М.ГАН


УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 100 сая төгрөгөөс дээш хугацаатай, хугацаагүй хадгаламжийн хүүд албан татвар ногдуулахаар заасан. Энэ нь зөвхөн нэг банкинд 100 саяас дээш хадгаламжтай бол тооцох аж. Татвар төлөхгүй гэвэл мөнгөө олон банкинд тараан байршуулж болох гэнэ. Гэхдээ энэ тухай нарийвчилсан хуулийн төсөл боловсруулах гэж байгааг Сангийн сайд танилцууллаа. Өмнө нь иргэдийн хадгаламжинд баталгаа гаргасан хуулийн хугацаа дуусч байгаа бө­гөөд дээрх хууль батлагдсанаар хугацааг сунгах аж. 

Мөн ирэх онд НӨАТ болон бусад татварын хувь хэмжээг нэмэхгүй, шинэ татвар бий болгохгүй гэсэн онцлогтой төсөв болсныг Сангийн сайд Ч.Улаан онцлов. Орон нутгийн хөрөнгө оруулалтууд харилцан адилгүй байгааг гишүүн Су.Батболд шүүмжлэв. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын тойрог болох Архангайд 43 тэрбум, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын тойрог Баянхонгорт 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьчихаад өөрийнх нь тойрог Төв аймагт есөн тэрбумыг төсөвлөснийг  Су.Батболд шүүмжилсэн юм. Сангийн сайд Ч.Улаан тойргоос сонгогдоогүй учир аль нэгэн орон нутгийн эрх ашигт захирагдаагүй гэдгээ хэлэв. Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр орон нутаг, яамдаас ирсэн саналд үндэслэн хөрөнгө оруулалтын хэмжээг тавьсныг онцлов. Гишүүн Р.Гончигдорж Архангай аймгийнх ч тойргоос сонгогдоогүй. Тус аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг энэ жил хийхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хийгээгүй тасалдуулсан учир ирэх жил хөрөнгийг нь шилжүүлж нэмж тусгасан гэж Р.Гончигдорж гишүүн нутгийнхаа хөрөнгө оруулалтыг хамгаалав.