Д.АРИУН

Захидал бичих  гэдэг мартагдсан шахам зүйлийг гэнэт сануулсан дугтуйтай бичгүүд АНУ-аас, хорих ангиас, Төрийн ордноос  гарч ирлээ. Өнгөрч буй долоо хоногийн онцлох нэгэн өнгө төрх нь АТГ-ын шалгаж байгаа хэрэг асуудал  тойрсон эдгээр захидал байлаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-аас АТГ-ын дарга Х.Энхжаргал, Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарт, ”Жаст” компанийн захирал Ш.Батхүү цагдан хорих газраас хууль хяналтын байгууллага болон олон нийтэд хандан захидал бичжээ. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Төрийн ордноос өдтэй бичиг илгээн өөрийнхөө дэлгэн тавьсан шүүгч нарын хөрөнгө орлоготой холбоотой асуудлаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид хатуухан үгийг хэлсэн байна. Эдгээр захидлаас хүргэж байна.

Ч.Сайханбилэг: Би Монголдоо очно

Миний бие Чимэд овогтой Сайханбилэгийн гэрийн хаягаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Оюутолгойн гэрээтэй холбоотой үүссэн асуудлаар Улсын прокурорын газар, АТГ-с мэдүүлэг ирж өгөх албан бичиг ирүүлсэн билээ. АНУ-д амьдарч байгаа өөрийн төрсөн дүү хорт хавдар өвчнөөр оношлогдон хүнд хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсныг уламжлан заасан хугацаанд өөрийн биеэр хараахан амжиж очих боломжгүйгээ урьд нь албан ёсоор бичгээр илэрхийлсэн болно.

Гэвч сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн сүлжээгээр намайг оргон зайлсан, эрж хайх ажиллагаа явуулах шаардлагатай мэтээр илтэд буруу ташаа мэдээлэл гарч байгаа тул энэхүү ил захидлыг явуулж байна.

Монгол Улсын нэн шинэ түүхийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг хариуцлагатай өндөр албан тушаалыг ердөө 30 хүн хашсан байдаг бөгөөд тэдгээрээс одоо 14 нь амьд сэрүүн байна. Түүхийн гашуун үе, хэлмэгдүүлэлт, хилс хэрэг, ээдрээтэй хүнд нөхцөл байдлаас шалтгаалан Ерөнхий сайдаар ажиллаж байсан таван эрхэм харийн нутагт амиа тавьж байсан тэр түүх мартагдаагүй байна. Тэдний хэн нь ч хүслээрээ харьд очоогүй. Хэн нь ч эх орноосоо оргон зайлж байсангүй. Ерөнхий сайдын сэнтийд суусан хэн ч Монгол төр, эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Би Ерөнхий сайдын хувьд Хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авилга байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ. Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга.

Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно.

Ш.Батхүү: Бодит үнэн тогтоогдож, шударга ёс ялна гэдэгт эргэлзэхгүй байна

…Ш.Батхүү миний бие нь чихрийн шижин өвчнөөр 35 гаруй жил өвдөж байгаа. 2013 онд есөн сар хоригдсоны улмаас энэ өвчний хүндрэлүүд илэрч, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдахад хүрсэн. Би таван жилийн турш эрүүгийн хэргээр шалгагдан, бүх мэдүүлгээ өгсөн. Манай компанид татвар, нийгмийн даатгалын шалгалтуудыг хийж, банк санхүү болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан. Мөн олон улсын өндөр зэрэглэлийн шинжээчдийн дүгнэлт, Лондонгийн Арбитрийн шүүхийн явцад тухайн зээлүүдтэй холбоотой бүх тоонууд нэхэмжлэгч Стандарт банкныхтай таарч байгаа. Мөн энэ зээлийн мөнгө бүгд Жаст группын данс руу орж байсан, уг зээл Хадгаламж банк болон Олон Овоотын төсөлд зарцуулагдсан зэрэг нь санхүүгийн баримтуудаар тогтоогдсон. Стандарт банкнаас авсан уг зээлийг миний бие нь олон зуун мянган харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эрсдэлд оруулахгүйн тулд аргагүйн эрхэнд өөртөө бүх эрсдлийг үүрч, банкныхаа дүрмийн санг нэмж байсан. Ийнхүү Хадгаламж банкинд оруулсан Стандарт банкны зээлийн мөнгөнөөс миний хувьд ямар ч ашиголоогүй, хүртээгүй. Харин ч банкаа улсад хууль бусаар хураалгаснаар 97 сая гаруй ам.долларын шууд хохирол амссан. Гэтэл намайг залилан мэхлэх гэмт хэрэг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон, зөвхөн залилан мэхлэх аргаар амьдарч байсан мэтээр ял тулгаж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Миний зүгээс гэмт хэрэг хийх ямар ч бодол, сэдэлгүй байхад дахин гэмт хэрэг хийж болзошгүй гэсэн огт үндэслэлгүй зүйлээр эмнэлэгт эмчлүүлж байхад хорьж саатуулсныг дараахь агуулгатай гэж үзэж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Миний эрүүл мэнд, амь насанд ноцтой эрсдэл үүсгэх;

Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэрийг Лондонгийн арбитрийн шүүхэд ялагдуулж, дараа нь санаатайгаар давж заалдах хугацааг үхүүлж, хуулийн гадуур 100 сая гаруй ам.доллараар улсыг хохироон завших боломж олгох;

Гуравдугаарт, Хэрэв миний амь нас эрсэдвэл дээрх тун ноцтой хэргийн шинжтэй этгээдүүдийн хэрэг замхарч, над руу хамаг бурууг чихэн, хийгээгүй хэргүүдэд гүжирдэн, асар их улсын мөнгө завших боломж үүсэхээр байна.

Миний бие энэхүү захидлыг илгээж байгаагаараа өөрийн гаргасан алдаа, гэм бурууд тохирсон хариуцлагыг хүлээхээс зайлсхийсэн зүйл байхгүй. Харин энэ хэрэгт огт хамааралгүй хүмүүсийг хэлмэгдүүлэх, хийгээгүй хэрэгт гүтгэн гүжирдэх нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй гэдгийг илэрхийлж байна. Миний хийсэн үйлдэл дээр дөрөөлж хууль, шударга ёсноос гадуур өөрсдийн гэм бурууг далдлах, улсыг хохироож ашиг хонжоо олох гэсэн хэсэг бүлэг этгээдүүдийн сонирхол байгааг үгүйсгэхгүй. Жаст групп нь олон мянган ажилчид, тэдгээрийн гэр бүлийн ажил амьдралыг залгуулж, цаашлаад улсынхаа ачааг ч нуруун дээрээ үүрэлцэж явсан. Ингэхдээ би бизнесийн итгэлцэл, харилцагчийнхаа эрсдэлийг хамгаалах зарчмыг баримтлан ажиллаж байсан. Би жирийн нэгэн л бизнесмэн. Ямар ч бизнес эрсдэл дагуулдаг. Бодит үнэн тогтоогдож, шударга ёс ялна гэдэгт эргэлзэхгүй байна.

Х.Нямбаатар: Монголын шүүхэд шударга ёс үгүйлэгдэх хамгийн том шалтгаан нь Та өөрөө юм

Та 2013 оноос Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаар ажиллаж эхэлснээс хойш 5 жил өнгөрч байна. Энэ бол хууль тогтоох байгууллагын нэг бүрэн эрхийн хугацаанаас урт  хугацаа. Энэ хугацаанд Монгол Улсын шүүх засаглалд ямар дэвшил шинэчлэл, ахиц  өөрчлөлт хийгдсэн бэ? Иргэдийнхээ дунд ямаршуухан үнэлэмж дүгнэлттэй байж, шударга ёсыг тогтооход ямар хувь нэмрээ оруулав гэдгээ Та ард түмэндээ хэзээ тайлагнах вэ? Харамсалтай нь, иргэдийнхээ өмнө шударга байх учиртай Шүүх зоосны өмнө хүчин мөхөсдөж, шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн баримт нотолгоо, мэдээллийн эх сурвалжууд толгой дараалан олон нийтэд ил болж байна. Монгол Улсын шүүх, шүүхийн байгууллага, шүүгчид гаднын хөрөнгө оруулалттай ХААН банкны барьцаанд орж, ядарсан иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байгаа, байсан нь илчлэгдлээ. Үүнийг Та Шүүхийн хараат бус байдлыг хангаж ажилласан гэх үү? Тухайлбал Монгол Улсын шүүхийн хараат бус байдал олон улсын байгууллагын судалгаагаар 137 орноос 110 дугаарт эрэмбэлэгдэж сүүл мушгилаа. Энэ бол инээдэм биш эмгэнэл.

Та болон таныг тойрон хүрээлэгчид ярьж байгаа шигээ шударга уу? Хадгаламжин дахь нэг тэрбум төгрөг, автомашины ослын тухай гээд тантай холбоотой, холбогдолтой таагүй мэдээлэл хөвөрсөөр байна. Түүгээр ч зогсохгүй Таны тарьсан балгийг чимээгүйхэн баллуурдсан хоёр хүнээ Та тэнгэрт тултал тэтгэсэн чинь худал уу? Нэхэн сануулахад 2011 онд үйлдсэн авто тээврийн ослоор оюутан охиныг дайрч амь насыг нь хохироосон хэргийг чинь шалгасан Замын цагдаагийн газрын мөрдөн байцаагч /тухайн үеийн албан тушаалаар/, тээврийн прокурор нар Таныг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хэмжээгүй албанд томилогдсоны дараа шүүгч болон суга дэвшиж Таны ивээлд багтсан гэдгийг нэг бус хэвлэлээр дэлгэсэн. Үүнийгээ Та хэрхэн тайлбарлах вэ

Монголын шүүхэд шударга ёс үгүйлэгдэх хамгийн том шалтгаан нь Та өөрөө юм.

 

Эх сурвалж: polit.mn