Д.БОЛОРМАА

 

М.Батсайхан: “МОН-УРАН” КОМПАНИ АНХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БУУЖ ХҮҮХДИЙН ГАЗРЫГ ЭЗЭГНЭСЭН

“Паркаа аваръя” хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордны Иргэний танхимд боллоо. Монголын залуу­чуудын холбооноос санаачилсан “Паркаа аваръя” хөдөлгөөний нэг хэсэг нь энэхүү хэлэлцүүлэг юм. Хэлэлцүүлэгт хүүхдийн паркад газар эзэмшиж буй “MCS”, “Сөүл” групп, “Мон-Уран” компанийн төлөөллүүд болон Соёл амралтын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Батнягт, Нийслэлийн газрын албаны дарга М.Батсайхан, Монголын залуучуудын холбооны тэргүүн А.Мөнхбат нар оролцлоо.

Харин газар эзэмшигч компаниудад хууль бус зөвшөөрөл олгосон гэх Улаанбаатар хотын захирагч асан, УИХ-ын гишүүн М.Энхболдод оролцох хүсэлт хүргүүлсэн ч тэр ирсэнгүй. Түүний оронд хүүхдийн эрхийн төлөө санаа зовнисон УИХ-ын гишүүн Д.Ганбат болон Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, Э.Зоригт нарын төлөөлөл ирсэн байлаа.

Хэлэлцүүлгийн эхэнд А.Мөнхбат дарга хүүх­дийн паркийн үүх түүхийн талаар ярилаа. 1966 онд Үндэсний соёл амралтын хүрээлэнг Улаан­баатар хотын хүүхэд, залуучуу­дын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор 35 га газарт байгуулжээ. Улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй бөгөөд Монго­лын хувьсгалт залуу­чуудын холбоо, Болгар, Германы мэргэжилт­нүүдийн туслам­жаар барьжээ. Гэвч 1998 онд “Мон­тана” гэх компа­ниас эхлэн хэд хэдэн аж ахуйн нэгжид  хотын удирд­лагууд газар эзэмших зөвшөөрөл олгосон гэх. Одоогоор байдлаар хүүхдийн паркад “Мон-Уран” компани нэг  га, “MCS Hotel” групп гурван га, Сөүл ресторан , “Бэгдү” констракшн тодорхой хэмжээний газар эзэмшиж байна. Анх газар эзэмших “моод”-ыг “Мон­тана” компани гаргасан бөгөөд 1998 онд 0.5 га газар эзэмшиж байсан бол хожим  4.9 га болгож өргө­жүүлж чаджээ. 2005 онд энэ хууль бус газрынхаа гурван га-г “”MCS”-д шил­жүүлсэн байна. Шил­жүүлснээс үлдсэн га газар нь хаана, хэнд очсон тухай тодорхой мэдээлэл өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр гарч ирсэнгүй.

Хуучин “Туяа” буюу одоогийн “Сөүл” ресторан  2005 онд өөрийн эзэмшил газраа иргэн Г.Өнөрболорт шилжүүлж байсан гэхчи­лэн хүүхдийн тоглоомын газрыг өөр хоорондоо хэрхэн наймаалж байсан тухай мэдээллийг албаныхан хэлж байсан. Тэр дундаа “Мон-Уран” компани анх зөвшөө­рөлгүй бууж хүүхдийн газрыг эзэгнэсэн талаар Нийслэлийн газрын албаны дарга М.Бат­сайхан онцоллоо. Түүний хэлс­нээр “Хүүхдийн газраас зөвшөөрөлгүй барилга барьсныг нь Монголын теннисний холбоо эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаж байж. Шүүх тус компанийг  албадан нүүл­гэх захирамж гаргаж бай­сан ч Б.Наранхүү захирал шүүхийн шийдвэр биелүүлэлгүй хэдэн оныг үдсэн байна. Хожим За­хир­гааны хэргийн шүүхээс “Нэг га газар нь Мон-Уран компанийнх мөн” гэсэн шийдвэр гарч, шүүхүүдийн шийдвэр өөр хоорондоо зөрсөн байна. Өдгөө ч гэсэн “Мон-Уран” компанийнхан хүүхдийн газар булаалдан шүүх­дэж яваа гэнэ. Эдгээр компаниудаас “Сөүл” рес­тораны эзэмшлийн газрыг Төрийн өмчийн хороо өгсөн бол бусдад нь Улаанбаатар хотын захирагч зөвшөөрөл олгосон байна. Төрийн өмчийн хороо зөвшөөрөл өгсөн нь “Сөүл” ресторан нь улсын өмчит байсантай холбоотой ажээ. Ингээд хэлэл­цүүлгээр өрнөсөн яриаг хөрвүүлэн хүргэе.

