С.УЯНГА
Автомашины дугаарын хязгаарлалтыг өөрчлөх иргэдийн санал асуулга болон зарим байршилд зам хаах талаар холбогдох байгууллагууд мэдээлэл өгөв. Энэ үеэр Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Гүүрэн гарцтай холбоотойгоор хэдий хугацаанд зам хаах вэ?
-Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил албан ёсоор эхэллээ. Үүнтэй холбогдуулан таван түр замыг нээсэн. Мөн Нарны зам дээр 3-4 газар буцаж эргэх гарцуудыг нээж хөдөлгөөнд оруулж замын цагдаагаас нэмэлт хүч гарч, ажиллаж байна. Түр замууд хэвийн ажиллана. Төмөр замын аюулгүй байдлыг хангах зорилгоор Махатма Гандийн гудамжнаас Нарны замтай холбох замын дунд төмөр зам байгаа. Төмөр замын гарцан дээр пүрэв гаригийн орой 22:00 цагаас даваа гаригийн 07:00 цаг хүртэл гурван өдөр төмөр зам хаахаар төлөвлөсөн байгаа. Тоноглол хийж дуустал өдрийн цагаар хоёр цагдаа, Төмөр замаас дохиочид ажиллана.
-Дугаарын хязгаарлалтын талаар иргэдийн санал асуулгын дүнг танилцуулахгүй юу?
-Дугаарын хязгаарлалтын санал асуулга иргэдийн зүгээс дэмжигдээгүй учраас дугаарын хязгаарлалт хийхгүйгээр түр замуудаар замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар болсон. Гол зам болох Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 метр зам хуучин замын цагдаагийн уулзвараас дутахааргүй 90 хувийн ачааллыг авна гэж тооцож байгаа. Учир нь хоёр урсгалтай, хоёр талдаа уулзвар гэрлэн дохио байхгүй учир ачаалал авах боломжтой байх. Мөн хүнд даацын автомашинуудын явах маршрутыг өөрчлөх, бөөний төв захуудын цагийн хуваарийг өөрчлөх зэрэг зохион байгуулалтууд хийнэ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин