Ө.СОНОР
Монгол Улс, монголчууд, Монголын төр дэндүү арчаагүй гэдгээ ганцхан жишээгээр дэлхий дахинд таниулж байх юм. Үр хүүхдийнхээ тоглох газрыг ашиг олох зорилготой бизнесийн байгууллагуудад булаалгачихаад толгойг нь илж суудаг төр манайхаас өөр байдаг болов уу, бүү мэд. Бизнесийнхнийг, УИХ-ын эрхэм гишүүдийг, монгол төрийг ийм арчаагүй байгааг нь таниулж өгсөн Монголын залуучуудын холбооныхонд, А.Мөнхбат даргад харин “Браво” гэх нь зүйтэй байх. Бидний мэдэх хүүхдийн парк уг нь цагийн сайханд 32 га газартай байжээ.Газраас нь эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан хумсалсаар, хумсалсаар одоо хэчнээн га-д нь амралт, чөлөөт цагийн бүс барихаар болсныг мэдэх хүн ч алга болжээ.
Өмнө нь паркийн газар ямар байсан, одоо ямар байгааг харсан хүн бүр толгой сэгсэрч байгааг энд бичих нь илүүц билээ.
Энэ бүхэн уржигдар Төрийн ордон дахь Иргэний танхимд болсон “Паркаа аваръя” хэлэлцүүлгийн үеэр тодорхой болсон юм. Хэлэлцүүлэгт оролцсон компаниудын удирдлагаас “Та монгол хүүхдүүдийн төлөө авсан газраа буцаан өгч чадах уу” гэдэг асуулт тавихад бүгдээрээ тойруу замын хариулт өгч бултаж байсныг 2,7 сая монголчууд харлаа. Бизнесийн байгууллагуудын удирдлагууд ч яахав. Тэд ашиг олох зорилготой учраас ганцхан хэлэлцүүлэгт ороод л газраа “тавиад туучихна” гэж яаж санаанд нь багтах вэ. Харин түмний итгэлээр хууль тогтоох байгууллагад сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү гэдэг хүн тэр дунд нь орчихсон “Ганцхан манай компанийн газрыг авах гэж дайраад байгаа юм уу. Бусад нь ч адилхан авсан. Газраа энэ чигээр нь үлдээчих. Монгол хүүхдүүдийн эцэг, эх ядуу, багачууд паркад тоглож чадахгүй байна. 10 жил үнэгүй тоглуулъя” хэмээж монголчуудын амыг ангайлгаж, чихийг дэлдийлгэж байх юм. Хатуухан хэлэхэд энэ бол хүүхдүүдийг басамжилсан, доромжлол юм. Түүний энэ үг тэртэй, тэргүй тоглож чадахгүй юм чинь том паркаар яадаг юм гэсэнтэй агаар нэг сонсогдож “Үхтэл үр харам” гэж зүтгэдэг монгол ээж, аавуудын сэтгэлийг баахан гонсойлгож орхилоо. Хамгийн чухал нь Б.Наранхүү бол одоо ямар нэгэн бизнесийн байгууллагын төлөөлөл бус Монголын ард түмний элч болсон УИХ-ын гишүүн шүү дээ.
УИХ-ын гишүүн хүн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зангарагтай байх ёстой юм. Ард түмэн Б.Наранхүү гэдэг хүнийг “Мон-Уран” компанийн захирал биш парламентын гишүүн гэдгээр нь хүлээн авч байгаа. Гэтэл эрхэм гишүүний “Паркаа аваръя” хэлэлцүүлэгт хэлсэн үгс хэчнээн сондгой байв. Ерөөс Б.Наранхүү өнөөг хүртэл УИХ-ын гишүүн гэсэн нэрэнд дасаагүй, өөрийгөө компанийн захирал л гэж ойлгодог бололтой. Тэгээд тэгвэл ингэнэ, ингэвэл тэгнэ, бусад нь адилхан гэх мэтийн юм ярьж байх юм. “Паркийн газраас эзэмшиж байгаа бүх компаниуд хуулийн дагуу ажиллана гэвэл би газраа чөлөөлөхөд бэлэн. Үнэхээр хүүхдүүдээ гэж байгаа бол нийлж байгаад юм хийх хэрэгтэй. 10 жилийн хугацаанд хүүхдүүдээ үнэгүй тоглуулъя. Одоо бол өндөр үнэтэй паркад тоглох бэлтэй хүн цөөн байгаа. Иргэд сарын цалингаараа нэг л өдөр хүүхдээ тоглуулна гэсэн үг. “Мон Уран” гэдэг компани ганцаараа паркийн газрыг авчихаад өгөхгүй байгаа юм шиг зүйлийг 10 жил ярилаа. Манай компанийн хувьд нэг га газар эзэмшиж байгаа. Бүх газар шударга байвал бид ч гэсэн шударгын голд ороод явна. Гэтэл зөвхөн манай компанийн газрыг авна гээд байвал хүлээн зөвшөөрөхгүй. Бид огт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш. Бид шүүхийг хүндэтгэнэ. Захиргааны хэргийн шүүх “Мон-Уран” газар эзэмших зөвшөөрөлтэй гэсэн шийдвэр гаргасан” гэж УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Мон-Уран” компаниа төлөөлж ярилаа. Ингэхэд “Ирж яваа цаг” кинонд Маралмаа охин хонио туугаад явахад нь “Охин хүүхэд өөрөө очдоггүй юм шүү дээ” гэж аав нь хэлдгийг санаж байна уу. Яг түүн шиг УИХ-ын гишүүн хүн компанийнхаа ажлаар өөрөө олны өмнө ил гардаггүй юм шүү дээ. Өмнөөсөө өөр хүн явуулдгийг архаг парламентчдаас суралцаарай. Жишээ татахад “АПУ” компанийн Г.Батхүү УИХ-ын гишүүн байхдаа компанийнхаа тухай ярьдаггүй, бизнестэй нь ижил агуулгатай асуудалд санал өгч, үзэл бодлоо илэрхийлдэггүй байсантай ижил гэсэн үг. Ингэж болохгүй хууль ч бий.
Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн дараах ажил, албан тушаалыг давхар эрхэлж болно.
18.2.1. хууль болон олон улсын гэрээгээр зөвшөөрсөн ажил;
18.2.2. нийгэмд тустай үйл ажиллагаанд чиглэсэн ажил;
18.2.3. багш, судлаач болон бүтээлч ажил;
18.2.4. хуульд заасан бол өөр өөрийн чиг үүргийн дагуу Улсын Их Хурлын болон Засгийн газрын албан тушаал;
18.2.5. хууль тогтоомж болон Засгийн газрын журмаар зөвшөөрсөн олон улсын байгууллага дахь албан тушаал хэмээн заасан байдаг юм. Үүнд компани удирдаж олны өмнө гарах гэж байхгүй байгаа биз. Мөн Монгол Улсын Их хурлын тухай хуулийн зургадугаар бүлэг, 36.1-д Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дор дурдсан ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй:
36.1.1. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;
36.1.2. Улс төрийн намын сонгуульт албан тушаал;
36.1.3. төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал;
36.1.4. багшлах болон эрдэм шинжилгээний ажил” хэмээн хуульчилсан юм. Энэ хуулийн 37 дугаар хэсгийн “Гишүүнд хориглох үйл ажиллагаа” гэдгийн 37.1.10.-т “Бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, аж ахуйн нэгжийг төлөөлөх болон хяналтын зөвлөлд сонгогдох” хэмээн заасан байдгийг сануулахад илүүдэхгүй байх.
Ийнхүү Монголын хүүхдүүдийн тоглох газраас “хумсалсан” бизнесмэнүүдийн зарим нь УИХ-ын гишүүн болчихоод хууль, дүрмээ ч мэдэхгүй компанийнхаа тухай яриад явж байна. Эдгээр хүмүүсийн царайнаас харахад Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар эргээд хэзээ ч бүтэн болохгүй юм байна.
Монголын төр, засаг нийгэм өөрчлөгдсөнөөс хойш хүүхдүүдийн гэсэн бүхнийг дандаа булааж ирсэн юм. Цаашид ч булаасаар байх бололтой.