 

Б.Наранхүү: “МCS” ГРУПП ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙДАА  ТАВАН ОДТОЙ ЗОЧИД БУУДАЛ БАРИХ ГЭЖ БАЙГААГ МЭДЭХ ҮҮ

“Мон-Уран” компа­нийн захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү: -Бизнес эрхлэгчдийг хавчин гадуурхдаг үзэгдэл гаарчээ, энэ нийгэмд. Өнгөрсөн хугацаанд ганцхан манай компанийг хүүхдийн паркад газар эзэмшдэг мэтээр ойлгож ирсэн. Тэгвэл ганцхан манайх хамаагүй. “МCS” групп эзэмшлийн талбайдаа  таван одтой зочид буудал барих гэж байгааг мэдэх үү. Манайх бол ямар нэгэн барилга бариагүй. Зөвхөн компанийн оффис л бий. Өнөөдөр хүүхэд бүр энэ  паркад тоглож чадахгүй байгаа. Яагаад гэвэл үнэ нь тэнгэрт хадсан. Тэд мөхөөлдөс идээд гарахаас биш шавиагаа ханатал тоглож чаддаггүй. Харин бидэнд боломж олговол манай компани 10 жилийн туршид үнэгүй тоглуулах боломжтой. Үүнийг маань дэмжиж ажиллаасай гэж хүсэх байна. Хүүхдэд хөрөнгө оруулья гэж бодож байгаа бол энэ саналыг дэмжээрэй.

-Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр:

-Танайх хэдэн га газар эзэмшдэг юм?

-Б.Наранхүү: Нэг га газар.

-Л.Эрхэмбаяр: Тэр га газраа хүүхдийн төлөө буцаагаад өгч чадах уу?

-Б.Наранхүү:-Энд хэн нэгнийг шахах биш бүх зүйл шударга байвал захи­рагдана. Шударга гэсэн нэрээр ганцхан манай компанийн газрыг авна гэвэл хүлээн зөв­шөөрөх­гүй гэв. “Паркаа аваръя” хөдөлгөөнийг дэм­­­­­жигч нэгэн иргэн УИХ-ын гишүүн Б.На­ран­­хүүгээс  “Танай эзэм­шиж байгаа газрыг хууль бус болохыг шүүхээс баталчихсан. Гэ­тэл яагаад нүүхгүй байгаа юм бэ. Өөрт чинь шүүхийн шийдвэр нөлөөлдөггүй юм уу” гэхэд “Манай газар огт зөвшөөрөлгүй юм биш.  Захиргааны хэргийн шүү­хээс “Мон-Уран” ком­панийн эзэмшлийнх мөн гэсэн захирамж гарсан. Харин та нар шүүхийн шийдвэрийг буруу ойлгож  байна” гэв. Түүний 10 жил үнэгүй тоглуулна гэсэн саналыг Монголын сураг­чийн холбооны гишүүд “Энэ санал хэрэгжиж чаддаг бол дэмжье. Гэхдээ үлгэр болох юм биш үү” гэсэн бол хөдөл­гөөнийг дэмжигч, “Facebook”-ийн гишүүн “Та хэдэн хүүхэд­тэй вэ. Таны эзэмшиж байгаа газар хэнийх гэж бодож байна” гэхэд “Би гур­ван хүүхэдтэй” гэсэн товч хариулт өгсөн юм.

 

Д.Батнягт: ДОЛООН ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН. УЛСААС НЭГ Ч ТӨГРӨГ АВААГҮЙ

