Т.САЙХАН

 Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан юм.

Энэ тогтоолын төс­лийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2018 оны дөрөвдүгээр сарын 6-нд УИХ-д өргөн барьсан бөгөөд тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын Төс­вийн байнгын хо­рооны хуралдаанаар хэлэлц­лээ. Хуралдаанд Ерөн­хийлөгчийн Там­гын газрын дарга З.Энхболд оролцож, хуу­лийн төс­лийн талаар танил­цуулга хийж, Төсвийн байн­гын хорооны гишүүдийн асуу­сан асуултад хариулав. Төсвийн байнгын хороо­ны зарим гишүүн хүүх­дийн мөнгийг халамж гэж харж байгаагаас үүдэн хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгөх нь зөв, мөн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хэмжээний төсөв мөнгө байхгүй гэсэн  байр, суурь илэрхийлж байв

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Одоо мөрдөгдөж байгаа хуулиар хүүхдийн мөнгийг халамжийн сангаас олгож байгаа. Өмнө нь хүүхдийн мөнгийг Хүний хөгжлийн сангаас олгож байсан. Хүний хөгжлийн сангийн үйлчлэлийг зогсоосон. Халамжийг угаасаа хавтгайруулж өгдөггүй. Хуулиа л дагах ёстой.

 УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Ерөнхийлөгч хүүх­дийн мөнгийг хүүхэд бүрт олгох тогтоолын төсөл өргөн барьсан. Зөрүүлээд Засгийн газар 80 хувь нь хүүхдийн мөнгө олгох төсөл өргөн барьсан. Үүний зөрүү 20 хувь нь 208 мянган хүүхдээс л 22 тэрбум төгрөгийг өгөхгүй гэж байгаа юм. Хүүхдийн мөнгийг улс төрийн сонгуулийн амлалт, хэн нэгний улс төр хийх гэсэн зүйл гэхээсээ илүү Монгол Улсын хүн амаа өсгөх үндсэн бодлого гэдэг талаас нь Засгийн газар хандаасай. Тиймээс хүүхдийн мөнгийг 80, 100 хувь олгох тухай хоёр тогтоолыг нэгтгэж хэлэлцүүлэх нь зөв. Монгол Улсын Засгийн газарт хүүхдийн мөнгийг 100 хувь олгох 22 тэрбум төгрөгийг хаа нэгэн газ­раас хэмнэгдээд олдохгүй байгаа гэдэгт би итгэхгүй байна. 22 тэрбум битгий хэл хэдэн тэрбумаар нь та бүхэн үр ашиггүй зарж байгаа шүү.

 УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Ерөнхийлөгч хүүх­дийн мөнгийг Монголын бүх хүүхдэд ялгаваргүй олгох нь Үндсэн хуулийн үзэл санаатай нийцэж байна гэж хэлээд бай­гаа. Нийгмийн гарал үүс­лээр нь хүүхдүүдийг ялга­вар­лан гадуурхаж болохгүй. Та бүхэнЗарим баян айл хүүхдийн мөнгө авдаг­гүй бүр мэддэггүйгэж яриад байх юм. Тэр хүмүүс хүүхдийн хадга­лам­жийг бий болгож бай­гаа юм. Хүүхдээ багаа­саа нь хадгаламжтай бол­гож, мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж байгаа хэрэг. Гэтэл хүүхдийн хадга­лам­жид нь байгаа мөнгийг төр нь харчихаад мөнгөө хэрэглэхгүй бай­на гэж хэлж болохгүй. Хад­га­ламж гэдэг бол шинэ соёл. Баялаг бүтээх шинэ соёлд хүүхдүүдийг сургаж байна.

 Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

-2018 онд хүнсний талон олгох зорилгоор 40 гаруй тэрбум төгрөг төсөв­лөсөн. Гэтэл хүүх­дийн мөнгөө олгохын тулд хүнсний талон олго­хоос тат­галзаж байна гэсэн үг үү. Хоёрдугаарт, Төс­вийн тухай хуулийн 6.2.5 дугаарт зааснаар орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн жилээс төсөвт тус­гадаг байх гэсэн заалт бий. Энэ заалт зөрчиг­дөөд байна. 2018 оны тө­сөв батлагдаад 49 хоног өн­гөрөөгүй байхад таван хууль өөрчилсөн ч төсөвт ямар ч тодотгол хий­гээгүй. Хууль зөрчигдөөд байна шүү.

 Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 

-Ерөнхийлөгч Х.Баттулга зарчим ярьж байгаа. Одоогийн төсөвт 684 мянган хүүхдэд олгох хэмжээний мөнгө тусгасан. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр дахиад 288 мянган хүүхдэд мөнгө нэмж олгох гэж байна. 2016 оны жилийн эцсийн тооллогоор Монгол Улсад 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо нэг сая 79730 гэж гарсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг 100 хувь олгоход 107730 хүүхдэд л нэмж хүүхдийн мөнгө олгоход болох юм. Энэ нь нэг жилд 25.8 тэрбум төгрөг, тавдугаар сарын 1-нээс эхлэн олгоход 17.2 тэрбум төгрөг болох юм. Олон зуун тэрбум төг­рө­гийн тухай яриагүй. Өмнөх дөрвөн жилд хүүх­дийн мөнгө халамж биш бай­сан.

Ерөн­хий­лөгч Х.Баттулгын хууль санаач­лах бүрэн эр­хийн­­хээ хүрээнд санаа­чил­сан УИХ-ын тог­тоолын төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний зургаа нь дэмжсэнгүй. Байнгын хорооны дээрх санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин