Д.МЯГМАР

Нийслэл он гартал хэтэвчиндээ хэдэн төгрөгтэй байж түүнийгээ хэрхэн зарцуулах талаар төсвөө тодотгон НИТХ-ын ээлжит IV хуралдаанаар хэлэлцлээ. Төлөөлөгчид нийслэлийн 2012 оны төсвийн тодотголыг задлан өдөржин шалгааж хэлэлцсэн юм. Хоёрхон сарын хугацаанд олон сая, тэрбум төгрөгийн ажил хийнэ хэмээн бөөнд нь бичиж задаргаа хийгээгүй байсан нь ийн тэднийг шүүмжлэлийн бай болгон сунжирч хуралдахад хүргэжээ. “10 гаруй тэрбум төгрөгийн төсвийн ажил нууцын зэрэглэлтэй биш биз. Тийм бол өмнө нь бидэнд учрыг нь дэлгээдхээч” хэмээн С.Төмөрчулуун төлөөлөгч баалсан. Солонгосоос 2009-2010 онд оруулж ирсэн 400 автобусны нөхөн төлбөрт хот 4.4 тэрбум төгрөг зарцуулсан мэдээ “Ямар баян хот вэ” гэж шүүмжлүүлэхэд хүргэсэн. Хотын шинэ дарга нар энэ талаар төдийлөн мэдээлэлгүй байв. Харин Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Т.Наранцэцэг холбогдох яам, хотын дарга нар энэ тусгай сангийн мөнгийг захиран зарцуулах эрхийг Засгийн газраас олгосон. Одоо тэр санд 2,5 тэрбум төгрөг төвлөрсөн гэж тайлбарлалаа. Нэмэлтээр оруулж ирсэн 10 гаруй тэрбум төгрөгөөр ямар ажил амжуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад газарт компьютер, техник хэрэгсэл авна гэжээ. Ширээ сандал нь гологдсон уу эсвэл тэнд бүтцийн өөрчлөлт хийх зардал уу хэмээн төлөөлөгчид шалгааж байсан. Энэ мөнгөөр тансаглахгүй харин бидэнд нэн шаардлагатай төсөв юм хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун товчхон хэлнэ лээ.
Таван шараас Офицеруудын ордон хүртэлх замд 360 градус эргэдэг хяналтын камер суурилуулах ажилд 1,5 тэрбум төгрөг төсөвлөсөн нь мөн төлөөлөгчдийн анхаарлыг татаж байсан. Гэр хорооллыг харанхуй чигээр нь үлдээн төв замдаа хэт анхаарч байна гэж хэлэх ч хүн гарсан. Учир нь хотын захын гэр хороололд лааны гэрэлтэй хоног төөрүүлж байгаа олон айл бий. Лаатай айлуудыг цахилгаанд холбохоор 4,5 тэрбум төгрөг төсөвлөтөл тал дугуйны үлгэр шиг танагдсаар өнөөх нь 1,2 тэрбум болж буурсанд төлөөлөгчид дургүйцэж байлаа. Хүн бүр л сонгогдсон тойрогтоо ямар асуудлыг шийдэж байна гэж харахыг хүсч байгаа. Гэтэл тэрийг олоод харчих тодорхой, нарийвчилсан төсөв болж чадаагүй гэж олон төлөөлөгч саналаа хэлсэн. Зарим төлөөлөгч нийслэлд хийж байгаа ажлын талаар мэдээлэлгүй, ажлынхаа гүнд ордоггүй нь харагдсан. 10 гаруй хоногийн өмнө нийслэлд ЗАА-ны салбарыг хүн ам олонтой, шийдэх асуудал овоорсон захын хороодыг түшиглэн байгуулах шийдвэрийг НИТХ-ын Тэргүүлэгчид гаргаж байсан. Шинэ ЗАА-ны зардалд 220 сая төгрөг төсөвлөснийг зарим төлөөлөгч өнөөдөр л сонсч гайхаж байх жишээтэй. Барилгын, замын гэх мэтээр зураг төсөв шаардсан ажилд 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн нь мэдээлэлгүй төлөөлөгч нарыг дахин дахин асуухад хүргэсэн. Хэдэн хуруу зузаан зураг, төслийн ажлыг гаднаас нь харуулаад ийм ажил хийнэ гэх юм. Бид хэдхэн минутад тэр олон ажлыг учрыг ойлгох биш хэмээн хардах өнгө аястай хүн ч гарсан.