Үүний дараа Үндэсний соёл амралтын хүрээ­лэнгийн гүйцэт­гэх захирал Б.Батнягт мэдээлэл хийсэн. Тэрээр “Хүүхдийг үнэгүй тоглуу­лах тухай ярьж байна. Амьдралд хэрэгждэг бол сайхан санал байна. Бүх юм үнэтэй байгаа энэ үед төлбөргүй байх боломжгүй. Хэрэв үнэгүй болгоё гэвэл ажилч­­даа яаж цалин­жуулах юм бэ. Тэгээд ч манай хүрээлэн одоогийн байдлаар долоон тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байна. Улсын төсвөөс нэг ч төгрөг авалгүй шүү” гэсэн товч мэдээлэл өгсөн. Үүний дараа “MCS hotel” группын салбарын гүйцэтгэх захирал н.Даваа-Очир “Манайх албан зөвшөөрлийг нь аваад үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар олон улсын элч, төлөөлөгчийг хүлээн авч үйлчлэх таван одтой зочид буудал ба­рихаар төлөвлөөд 300 сая ам.долларыг зарцуулсан” гэв. Түүний мэдээллийн дагуу хэлэлцүүлэгт оролцогчид “Зочид буудал барих ёсгүй” гэхчилэн хатуу шүүмжлэлийг өр­нүүлж байсан юм. Шүүмж­лэлийн ха­жуугаар “Мон-Уран” ком­панийн өмгөөлөгч Б.Билэгсайхан өөрийн аж ахуйд огт хамаагүй зүй­лийн талаар ярив. Тэрээр “Олон нийт манай компанийг хууль бусаар газар эзэмшдэг мэт ойлгодог. Тэгвэл ганцхан манайх биш юм. Тухайлбал, “Бодь” групп нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 74 хувийг эзэмшиж байна. Хүрээлэн нь эзэмшил газрынхаа ердөө 26 хувийг нь л эзэмшдэг. Тэгээд ч энэ хүрээлэнгийн гүйцэт­гэх захирал Б.Батнягт нь өөрөө компанитай нөхөр шүү дээ” гэхчилэн бие биенийхээ талаарх үгүйсгэсэн мэдээлэл өгсөн. Үүнийх нь хариуд Б.Батнягт захирал “Би түрүүнд танай компанийн талаар огт яриагүй шүү. Шүүхийн шатанд мар­гаантай байгаа асуудал гээд орхисон. Гэтэл өөрсдийгөө цагаан тагтаа мэтээр ойлгуулах гэж хор хутгаж байгаа чинь таалагдахгүй байна. Танай компани хууль бусаар газар эзэмшиж байгаа чинь үнэн биз дээ” хэмээлээ. Харин “Сөүл” рестораны зөвлөх н.Энх­төр  “Рестораны газар эзэмших зөвшөөрлийг Төрийн өмчийн хорооноос олгосон. Хууль бус биш гэдгийг тодруулж хэлье. Төрийн өндөр, дээд хэм­жээний хүлээн авалтыг зохион байгуулж Мон­голын үйлчилгээний салбарын өнгө төрхийг тодорхойлж байгаа. Ма­найх нийгэмд хүлээсэн үүргээ ухамсарлаж олон улсын шаардлагад ханга­сан тоноглолтой тен­нис­ний талбайг иж бүрнээр Үндэсний соёл амралтын хүрээлэнд өгсөн” гэв. Эцэст нь хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн са­нал дүгнэлтээ хэлсэн юм.

 

Х.Баавгай: ХҮҮХЭД, ЗАЛУУС ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРӨӨХ ГАЗАР ХЭРЭГТЭЙ

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр “Хүүхдийн газрыг олон жилээр булаацалдаж ирсэн энэ компаниудыг АТГ-ынхан шалгаач. Хэний зөвшөөрлөөр өдийг хүртэл ажиллаж байгаа нь сонин байна. Үүний цаана авлига, албан тушаалын хэрэг байж мэднэ. Ялангуяа, “Мон-Уран”, “Бодь” групп зэрэг хуу­лиас дээгүүр компаниудыг шалгах ёстой. Хэрэв энэ компаниуд газраа өгөхгүй гээд байх юм бол эзэмшиж байгаа газрыг нь өндөр үнээр өөрт нь зарж болох юм.

Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт:-Хүүх­дийн паркаа яаж аврах вэ гэж ярьж байгаагаас биш газар эзэмшигчдийн зовлонг сонсох гээгүй. Хэдэн компанийн эрх ашгаас илүү олон мянган хүүхдийн эрх чухал байна.

Иргэн Х.Баавгай:-Мон­голд 370 мянган хүүхэд бий. Үүнээс ердөө 42 мянгад нь хүүхдийн парк үйлчилж байгаа гэх юм билээ. Тэгэхээр хүчин чадлыг нь сайжруулахаас эхлээд хийх ажил их бай­на. Зөвхөн хүүхэд гэлтгүй залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар байх хэрэгтэй.

Иргэн Д.Бавуудорж:-”Мон-Уран” компани газар эзэмшихээс өмнө тус талбайд улсын төсвөөс нэг тэрбум төгрөг гаргаж но­гоон байгууламж хийсэн байсан. Харамсал­тай нь, их хэмжээний мөнгө, хүч гаргаж хийсэн бүтээн байгуулалтыг устгасан. Үүнд нь ямар ч хариуцлага ногдуулаагүй. Төр хүүхдүүдийн эрх ашгийн төлөө яваа юм бол энэ хувийн компаниудыг зайлуулах ёстой” гэсэн юм.