Үндэсний мэдээллийн төвд

МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд, УИХ-ын гишүүн Ц.Цолмон тэргүүтэй хүмүүс маргааш болох “Ард түмний шударга их хуралдай”-н талаар мэдээлэл хийлээ. “Ард түмний шударга их хуралдай” маргааж “АСА” циркт 10.00-18.00 цагт болох аж. Нөгөөдөр буюу 28-нд МАХН-ын төв байранд хуралдай үргэлжлэх аж. Хуралдайд МАХН, МҮАН, Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам, Монголын Либерал Нам болон Эрс шинэчлэл хөдөлгөөн, Тусгаар тогтнол эвсэл, Цөмийн аюулгүй байдлын төлөө үндэсний хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн 20 гаруй байгууллагын төлөөлөл, гишүүд, дэмжигчид оролцох аж. 21 аймаг, 9 дүүргээс нийт 2000 гаруй төлөөлөгч оролцох аж.
Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нар илтгэл тавихаас гадна аймаг, дүүргийн төлөөлөл орон нутаг, дүүрэгт тулгамдаад байгаа асуудлыг хөндөн хэлэлцэх аж.
МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд, “Улс оронд тулгамдаж буй олон асуудал, тэр дундаа шударга ёсыг тогтоох, хүнлэг энэрэнгүй нийгмийг цогцлоох, эх орныхоо баялагт бид өөрсдөө эзэн суух гарцыг ард түмэнтэйгээ хамт олох зорилготой “Ард түмний шударга их хуралдай”-г зохион байгуулах гэж байна. Манай ороны өнцөг булан бүрээс иргэд ирж улс орны өнөөгийн байдал, улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлсний дараа зөвлөмж гаргах юм” гэлээ.
Сэтгүүлчид МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар асууж тодруулж байсан. Түүний бие тааруу байгаа гэж намын нөхөд нь хэлсэн. Иргэд, намын гишүүд, дэмжигчид энэ асуудлаар санал, бодлоо илэрхийлэх юм байна.
Энэ үеэр хөндсөн нэг сэдэв бол орон нутгийн сонгууль байв. МАХН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхгүй, оролцуулахгүй байгааг тэд мэдээлсэн. Хоёр дүүрэг хэд, хэдэн аймагт орон нутгийн сонгуультай холбоотой асуудлыг шүүхэд хүргүүлжсэн гэж байв. Үүний цаана МАН-ынхны айдас байгаа гэж тэд мэдэгдсэн. Учир өдөр бүр МАН-ын гишүүд МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх болсонд тэд ийн дургүйцэн янз бүрийн арга саам хийх болжээ. Энэ олон асуудлыг хэрхэн шийдэх гарцыг тэд Их хуралдайн үеэр ярилцаж, нэгдсэн шийдвэрт хүрэх юм байна.