Бүхэл гэж нэрлүүлсэн төсвийн тодотголынхоо учрыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тайлбарлахдаа “Хотод цаашид хийх ажил, зарцуулах төсвийг иргэдийн аятай, таатай аж төрөх нөхцөлд зориулна гэж ойлгоорой. Өмнөх дарга нарын хийсэн ажил иргэдийн амьдралд нөлөөлдөггүй байв. Тэдний гомдоллодог асуудлыг хотын дарга нар төдийлөн шийдэж чаддаггүй байж. Улаанбаатар хотын гэр хорооллууд гэрэлгүй, тас харанхуй хэвээрээ байна. Өвөлд машины болон явган хүний зам, гудамж талбай нь мөсөн гулгуур болчихдог. Дүүргүүд нь хог, новшиндоо дарагдаад хүн аятай амьдрах ямар ч боломжгүй явсаар өнөөдөртэй золголоо. Тэрбум гаруй төгрөгөөр захын хорооллын 4800 айлын цахилгааны хүчдэлийг нэмнэ. Нийслэлийн 2012 оны төсөвт сургуулийн сурагчдыг тээвэрлэх автобусны зардал багтаагүй. Энэ удаа зөвхөн Хан-Уул дүүргийн хоёр сургуулийн сурагчдыг унаатай болгоход есөн сая төгрөг тусгасан. Хан-Уул дүүргийн хоёр сургууль төсвөө хугацаанд нь гаргаж өгснөөр асуудлаа хурдан шийдүүлж байна. Өмнө нь нийслэлээс давсан орлого гарвал тэрүүгээр иргэдийн төлөө ажил хийе гэдэг байж. Одоо бид Улаанбаатар хотын иргэдийн төлөө хийх ажилд тусгайлан эртнээс хөрөнгө төсөвлөж хийнэ. Ингэж байж Засгийн газарт шийдвэрлэх асуудлын саналаа оруулна, гадаадын зээл, тусламжийг нийслэл рүү, иргэдийг таатай амьдруулах ажилд татна. Улаанбаатар хот аливаа бүтээн байгуулалтын ажлын зураг төслийг өөрсдөө хийдэггүй. Яамдын царайг хардаг байсан. Бид бүх ажлаа өөрсдөө хийгээд ирэхээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын эрх бидэнд шилжиж ирж байна” хэмээн учирлалаа.
Энэ тодотголоор хотын тохижилтод 5,9 тэрбум төгрөг зарцуулна. Замын шороог соруулж угаадаг 12 машин худалдан авахад 200 сая, УБЗЗА компанид шаардлагатай техник хэрэгсэл, машин, механизм худалдаж авахад 800 сая төгрөг зэргээр аж ахуйн чанартай ажил руу ихэнх мөнгө урсан орж байгаа юм байна. Ийн нийслэлийн инженерийн байгууламж, сургууль, цэцэрлэгийн байр, замын зураг төсөлд зарцуулах 10 тэрбум төгрөг шүүмжлэлийн бай болсны эцэст төсөвт сууж чадлаа.
Төсвийн нэмэлт өөрчлөлтөөр НИТХ-ын төлөөлөгчид зарим санаа оруулсан. Агаарын бохирдлыг бууруулах, нөөцийн мах бэлтгэл, сургуулийн хүүхдийн унааны асуудалд төсөв нэмэх саналыг гаргаж байсан. Мөн алслагдсан суурин газарт нийтийн тээврийн шугам нээж өгөх зэрэг саналыг хэлж байсан ч төсвийн тодотголоос хоцорчээ. Тиймээс энэ мэт ажлын саналаа бичгээр хүсэлт гаргаж өгвөл шийдээд өгнө хэмээн мээр хэлж байсан. “Харгиа” цэвэрлэх байгууламжийн ажлыг сайжруулахад зориулсан 200 сая төгрөгийг нэлээн шалгааж байж төсөвт суулгалаа. Лаатай айлуудыг гэрэлтэй болгохоор 1.2 тэрбум төгрөгийн төсвийг тэд дэмжлээ. Харин “Улаанбаатар таймс” сонины өр, хогны менежментийг сайжруулах 578 сая, өмч хувьчлалын орлогын 2.5 тэрбум, Сэлбэ голын төслийн 5.5 тэрбум төгрөгийг тодотголоос хаслаа. Ирэх оны төсөвт Сэлбэ голын урсацыг сайжруулах хөрөнгийг суулгахаар хойшлууллаа. Дээрх тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит хурлаар 100 хувь дэмжлээ.