Ч.ЗОТОЛ

“Цагдаа нар нэр бүхий есөн сэтгүүлч, тэдний гэр бүл, ойр дотны 30 хүнийг тагнаж чагнажээ” гэсэн мэдээлэл өчигдөр сошиал орчинд тарсан. Тэгвэл өдөр тутмын зарим сонины өнөөдрийн дугаарт  “Ц.Нямдорж  Хууль зүйн сайд болмогцоо ЦЕГ болон ЭЦА-ны удирдлагад  үүрэг өгч  сэтгүүлчид болон тэдний ар гэрийн 30 хүнийг  тагнуулж чагнуулсан. Нэг сэтгүүлчийн машин руу буудаж айлган сүрдүүлсэн”  гэсэн мэдээлэл гарсан юм.

Дээрх мэдээллийн мөрөөр  09.30 цагт холбогдох эх сурвалжуудаас  тодруулахад “Тагнах, чагнах ажиллагааг явуулсан цагдаагийн албан хаагчдыг шалгаж байгаа. ЭЦА-ны  албан хаагчдаас  ч тайлбар мэдүүлэг авсан. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Нийслэлийн прокуророос албан ёсоор мэдээлэл хийх байх”  гэсэн юм.

10.00 цагийн үед  үйл явдлын эргэн тойронд үүсээд буй мэдээллийн мөрөөр  Нийслэлийн прокурор  11.00 цагт  сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэсэн мэдээ дуулдсан. Харин хэвлэл, мэдээллийнхнийг хүрч  очиход  үүдний жижүүр “Мэдээлэл хийнэ гэж надад  хэлээгүй. Тийм болохоор хэвлэл хурал, мэдээлэл хийх зүйл байхгүй” гэв.

11.00 цагт Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах  асуудал  хариуцсан хяналтын прокурор Г.Бясмангаас  тодруулахад “Мэдээлэл хийхгүй. Та нар хаанаас, ямар эх сурвалжаас  ийм мэдээ авсан бэ” гэснээ “Гэхдээ манай дарга намайг 10 минутын дараа ороод ир гэсэн. Бодвол та нарын асуугаад байгаа мэдээлэл юм болов уу” гээд явсан.  Үүний дараа гарч ирээд  “Мэдээллийг 12.00 цагт хийнэ шүү” гэж зарласнаар  сэтгүүлчид цаг гаруй хүлээсэн. Энэ үеэр  сэтгүүлчид нэр бүхий прокроруудын утас  руу залгаж тодруулсан. Прокурор Амарсанаа “Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан  хэрэг шалгагдаж байгаа нь үнэн. Энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа” гэсэн хариу өглөө.

12.00 цагт  Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах асуудал  хариуцсан  хяналтын прокурор Г.Бясман мэдээлэл өгөв. Тэрээр  “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль, тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж, прокурорын хяналтад ирүүлсэн. Прокурор хэргийг хянаж байна. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Уг хэргийн захиалагч  нь Ц.Нямдорж сайд  гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч эхэлсэн. Мөн 1990-ээд онд ч  зарим сэтгүүлчдийг  тагнаж, чагнаж байсан хэрэг гарч байсан. Тэр үед ч тэрээр Хууль зүйн сайд байсан талаар сэтгүүлчид энэ үеэр  хэлж байлаа. Иймээс  “Захиалагч нь Ц.Нямдорж сайд юм биш үү”  гэж асуухад  хяналтын прокурор Г.Бясман  “Одоогоор хэлэх боломжгүй” гэлээ. Яллагдагчаар татсан, эсэхийг лавлахад “Эрүүгийн хэрэг үүсгээд, яллагдагчаар татах саналтай хэргийг шалгаж байна” гэсэн бол “Цагдаагийн хэчнээн албан хаагч холбогдоод байгааг мөн хэлэх боломжгүй гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn