Б.ТУУЛ

Хилийн дээс алхаж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх юмсан гэж боддог хүн бидний дунд цөөнгүй байдаг. Дан ганцхан оюутан, залуус ийм бодол тээж явдаг гэвэл өрөөсгөл ойлголт болох байх. Тэр тусмаа Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй хүн бидний бодож байгаагаас ч их байдаг байж болох. Тиймээс энэ удаагийнхаа дугаарт бид сургалтын төрийн сангийн зээлээр Чех улсад суралцах тухай дараах мэдээллийг нийтэлж байна. Учир нь, ирэх сараас Засгийн газрын тэтгэлгээр гадаадад суралцахыг хүсэгчдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдах нь. БШУЯ-наас гаргасан хуваариас харвал эхний улс нь Чех юм байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР ЧЕХД СУРАЛЦАЦГААЯ
Боловсролын яамнаас жил бүр хоёр улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу 16 оронд оюутан, магистрант, докторант суралцуулахаар илгээдэг. Өнгөрсөн жилийн байдлаар манай улсын 3000 гаруй иргэн гадаадад, Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг гэсэн тооцоо судалгаа байна. Тиймээс та ч бас энэ боломжийг ашиглах тухай бодоод үзэхэд илүүдэхгүй л болов уу. Хятад, Чех улсад тэтгэлгээр суралцах хүмүүсийн шалгалтыг манай улсад суугаа элчин сайдын яамд нь бие даан зохион байгуулдаг юм байна. Харин бусад оронд суралцах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг БШУЯ, тухайн орноос манай оронд суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг юм байна. Тиймээс энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та боловсролын яамны www.mecs.gov.mn сайтаас авч болох нь. Хэрэв та сонгон шалгаруулалтад орохыг хүсвэл шалгалттай холбоотой зардлаа өөрөө хариуцах нь. Шалгалтад тэнцсэн тохиолдолд таны сургалтын зардлыг улсаас даах юм байна. Өөрөөр хэлбэл та гадаадын аль нэг улс оронд хүссэн сургуульдаа үнэ төлбөргүй суралцаж, дээр нь бас амьжиргааны тэтгэлэг авах нь. Ингээд Засгийн газрын тэтгэлгээр Чехд суралцацгаая.
ОРОС ХЭЛТЭЙ БОЛ ХЭЛНИЙ БЭРХШЭЭЛЭЭС АЙХ ХЭРЭГГҮЙ
Орос, Хятад, Турк зэрэг оронд монгол оюутан нэлээд байдаг. Ойролцоогоор 200-300 оюутан сурдаг гэсэн тоо байдаг. Харин Чех улсад тун цөөхөн, ердөө зургаан оюутан сурдаг гэсэн мэдээлэл байна. Уг нь тэндэхийн амьжиргааны өртөг зардал нь бусад улстай харьцуулахад тун боломжийн гэдгийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвийнхөн хэлж байна. Тухайлбал, нэг сарын байр, хоолны зардал нийлээд ойролцоогоор 200$-т багтдаг гэнэ. Европын холбооны гишүүн улс учраас Европ даяар чөлөөтэй зорчих боломжтой гэж байна. Мөн чех хэл нь славян хэлний аймагт багтдаг учраас орос хэлтэй хүн сурахад маш хялбар байдаг гэх зэрэг олон сайхан боломжуудыг нэрлэж байна. Тиймээс Чехийн хамгийн том сургуулиудын нэгийг судалж үзэв.
БАКАЛАВР, МАГИСТРЫН АНГИД СУРАЛЦАХЫН ТУЛД ЗААВАЛ ХЭЛ СУРАХ ХЭРЭГТЭЙ
Мазарикийн Их Сургууль (МИС) Чех улсын Брно хотод байдаг аж. Өнөөдөр энэ их сургууль 200 гаруй тэнхим, есөн том факультет, 40 мянга гаруй оюутантай. Энэ сургууль тухайн үеийн Чехславок улсын ерөнхийлөгч Томас Мазарикийн нэрээр нэрлэгджээ. Тус сургуульд хууль эрх зүй, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, урлаг, эдийн засаг, спорт, нийгмийн ухааны болон мэдээлэл зүйн факультет гээд бүх л чиглэл байна. Тиймээс хүссэн мэргэжлээрээ сурахад ямар нэгэн саад алга. Танд тавьж буй гол шаардлага бол хэлний бэлтгэл. Гадаадын оюутан МИС-д бакалавр, магистрын ангид суралцахын тулд заавал чех хэлний мэдлэг эзэмшсэн, тодорхой шаардлага хангасан байх ёстой гэдгийг аль ч сургалтын төв хэлж байна. Чех хэлний бэлтгэл ихэнхдээ гурван сар суралцдаг юм байна. Хэлний бэлтгэлийн нэг улирлын төлбөр нь ойролцоогоор 1150 евро байдаг аж. Энгийнээр тайлбарлах юм бол 1 евро=25 чех крон гэсэн үг.
ОЮУТНЫ БАЙРАНД АМЬДАРВАЛ...
Одоо оюутны байр ямар үнэ ханштай байдаг талаар товчхон мэдээлэл өгье. Хэдийгээр тэтгэлгээр суралцаж байгаа ч гэсэн оюутны байр боломжийн үнэтэй байх хэрэгтэй. Тэндэхийн оюутны байр нэг өрөөнд байрлах хүний тоо болон бусад нөхцлөөс хамаараад нэг өдрийн 40-100 орчим крон байдаг гэнэ. Энэ нь ойролцоогоор 1.5-4 евро гэсэн үг. Тэгэхээр та сард 45-120 евро төлнө гэсэн үг. Байрны захиалгыг анх бүртгүүлэхдээ хийлгэвэл хямд байранд орох боломжтой байдаг гэдгийг мэдэх нэг нь хэлж байна. Хэрэв танд дээрх мэдээлэл таалагдсан бол одоо өөрт байгаа боломжуудаа судлаад үзээрэй.
НЭГ, ХОЁРДУГААР КУРСЫНХЭНД БОЛОМЖ БАЙНА
Тэтгэлэгт хамрагдахын тулд та дараах шаардлагыг хангасан байх ёстой юм байна. Бакалаврын төвшинд суралцаж байгаа оюутнууд тэтгэлэгт хамрагдахын тулд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар курст суралцдаг байх. Гурав ба түнээс дээш голч дүнтэй суралцсан байх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, магистр бол бакалаврын, доктор бол магистрын дипломын гурав ба түүнээс дээш голч дүнтэй байх шаардлагатай гэсэн үг. Эдгээр шаардлагыг хангаж байгаа бол танд өрсөлдөх боломж нээлттэй байна.