Г.НАСАНБААТАР
СБД ийн Прокурорын газрын санаачлагаар хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн боллоо. Энэ талаар СБД-ийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Төмөрчөдөрөөс тодрууллаа.
–Хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнөөр ямар асуудал хэлэлцэв?
-СБД-ийн шүүх, Прокурорын газар, Цагдаагийн 1, 2-р хэлтэсийн бие бүрэлдэхүүн оролцож, 2017 оноос шинээр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Зөрчил түүнийг шалган шийдвэрлэх хуулиудын хэрэгжилтийн талаар харилцан мэдээлэл солилцлоо. Шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хэргийг аль болох богино хугацаанд, түүний шалгах хугацааг сунгахгүйгээр шийдвэрлэж болох арга замын хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажилд хяналт тавих асуудал эрхэлсэн ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Мөнхнаран, Зөрчлийн хуулийн хэрэгжилтийн талаар, ахлах прокурор Б.Соёлсайхан нар мэдээлэл хийсэн.
–Эдгээр хуулийн хэрэгжилт хэр байгаа вэ?
-Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналыг мөрдөгчөөс гаргаж прокурорт явуулах бөгөөд прокурор 14 хоногийн дотор яллагдагчаар татах тогтоол гаргаж байгаа хугацаанд яллагдагч нар оргон зайлах зэргээр мөрдөн байцаалтад саад бэрхшээл учруулдаг. Тиймээс яллагдагчаар татах хугацааг нэн даруй буюу 72 цагийн дотор шийдвэрлэх саналтай байгаа. Энэ талаар СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтсээс санал гаргасан нь эрүүгийн хэргийг хуульд заасан анхны хугацаанд чирэгдэлгүй шийдвэрлэхэд чухал үр дүн өгнө гэж үзлээ. Мөн ял ногдуулахгүйгээр тэнсэн авсан этгээдүүд цагдаагийн байгууллагаас тавих хяналт хангалтгүйгээс дахин гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлдэг. Нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийх зэрэг зөрчил гаргуулахгүй байхад анхаарч ажиллахаар боллоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин