдөрт 70 вагон гаргаж байна. Түүн дээр бид нар тэмцэл өрнүүлж байгаа. Хятадууд удирдаж ажил­луулдаг. Шалгалтынхан очихоор уул руу гараад зугтчихдаг. Тэнд 200 гаруй хятад байгаа. Одоо 100 хятад нэмэгдсэн. Хята­дууд монгол орны минь газар нутгийг сүйтгээд дууслаа. Үүнийг хөдөө орон нутгаас ирсэн Их хурилдайн төлөөлөгч нар бүгд хэлж байна. Монгол эх нутгийн газар шороон дээр айх аюулгүй алхаж чадахаа байчихлаа. Ма­лын бэлчээргүй болж байна. Тариалангийн тал­байг тойруулж ухсан нүхэнд мал унаж үхэж байна. МАХН-аас нэр дэвшигчдийг нэрийг нь хасч байна. Сэлэнгэ аймагт 27 хүн нэр дэвшээд ороход 12 хүнийг хассан байх жишээтэй. Худлаа шалтаг тоочиж нэрийг нь хасч байна. Өөр намуудаас нэр дэвшиж байгаа хүмүүс ямар ч саадгүй нэр дэв­шихээр болж байгаа. Энэ шударга ёс мөн үү. Энэ мэтчилэн яривал дуусах­гүй хууль бус зүйлүүд хаа сайгүй байна. 

 Дорнод аймгийн төлөөлөгч Г.Амгалан: ХЯТАДУУД ОЛОН БОЛСОН НЬ ИРГЭДИЙН САНААГ ЗОВООЖ БАЙНА

-Дорнод аймгаас 13 хүн ирсэн. Би Дорнод айм­гийн Залуучуудын хол­бооны нарийн бичгийн даргын ажил хийдэг. Тэр ч үүднээсээ Их хурилдайд Залуучуудын холбоог тө­лөөлж ирлээ. Дорнод аймагт болж бүтэж байгаа, болохгүй байгаа зүйлүү­дийг тус бүрт нь хэ­лэлцэхээр ирчихээд бай­на. Дорнод хил залгаа аймаг. Хилтэйгээ ойрхон учраас Хятадууд их байдаг. Гудамжинд таарах таван хүний нэг нь хятад хүн байх жишээтэй. Үү­нээс болж хүүхэд, эмэг­тэйчүүд гадаа ганц нэ­гээрээ явахаас айж эмээ­дэг болсон. Мөн замба­раагүй архидалт их байгаа. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг хууль бусаар хорьж байгааг эсэргүүцэж байна. Их хурилдайгаас гарсан шийдвэрийг орон нутагтаа очоод хэрэг­жүүлнэ.  

 Баян-Өлгий аймгийн төлөөлөгч А.Ахыт: МОНГОЛД ШУДАРГА ЁС АЛДАГДАЖ БАЙГААГ АРД ТҮМЭН БАТАЛЖ ӨГЛӨӨ

 -Баян-Өлгий аймгаас 18 хүний төлөөлөлтэй ир­сэн. Хууль бус үйл ажил­лагаа, шүүхийн хараат бус үйл ажиллагааг таслан зогсоохын тулд дуу хоо­лойгоо хүргэхээр зорьж ирлээ. Энэ Их хурилдай өмнөхөөсөө их онцлогтой болж байна. Нам, эвсэл  төрийн бус байгууллагууд иргэд олноор дэмжиж оролцлоо. Монголд шу­дарга ёс алдагдаж байгаа нь ард түмнийг сэрээсэн, босгосон зүйл боллоо. Манай аймагт МАХН-аас нэр дэвшигчдийг нэрийг нь дэвшүүлэхгүй байх улс төрийн зорилготой үйл ажиллагаа явагдаж бай­гаа. Хоёр ч суманд нэр дэвшигчийг худлаа шалтаг зааж бүртгээгүй зэрэг хууль бус зүйлүүд олон байна. Айх, аюулгүй амар тайван амьдрахын төлөө Их хурилдайд иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэр­хийлж чаддаг. Хууль бус үйлдлүүд байгаа цагт Ард түмний шударга их хурилдай цаашид болсоор байх биз.

