М.БААСАНДЭЛГЭР
МАХН-аас БНМУ-ын Дээд хуулийн төслийг батлах гарын үсэг цуглуулах ээлжит аяныг өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулав. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Тамгын газрын дарга Н.Уламбаяр, Гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан нар иргэдтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын дэд дарга С.Орхонбаяр “БНМУ-ын Дээд хуулийг өнгөрсөн гурав хоногийн турш дүүргийнхээ иргэдэд танилцууллаа. Одоогоор манай дүүргийн 10 мянга орчим иргэн дэмжиж, гарын үсгээ зураад байна. Ард түмэн эх орондоо эзэн болоход, баялагтаа эзэн сууж ахуй, амьдралаа сайжруулах, ирээдүйгээ гэрэл гэгээтэй, баталгаатай болгоход Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй юм. Ийм учраас иргэд санал нэгдэн дэмжиж байна. 1992 оны Үндсэн хуульд “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Тэгвэл Дээд хуулийн төсөлд “Монгол хүн төрийн хамгаалалтад байна” гэж оруулж өгсөн. Өнөөгийн улс оны өмнө тулгамдаад буй бэрхшээл, хямрал нь тогтолцооны гажуудлаас эхтэй. Дээд хууль тогтолцоог өөрчилж, энэ бүх хүндрэл бэрхшээлийг давна гэсэн зорилгыг өмнөө тавьсан. Тийм учраас ашигт малтмалын баялаг ард түмний мэдэлд байна. Шүүх засаглалыг нэг хүн томилдог, тэр хүнээсээ хараат байдаг байдлыг болиулж, ард түмнээс сонгох заалтыг оруулсан. Төрийн нэр дээр байгаа ард түмний өмчийг шамшигдуулахгүй байлгах үүднээс хяналтын тогтолцоог бий болгохоор хуульчилсан. Иргэдийн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үнэ төлбөргүй болгох, хөгжлийн бэрхшээлтэй болон 20 жил тогтвортой амьдарсан. Түүнчлэн олон хүүхэдтэй залуу гэр бүлийг орон сууцаар үнэгүй хангах гэсэн Дээд хуулийн заалтуудыг оновчтой болсон гэж иргэд үзэж, дэмжиж байгаа”-г онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр Сонгинохайрхан дүүргийн IX хорооны иргэн Г.Дашмягмаржав “Төсөл боловсруулж эхлэхээсээ өгсүүлээд ард түмэн, олон туршлагатай хуульч эрдэмтдийн санал зөвлөгөөг тусгасан Дээд хуулийн төслийг дэмжиж байгаа. Ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, тэдний нөхцөл байдалд ихээхэн анхаарсан, маш нарийн хууль. Миний ойр дотны бүх хүн энэ хуулийн төсөлтэй танилцаад саналаа өгөхөөр ирсэн” хэмээн ярьж байв.
Тус дүүргийн 76 дугаар хорооны Мянгатын дарга Ч.Цэвээндорж “Санал авах, гарын үсэг цуглуулах аянд иргэд идэвхитэй оролцож байна. Энэ ажлын хүрээнд зах болон том худалдааны төвөөс эхлээд бүх хорооны айл өрхтэй уулзаж саналын хуудсаа бөглүүлсэн. манай дүүргийн хэмжээнд бүх иргэн энэ хуулийн гол заалтыг ойлгож мэдсэн байгаа. Өмнөх хоёр өдөр 3200 орчим иргэн дэмжиж санал өгсөн” гэлээ.
Энэ үеэр МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүд иргэдийн санал хүсэлтийг сонсч, сонирхсон асуултад хариуллаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин