М.ГАН

 

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2013 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулиудын төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэ­лэлцэв. Энэ үеэр хурал­даанд оролцсон гишүү­дийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Сангийн сайд дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг гаргаж гишүүдийн олонхи дэмж­сэнээр нэгдсэн хурал­даанд оруулахаар тогтов.

Дараа нь төсвийн хөрөнгө оруулалтын таван хувийг Засгийн газар ямар нэгэн зориулалт заах­гүй­гээр төсөвт тусгах агуулга бүхий Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

С.Ганбаатар гишүүн “Засгийн газар, УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна. Засгийн газарт юуны тухай зураг зурахыг нь УИХ зааж өгдөг. Харин яаж зурахаа та бүхэн шийддэг байх ёстой. Гэтэл Засгийн газар дур мэдэн зарцуулахаар 75 тэрбум төгрөгийг төсөвт тус­гуу­лахаар зүтгүүлж байгааг эсэргүүцэж байна” гэв. Мөн тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Да­ваа­сүрэн болон Ж.Эр­­дэнэбат, Р.Амар­жаргал нарын гишүүд Зас­­гийн газарт таван тэр­бум дол­ларын бонд гаргах зөв­шөөрлийг өгсөөр байтал УИХ-аас шийдвэр гаргуулахад цаг алддаг гэсэн үндэслэлээр ийм арга хэмжээг төлөвлөж байгаа нь буруу. Бид нэ­гэнт батлагдсан хуульдаа захирагдаж ажил­лахаас биш ажилдаа тохируулж хууль өөрчлөх ёсгүй гэд­гийг хууль санаачлагчид сануулав. Санал хураахад хуралдаанд оролц­­сон ги­шүүдийн олонх дэмжээгүй тул төслийг Засгийн га­зарт буцаахаар шийдвэрлэсэн.

Харин чуулганы ху­ралдаанаар анхны хэ­лэл­цүүлгийг нь хийж дэм­жигдээд байсан жи­жиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлч­лэлийн хугацааг сунгах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэж батлах саналыг нэгдсэн хурал­даанд оруулахаар тогтлоо.

Хуралдааны төгсгөлд ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч­дыг тээвэрлэх зориу­лалт­тай тусгай тоноглолтой автобусыг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлц­сэн ч олонхи гишүүн төс­лийг дэмжих боломжгүй хэмээн үзэж төсөл санаачлагчид нь буцаав.