Улсын дээд шүүхэд итгэж буйгаа Н.Энхбаярт уламжлав

Ц.БАТБОЛД

 МАХН-ын 500 гаруй гишүүн, дэмжигчид өчиг­дөр клиникийн II төв эм­нэлэгт очиж Н.Энхбаяр даргыгаа “эргэлээ”. Эм­нэл­гийн зүгээс “Өвчтөн Н.Энхбаярын биеийн бай­дал сайнгүй байгаа. Хүн оруулах боломжгүй” гэснээр гишүүд нь эмнэл­гийн гаднаас буюу цонхны цаанаас түүнтэй мэндэл­сэн юм. Тэд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Ард түмний шу­дарга их хуралдайд 21 аймгийн зон олныг төлөө­лөн ирж оролцсон төлөө­лөгчид юм. Ингэхдээ тө­лөө­лөгчид “МАХН” хэ­мээн үсэг болон жагсч Н.Энхбаяр даргадаа “бэ­лэг” барихаас гадна “Биеэ бодоорой. Эрүүл байхад бүхнийг ялна. Шударга ёс таны талд гарах болтугай. Та ганцаараа биш шүү, монголчууд таньтай хамт” хэмээн уухайлж байлаа. Цугласан олны дунд МАХН-ын дэд дарга, Ша­дар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн О.Баа­санхүү, МАХН-ын Ерөн­хий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, тус на­мын нарийн бичгийн дар­га У.Барсболд нарын удирд­лагууд багтжээ.  За­рим дэмжигчид “Н.Энх­баяр дарга маань ядарсан байна. Царай нь цонхий­гоод эрүүл мэнд нь базаах­гүй байгаа бололтой. Арга ч үгүй биз, хилс хэргээр шийтгүүлэхэд сэтгэлд хүнд туссан байж таараа” гэхчилэн өрөвдсөн шинж­тэй өгүүлж байлаа. Харин зарим дэмжигчид түүний эрүүл мэндэд санаа зово­хоос илүү Улсын дээд шүү­хийнхэн хэргийг шу­дар­га шийдээсэй. Тэдэнд итгэж байна” хэмээн шүүх, хуулийн байгуул­лагыг шүүмжилж байв. Тухайлбал, иргэн Х.Өл­зий­бадрах “Монголын ард түмний найдвар Улсын дээд шүүхээс хамаарч бай­на. Хэргийн үнэн мө­нийг дээд шүүх тогтооно гэдэгт итгэж байгаа. Ан­хан шатны шүүх хурал­даа­ныг зурагтаар харахад түүнийг буруутгах ямар ч нотлох баримт харагдаагүй шүү дээ. МАХН-ын дэм­жигч гишүүд л зөвхөн хууль, шүүхийн байгуул­лагыг бусдын захиалгаар ажилладаг гэж шүүм­жилж байсан нь саяхан. Тэгвэл МАН-ынхан хүр­тэл үүнийг хүлээн зөв­шөөрч бидэнтэй санал нэгтэй байгаад баярлаж байгаа шүү” гэсэн бол иргэн Н.Байгальмаа “Би өөрөө хууль, шүүхийн бай­гууллагыг хүнд сурт­лыг биеэр мэдэрсэн хүн. Нэгэн рүүгээ буруугаа чихэхээс биш шударга, үнэнийг нь тогтооё гэсэн ямар ч сэтгэлгүй хүмүүс байдаг юм билээ. Тэгээд хүнд суртлыг нь яана гээч. Ийм шударга бус зүйлтэй тэмцэж байгааг нь хараад өөрийн эрхгүй МАХН-д элссэн хүн” гэв. Ийнхүү гишүүд, дэмжигчид МАХН-ын дарга Н.Энх­баяртай цонхны цаанаас мэндэлсний дараа Хэл­мэг­дүүлэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ нь “Улс төрийн хэлмэгдүүлэлт төг­сөөсэй. Н.Энхбаяр даргад шударга үнэн үйлчлэх бол­­тугай” хэмээн залбир­сан хөгшид олон байсан юм.