Э.БЭРЦЭЦЭГ
Гадаад, дотоодын их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрөө өөрөө төлсөн бол татварын хөнгөлөлт эдлэх боломжтой гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс энэ талаар Татварын ерөнхий газрын Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны тасгийн дарга Н.Галбадрахаас тодрууллаа.

-Их, дээд сургууль, коллежид сурч буй хүүхдийнхээ сургалтын төлбөрийг эцэг, эх нь өөрөө төлсөн бол улсаас татварын хөнгөлөлт эдэлдэг гэж дуулсан. Энэ тухай тодорхой ойлголт өгөхгүй юу?
-Иргэн бүр Хувь хүний орлогын албан татварын тайланг жил бүр гаргаж өгдөг. Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлдэг. Энэ ажил улс даяар жил бүр зохион байгуулагддаг. Тухайлбал, ирэх жил буюу 2013 оны нэгдүгээр сарын 1-ээс хоёрдугаар сарын 15-нд хувь хүний орлогын албан татварын тайлангийн хугацаа болно. Энэ хугацаанд хүн амын орлогын албан татвар тоологч нарт иргэд тайлангаа гаргаж өгнө.
-Тэгвэл хувь хүний орлогын албан татварын тайланд иргэд яаж хамрагдах вэ. Хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн баримтаа татварын албанд тушаах ёстой юу?
-Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг эцэг, эхчүүд өөрөө төлсөн бол харьяа дүүргийнхээ татварын албанд тайлангаа гаргаж өгнө. Тухайн тайланг татварын алба хүлээж аваад баталгаажуулна. Уг баталгаажсан тайланг Нийслэлийн төрийн санд хүргүүлдэг. Гэхдээ хувь хүний орлогын албан татварын хуулийн 24.6 зүйлийн дагуу уг тайланд тухайн хүн өргөдөл дээрээ илүү төлсөн татварыг буцаан шилжүүлж авах банк болон дансаа бичиж өгдөг. Тэр дансанд нь нийслэлийн төрийн сангаас мөнгийг нь хийж өгдөг юм.
-Энэ хөнгөлөлтөд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа оюутнууд бас хамрагдана биз. Оюутны сургалтын төлбөрийн өөр хөнгөлөлт байдаг уу?
-Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамруулдаг. Гэхдээ тухайн оюутан өдрийн ангийн оюутан байх ёстой. Мөн үндсэн хичээлийнхээ гадуур яг өөрөө орлого олсон байх хэрэгтэй. Гэхдээ ийм оюутан их ховор байдаг. Ер нь хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу ганц оюутны төлбөрөөс татварын хөнгөлөлт эдлээд зогсохгүй олон зүйл бий. Тухайлбал, хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая хүртэлх төгрөгийг нь татвараас чөлөөлж татварын хөнгөлөлтөд харуулдаг.
-Энэ хөнгөлөлтөд хамрагдахын тулд иргэд ямар материал бүрдүүлэх ёстой вэ?
-Иргэний хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээл олгосон банк, санхүүгийн байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт, орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ зэргийг бүрдүүлж ирэх шаардлагатай байдаг. Мөн гэрээнүүдээ нотариатаар батлуулж ирэх хэрэгтэй.