Үндэсний мэдээллийн төвд

Б.ЗАЯА

  Авилгатай тэмцэх газрын анхны дарга Б.Дангаасүрэн агсаны гэр бүлийнхэн өчигдөр олон нийтэд хандлаа. Таван жилийн өмнө Австралийн Сидней хотод ажлын айлчлалын үеэр учир битүүлгээр нас барсан эрхмийн үхлийн шалтгаан одоог хүртэл тодрохгүй байгаад гомдолтой байгаагаа дүү Б.Дансал нь мэдэгдлээ. Тухайн үед Австрали болон манай улсын талынхны гаргасан задлан шинжилгээний хариу зөрүүтэй байдгийг онцолсон юм. Австралийн талынхан уургийн дутагдлын улмаас нас барсан гэсэн бол манайхан зүрхний дутагдлын улмаас нас барсан гэж тогтоожээ. Ямар нэгэн хүчтэй бодис, хордуулагчийн улмаасуургийн дутагдал бий болдог аж. Манай улсын Гавьяат эмч Л.Жамбалжаваар ахлуулсан шинжилгээний багийнхан талийгаачийн цогцсыг Монголд ирээгүй байхад дүгнэлтээ гаргасан байдаг байна. Зүрхний дутагдлын улмаас нас барсан талийгаачийн хэд хэдэн хавирга хугарсныг задлан шинжилгээний явцад гарсан алдаа хэмээн хариулжээ. Харин талийгаачийн дүү хэрэг болсон газарт очиход хоёр нүдний алимыг авсан байсныг хэн, ямар зорилгоор хийсэн нь тодорхойгүй байдаг аж. Авилгатай тэмцэх газрын даргыг хаана, хэзээ нас барсан тухай мэдээг хамт явсан хүмүүс худал мэдээлснийг тэрээр хэллээ.  Тухайн үед талийгаачтай хамт явсан таван хүнийг шүүхэд өгсөн ч Монголын шүүх, прокурорынхон хариуцлага тооцохгүйгээр хэргийг хаажээ. Тэрээр хэлэхдээ “Ахыгаа бусдад хорлогдсон гэж хардах шалтгаан олон байгаа. Гэвч одоог хүртэл үүнийг хайхрах хэн ч алга. Энэ талаар олон арван хуульч, өмгөөлөгчтэй уулзаж зөвлөгөө авсан. Мөн мэргэн, төлөгч, зөн билэгтэй хүмүүст үзүүлэхэд тэдний дийлэнх нь бусдад хорлогдсон гэж хариулдаг. Тиймээс ардчилсан Ерөнхийлөгчид л найдах үлдлээ” гэсэн юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчид гомдол гаргажээ.